“Цагаан тахалтай” тэмцэхийн тулд эргэлт үүсгээд буй үндэс суурийг нь “ухаж” хаях хэрэгтэй
Сүүлийн жилүүдэд хууль хяналтынхан төдийгүй эцэг эхчүүдийн сэтгэлийг хамгийн ихээр зовоож буй “толгойны өвчин” бол хар тамхи юм. Тэр дундаа өсвөр насны залуучуудын дунд энэ зүйлийн хэрэглээ ихэд гарч байгаад олны санаа зовж буй юм. Хамгийн сүүлийн жишээ дурдахад л олны танил эрхмүүдийн хүүхдүүд хар тамхи хэрэглэж байгаад нэг нь харамсалтайгаар амиа алдсан тохиолдол гарсан. Нийгмийг сэртхийлгэсэн уг мэдээлэл нэг хэсэгтээ “өндөрөө” авч байгаад сүүлдээ замхарч одов. Манайхан л болсон хойно тухайн үед нь сонин хэвлэл, гадуур дотуургүй шуурч байгаад тэр дороо мартаж орхисон билээ.
Тэгвэл хамгийн сүүлийн үеийн байдлаар бидэнд ирсэн мэдээллээр хар тамхитай холбоотой гэмт хэрэг болон хэрэглэсэн, зарсан гэх үйлдлүүд хэрээс хэтэрч эхлэв. Сүүлийн 10 жилд мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах, улсын хил нэвтрүүлсэн хэрэг 388 удаа бүртгэгдэж 1112 хүн шалгагджээ. Дээрх бодисыг хилээр нэвтрүүлэх арга, хэлбэр улам нарийсч, олон улсын шуудан илгээмж, цахилгаан бараа, ахуйн болон хүнсний өргөн хэрэглээний бүтээгдэхүүнд нуух, бусдад дайх хэлбэрээр илгээх, товлосон газарт нууж үлдээх, төлбөр хийхдээ бусдын дансыг ашиглах болсон байна. 2014-2015, 2016 оны эхний 10 сарын байдлаар эрүүгийн 131 хэргийг шүүх хэлэлцэн шийдвэрлэж, 189 хүнийг гэм буруутайд тооцон, баривчлах, хорих ялаар шийтгэжээ. Эдгээр тоо баримт, гэмт хэргүүд бол манай улсад хар тамхи хэмээх цагаан тахалтай холбоотой асуудал хяналтаас гарч буйгийн илрэл юм. Үүний цаана баригдахгүй, мэдэгдэхгүй хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хэргүүд маш олон байгаа юм.
Дан ганц хар тамхи гэлтгүйгээр сэтгэцэд нөлөөлөх мансууруулах бодисын хэрэглээ өсвөр насны хүүхдүүдийн дунд аюулын харанга дэлдэж эхэлсэн нь үнэн. Насны ангиллаар авч үзвэл, 19-25 насны залуучууд зонхилох хувийг эзэлж байгаа бол 0-18 насны насанд хүрээгүй хүүхдийн тоо 2 дахин, 19-25 насны холбогдогч 24.2 хувиар, 26-35 насны холбогдогч 38 хувиар, 35 насны холбогдогч 3.6 дахин өсчээ. Харин гэмт хэрэгт холбогдогчдын 40.9 хувь нь эрхэлсэн ажилгүй иргэд багтдаг байна. Гэхдээ эдгээр иргэд нь ажилгүй, амьжиргааны түвшин доогуур иргэд биш. Хувийн бизнестэй, эсвэл эцэг эхийн эд хөрөнгөөр хар тамхи худалдан авдаг этгээдүүд байгаа нь судалгаагаар нотлогджээ. Тэд найз нөхдийн харилцаа холбоогоор олж авдаг. Гэхдээ эдийн засаг, эрүүл мэндэд нөлөөлөх үр дүнг нь огт мэддэггүй байна.
Тэгвэл эдгээртэй тэмцэхээр Засгийн газраас ямартай ч мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг баталлаа. Хөтөлбөр хэрхэн үр ашигаа өгөхөөс шалтгаалж ирээдүй хойч үе маань аюулын ангалаас аврагдах учиртай. Учир мэдэх хүмүүсийн ярьж буйгаар Монгол Улс хар тамхи, мансууруулах бодисын идэвхтэй хэрэглэгч болсон бөгөөд үүнтэй холбоотой бүлэглийнхэн ил, далдаар нийгмийн сэтгэл санааг эргүүлж байна.
Бүлэглэлийнхэн гадны оронд “ноёрхолоо” тогтоож байсан зарим жишээг дурдвал. Тэд хамгийн түрүүнд тухайн улсын нэр хүндтэй урлаг соёлын оддоор дамжуулж мансууруулах бодис гэгчийг олон нийтэд “танилцуулдаг”. Үүнийг нь харсан залуус гоё сайхан хэмээн эндүүрч дахиж хэзээч эргэж гарахгүй ангал руу уруу татагддаг ажээ. Мөн мөнгөтэй, нэр нөлөөтэй болон улстөрчдийн хүүхдүүдийн сургууль болон хүрээлэл дунд хар тамхиа сурталчилж, тэдгээр хүүхдүүдийг өөртөө татсанаар өөрийн гэсэн хүрээллийг бий болгодог аж. Улмаар тэд улс төрийнхөн болон нэр нөлөөтэй эрхмүүдийн “хамгаалалт” дор орох бодлогыг барьдаг байна.Энэ мэтээр гэмт этгээдүүдийн арга улам бүр нарийсч байгаа байжээ.
Тэгвэл энэ байдал манай улсад аль хэдийнээ ороод ирсэн бөгөөд нөхцөл байдал туйлын хүнд байна. Тиймээс мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлтийг үндэс сууриар нь таслан хаях хэрэгтэй болоод байна. Нэгэнт хяналтаас алдсан тохиолдолд араас нь мянга удаа “хашгираад” ч нэмэргүй билээ.
Хар тамхинаас болж эрүүл мэнд, амь нас, эрх чөлөөгөөрөө хохирсон жишээ баримтаас дурдвал
Жүжигчин Б.Баатархүүгийн хүү амиа алдлаа
Хамгийн сүүлийн үеийн жишээ дурьдахад, өнгөрсөн нэгдүгээр сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн нутагт дэвсгэрт байрлах “Рояал Кэтстл” хотхоны дугаар байрны 12 давхраас нэгэн иргэн унаж нас барсан билээ. Албаны эх сурвалжийн мэдээллээр, 20 орчим насны нийт 12 залуу архидан согтуурсан байна. Тухайн өдрийн үүрийн 5-6 цагийн орчмын үед залуус унтаж байх хойгуур Х нь 12 давхраас унаж амиа алдсан байдаг. Талийгаач хошин урлагийн жүжигчин Б.Баатархүүгийн ууган хүү бөгөөд тэрбээр найзуудтайгаа наргиж цэнгэж, мансууруулах төрлийн бодис хэрэглэж улмаар биеэ удирдах чадваргүй болсон үедээ унаж амиа алдсан болохыг шүүхийн шинжээчид тогтоосон юм.
Баян айлын хүүхдүүдэд хар тамхи худалдаалдаг ангуучдыг шалгаж байна
Манай Монголын баячуудын хүүхдүүдийг буруу аргаар хар тамхинд оруулдаг сүлжээг хуулийн байгууллагаас шалгаж эхэлсэн гэдгийг дуулгав. Гэхдээ энэ он гарснаар гэнэтхэн илрүүлчихсэн юм биш юм байна. Одоогоос хоёр жилийн өмнөөс эхлэн УМБГ болон Эрүүгийн цагдаагийн газраас ийм сүлжээг илрүүлэн тандалт хийж, нууцаар шалгаж сүлжээний гол сэжүүрээс атгаж авсан гэдгийг эх сурвалж хэлж байгаа юм. Тухайлбал, баячуудын хүүхдүүдийг “ангуучилж” байнгын хэрэглэгч болгодог гэмт хэрэгтнүүд сүлжээ байгуулаад хэдэн жилийн нүүр үзжээ. Тэд ганцхан Монголд биш хилийн чанадад гарч ажлаа явуулдаг, сүлжээний том толгойлогч нь урд хөршөөс ажлаа удардаж гишүүдээ ажиллуулдаг байсан ч гэх юм билээ. Баян айлын хүүхдүүдийг хар тамхинд оруулж донтуулах арга нь бүр нарийн. БНХАУ-аас мөсийг их хэмжээгээр оруулж ирээд баячуудын хүүхдүүдэд өндөр үнээр шахаж зардаг байж. Ангуучдын өгөөш болж гэмт хэрэгт сэжиглэгдэн шалгагдаг бол харин ангуучид нь хэрэгт шалгагдахгүй ард нь үлдээд ял завшаад үлдэж, нууцаар хууль бусаар ийм төрлийн гэмт хэргийн хүрээгээ тэлж, олон хүнийг гэмт хэрэгтэн, хохирогч золиос болгож байгаад гол учир шалтгаан байгаа юм.
Эмэгтэйчүүд хар тамхины хэргийн сүлжээнд оржээ
Эрчүүд хар тамхины бизнес эрхэлж, хэрэглэдэг гэсэн ойлголт байдаг бол сүүлийн үед насанд хүрээгүй шахам охидууд ийм төрлийн гэмт хэрэгт уруу татагдах нь элбэг болжээ. Өнгөрсөн онд гэхэд насанд хүрээгүй хоёр охиныг хар тамхины хэргээр саатуулж, нэгийг нь батлан даалтад гаргаж, нөгөөг нь эрүүл мэндийн шалтгаанаар үргэжлүүлэн хорьсон хэвээрээ байгаа юм. Тэдний хувьд хэрэглэгч биш харин сүлжээний гишүүд бөгөөд бусдад хар тамхи худалдаалах, сурталчилах, зарах зэрэг үүргийг гүйцэтгэдэг байсан талаараа мэдүүлжээ. Энэ мэтчилэн эмэгтэйчүүд хар тамхины хэрэгт холбоотой байдаг бөгөөд шалгагдаж байгаа 60 гаруй хүний дунд хэд хэдэн эмэгтэй бий гэдгийг ч онцолж хэлж байв. Түүнчлэн хар тамхины хэргээр он удаан жил шалгагдаж байгаа Э.Уянга зэрэг хэдэн хэдэн хүний хэрэг өнөөдрийг хүртэл шүүхээр шийдэгдээгүй байна. Хамгийн сүүлд гэхэд мансуурсан 12 залуугийн дунд нэг эмэгтэй ч хар тамхи хэрэглэж мансуурсан байдалтай унтаж байсан гэдгийг цагдаагийн алба хаагчид мэдээлж байсан удаатай.
“Ландага” хочит Ё.Батцэнгэл нарыг саатуулсан
Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх хэлтсийн ажилтнуудад мансууруулах бодис хэрэглэсэн болон худалдаж байсан хүмүүсийн тухай мэдээллийг шалгаж, хэд хэдэн хүнийг өнгөрсөн онд саатуулсан билээ. Тэдний дунд эрүүгийн ертөнцөд “Ландага” гэдэг хочоороо алдаршсан Ё.Батцэнгэл “мөс” хэмээх хар тамхины төрлийн, БНХАУ-аас оруулж ирдэг бодис хэрэглэж байгаад үйлдэл дээрээ баригдсан юм. Түүнийг тэр даруйд нь ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан шалгасан хэвээрээ байна. Түүний хамсаатан гэх хэд хэдэн хүнийг шалгаж байгаа бөгөөд нэг нь “Шош” хочит Б.Ариунгэрэл нарын хүмүүс байгаа гэнэ. Тэрбээр өмнө нь Центрпойнт”-ын гэх дуулиант хэрэгт холбогдож, бусдыг далайлган сүрдүүлсэн хэргээр ял шийтгүүлж шоронд орж байсан нэгэн юм.
Олны танил гурван эрхэм хоригдож байна
Хамгийн сүүлийн үеийн мэдээлэлээр бол олны танил гурван эрхэмийг хар тамхины хэргээр саатуулан шалгаж байгаа гэсэн мэдээлэл байгаа юм. Одоогоор хэн бэ гэдгийг нь хэлэх боломжгүй гэв. Тэгвэл олны танил баячуудын хүүхдүүд хар тамхины хэрэгт холбогдон шалгуулж байна гэсэн мэдээлэл ч өнгөрсөн оны сүүлчээр гарсан юм.
Г.Ган
http://www.zaluu.com/read/h4791b8c
URL: