Ноёны бөх унаж болохгүй, дахин барилдуул!

148877356558bce1bd74436Монголын стратегийн ач xолбогдолтой томооxон төслүүдийг “залгигч” Ноён Ши Гаунг Руан гэгчийн талаар өмнө нь мэдээлсэн билээ.Чөлөөт зах зээлийн гэхээсээ мөнгө, нөлөөлөл ноёрхсон “эдийн засаг”-ийн дүр зураг илүүтэй харагдаж буй өнөөгийн Монгол Улсад дур зоргоороо авирлаж, хүссэнээ савартаа атгаж чадаж буй  хүн бол Ши Гаунг Руан гэдгийг дахиад хэлье. “Чадаж байгаа юманд арга байхгүй” гэх хандлага бий. Гэхдээ  өмнөх нийтлэлд өгүүлж байсанчлан, стратегийн чанартай томоохон төсөл хөтөлбөрүүдийнхээ санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэхдээ зөвхөн зоосны нүхээр харалгүй, төрийн хар хайрцагны бодлогоо барьж ажиллах нь Монгол төрд ажиллаж буй хүмүүсийн хувьд ҮҮРЭГ юм.

Тиймээс ч уг асуудлыг бид цувралаар хүргэж байна.

Ардчиллын ширүүн  салхи төрийн тогтолцоог өөрчилж, нийгэм тэр аяараа өөрчлөлтөд хөл тавьж асан тэр цаг үед Ши Гаунг Руан Монголыг зорин ирсэн байдаг.

Тэрбээр 26 жилийг Монгол Улсад өнгөрөөхдөө бизнесээ чинээнд нь тултал цэцэглүүлсэн бөгөөд уул уурхай, банк санхүү, эрчим хүч  гэхчлэн мөнгөний урсгалыг амдсан бүхий л томоохон салбаруудад том орон зайтай тоглогч болж өдийг хүрсэн байгаа юм. Монголын эдийн засгийг сүүлийн жилүүдэд үүрч дүүрч ирсэн уул уурхайн салбарт гэхэд өөрийн хэлснээр нь 19 уурхайд эзэн суусан тэрбээр цаагуураа хэд хэчнээнийг ч өөр компанийн нэрээр эзэмшиж болзошгүй байгаа юм.

Гол нь ноён Ши Гаунг Руаны шунал хүсэлд хязгаар үгүй аж. Муугаар хэлбэл тэрбээр Монголчуудын өтгөн шингэнийг буюу бохирыг ч зүгээр орхилгүй, өөртөө хамаатуулж, түүгээрээ мөнгө хийхээр улайрч байгаа юм байна. Тэрбээр Жиансу мужийн компанитай  хамтран  Монголын бохир ус цэвэрлэх байгууламжийн төсөл дээр ажиллаж буйгаа Синхуа агентлагт өгсөн ярилцлагадаа хэлсэн байсныг бид өмнө нь мэдээлсэн. Тэрчлэн  бохир ус цэвэрлэх төсөл гэдэг нь Улаанбаатар хотын Шинэ төв цэвэрлэх байгууламжийн  төслийг хэлээд байна уу гэдэг асуудлыг бид цухас хөндсөн.

Тэгвэл энэ удаа уг мэдээллийг лавшруулан хүргэж байна.

“Улаанбаатар хотод цэвэрлэх байгууламж барих төсөл”-ийн концесс олгох уралдаант шалгаруулалтын урилга анх 2015 оны 12 сарын 08 –ны өдөр зарлагдаж байсныг уншигч та “Өдрийн сонин”-д хэвлэгдсэн байдлаар эндээс харж байна.

За харин ноён Ши Гаунг Руан том төслүүдийг гартаа оруулж сурсан, дадсан арга барилаараа энэ төсөлд ч хандсан бололтой.

Уг нь Улаанбаатар хотод шинэ  цэвэрлэх байгууламж барих асуудлаар Францын мэргэжлийн компани техник эдийн засгийн үндэслэл, тооцоог нь хийж, бохир ус боловсруулах технологийн аргыг нь боловсруулж өгчээ. Үүнийн дагуу концесс олгох уралдаант шалгаруулалтад 10 гаруй  компани өрсөлдсөний дотор Монголын үндэсний бүтээн байгуулагч компани хүртэл өндөр технологи ашиглах саналыг хүргүүлсэн байгаа юм.

Сонгон шалгаруулалт сунжирч 6  сар орчим хугацаанд үргэлжилжээ.

Уг нь тэгээд сонгон шалгаруулалтын дүн гарахад нөгөө л ГАНЦ хөрөнгө оруулагч болох Ши Гаунг Руан гэгч ялагдсан байжээ. Бүр тодруулбал, тавигдах нөхцөл шаардлагуудыг ноён Ши Гаунг Руаны түншлэл компани хангаж дийлэхээргүй байсан байгаа юм. Гэвч нэг л мэдсэн бүх юм өөрөөр эргэжээ. Монгол дахь бүхий л төслүүдийг гартаа оруулаад сурчихсан Ши Гаунг Руан ноёнтон Монголчуудын өтгөн шингэнээр мөнгө хийх төслийг гараасаа алдвал алдас болно гэж зүтгэжээ.

Ямартаа л өмнөх сонгон шалгаруулалтыг шударгаар явуулсан Ажлын хэсэг нэг л өдөр татан буугдаж, сонгон шалгаруулах шинэ агентлаг ч байгуулагджээ. Ёстой л нөгөө  “ноёны бөх унаж болохгүй дахиул” гэдэг шиг юм болж, сонгон шалгаруулалт дахин явагдахаар болж, ноён Ши Гаунг Руан ч компанийнхаа нэрийг дахин оруулжээ.

Тэгэхээр эндээс харахад Ши Гаунг Руан ноёнтон үнэхээр том эрх мэдэлтэй юм. Хууль ёсны дагуу гарсан шийдвэрийг юу ч биш болгох нөлөөлөл түүнд байна. Албан ёсоор гарсан шийдвэрийг хагас жил орчим гацааж байгаад, дахин сонгон шалгаруулалт явуулах хэмжээний эрх мэдэл, нөлөөлөл түүнд л байна.

Ши Гаунг Руан гэгч энэ этгээдийн Монгол Улсад үүсгэн байгуулсан Жин Хуа Групп “Улаанбаатар хотод цэвэрлэх байгууламж барих төсөл”-ийг гартаа оруулахын тулд увайгүй арга зам хэрэглэж байх хооронд нь Улаанбаатарчууд өмхий үнэртээ утагдаж, уушгиа бохирдуулсаар өдийг хүрч байна.

Эхэнд хэлсэнчлэн, зоосны нүхээр харах ёсгүй олон зүйл энэ Монгол Улсад бий. Тэдгээрийн эхэнд Монголчуудын эрүүл мэнд бичигдэх ёстой. Тэгвэл төв цэвэрлэх байгууламжийн хүчин чадал нийслэлчүүдийн өтгөн шингэнийг, бохирыг дийлэхээ болиод удаж буй. Улмаар Улаанбаатарчууд өмхий үнэрээс болж, эрүүл мэндийн хувьд хэчнээн их хор хохирол үзэж буйг мөнгөөр тооцохын аргагүй.

Тиймээс ч энэ төсөл, сонгон шалгаруулалт шударга явагдаж, нийслэлчүүдийг бохироос нь, өмхий үнэрээс нь даруйхан салгаж чадах компанид боломж олгох ёстой. Түүнчлэн татвар төлөгч, нийслэлчүүд бидний сар бүр төлдөг бохир усны төлбөр ч зөв зүйлд зарцуулагдан, эргээд байгаль орчиндоо ээлтэй ажлууд хийгдэх ёстой.

Гэвч  нөгөө л ГАНЦ хөрөнгө оруулагч болох Ши Гаунг Руан гэгч этгээд өнгөрсөн 26 жилд Монголын бүхий л томоохон төсөл хөтөлбөрүүдийг гартаа оруулсан түүхээ энэ удаад ч  давтах гэж байна. Шийдвэр гаргадаг, мэргэн ухаантай эрхмүүд ядаж энэ төв цэвэрлэх байгууламжийнхаа асуудлыг эрх мэдэл, мөнгө, нөлөөллөөс ангид байдлаар шийдэх нь нүдээ олсон хэрэг болмоор юм.

http://www.caaknews.mn/n/c7c47954


URL:

Сэтгэгдэл бичих