МОНГОЛ ГОО ҮЗЭСГЭЛЭН /эсээ/
Ийм нэгэн эсээ бичсэн билээ. Уянгын эсээ гэж үүнийг хэлнэ.
Гэргий О.Баянжаргалдаа
зориулав.
Та урьд нь бодож байсан уу? Бидний танин мэдсэн хязгаарт үг бол гоо сайхан. Харин үгийн сайхнаар хүний гоо үзэсгэлэнг зураглах бол зүгээр л гайхамшиг. Тэр л гайхамшиг дотор эртний монголын туульсийн ер бусын гоо үзэсгэлэн”туурга нэвт туяарч, гэр нэвт гэрэлтэж “ байдаг юм. Алдарт Жангарын Агай Шавдал хатан “урагшаа харахад нь урд голын хүмүүс үүр цайлаа гэж үнсээ асгадаг, хойшоо харахад нь хойд голын хүмүүс үүр цайлаа гэж үнсээ асгадаг” нар сарнаас дутахгүй өнгө
гэрэлтэй шүү дээ. Тийм нүд гялбам гоо үзэсгэлэнг зөвхөн Монгол туульс доторх МОНГОЛ ГОО ҮЗЭСГЭЛЭН биш гэж хэн маргах юм. Өөр хаанаас ч, хаанахын хэнээс ч хайгаад олохгүй үгсээр өвгөд дээдэс минь монгол гоо үзэсгэлэнгээ магтжээ. Тунаран туяарсан гоо сайхны ГЭРЭЛ манай сонгодог яруу найрагч Б.Явуухулангийн “голоос хайртай амраг минь
шөнөдөө гэрэлтэм царайлаг” гэж бичих хүртэл үргэлжилсэн ч байж мэднэ. Эсвэл яруу найрагч Жамцын Бадраагийн “ бадрах гэрлээр гоолиг чи минь наддаа,
баяр цэнгэл бүхнийг авчрхах гайхмаараа” гэж дуу алдах хүртэл үргэлжилсээр буйд би итгэнэ. Саяхан санамсаргүй “намрын мойл шиг нүдийг чинь” гэдэг үгтэй дуу сонслоо. Дахиж хав хархан нүдийг түүнээс өөр юутай ч зүйрлэмээргүй санагдаж билээ. Энд л яруу сонсголонт эх хэлээрээ ялдам гоо сайхныг бүтээсээр, цаашдаа ч
бүтээсээр байхын ЗӨН төрнө. Тэр л зөнгөөр их Дашдоржийн Нацагдорж минь “Морьтой болоод завтайсан бол” хэмээн догдолж, тэр л зөнгөөр Дашзэвэгийн Сэнгээ “ зөөлөн цагаан гарыг тань барихын тулд зөнч сайхан нүдийг тань харахын тулд ” хэмээн шаналж, тэр л зөнгөөр агуу Очирбатын Дашбалбар “ манантай энэ орчлонгийн магнай дээр нь
амьдарна, мартахын аргагүй Анимаагаа хайрлаж яваад дуусна” хэмээн омогшсон биз. Магадгүй л тэр зөн Сэнгийн Эрдэний “Хайрын нарсан төгөлд” арван зургаан настай улаахан хацарт болж, Пэрэнлэйн Лувсанцэрэнгийн “Улаан малгайт”, Дарма Батбаярын “Гашууны хэдэн тагтаа” мөрөөдөл дүүрэн эгчийн хамт бидний ой той, оюун ухаанд мөнхөрсөн “МОНГОЛ ГОО ҮЗЭСГЭЛЭНГҮҮД” шүү дээ.
Өмнө нь та сонсож байсан уу? Ихээ эрт Хүннүгийн цагт зохиогдсон шүлэгт “ягаан уулаа алдаад эмс охид энгэсэг гоогүй боллоо” гэх хайр шингэсэн харуусал бий. Жинхэнэ нүүдэлчин эрийн харуусал. Цаана нь охид эмсээ өрөвдсөн сэтгэл шингээстэй байгаа юм. Аймгалжин эмгэн шиг цэцэн мэргэн ухаантай Монгол эмэгтэйчүүд Нууц Товчооны хуудас
бүрд дүрээ мөнхөлжээ. Өүлэн эхийн хаан хөвгүүд хэрэв өөр эхтэй байсан бол тэнгэрийн зэрэгт хүрэх байсан эсэхэд эргэлзэнэ. Сочигэл эх шиг сайдын зэрэгт хүрсэн хүүдээ саар яваагаа харуулахгүй гэж балар ой руу зугатах тийм агуу сэтгэлийг юутай зүйрлэх билээ. Бөртө хатан ухаанаасаа ургасан шүр сувд шиг үгсийг хаанд хэлж, залуургүй явах
замыг нь засаж байлаа. Дэлхийг захирсан дээлтэй хүний хэзээ
мартахааргүй үнэн үгийг хэлсэн Есүй хатны хожмын явдлыг тунгаах
саруул бодлыг хосгүй гэхээс өөр яах билээ. Тийм мэргэн цэцэн ухаан
дээрээс нь гоо үзэсгэлэн ямар төгс зохицол вэ? Эрт цагийн монгол
эмэгтэйчүүдийн хамгийн дуртай зохиол болох гайхамшигт
“Нарангэрэл”-ийн туужид эр нөхрийгөө хол явсан хойгуур дэв хорлолд
автсан хадам эхдээ гуяныхаа махнаас огтлон шарж өгдөг монгол
эмэгтэй дээд энэрэхүй юм. Энэ энэрэхүй сэтгэл зохиолч С. Дашдооровын “Өндөр ээж”-ийн Догоо болж монгол үгийн ертөнцөд амилсан юм. Агай хатан хайрынхаа төлөө амиа өргөхөөс айсангүй. Чин хайрынхаа төлөө
“Уур хилэнгийн шүлэг” бичиж, харанхуй муйхар цаг үетэйгээ тэрсэлджээ. Ийм эр зориг МОНГОЛ ГОО ҮЗЭСГЭЛЭНГИЙН хамгийн тод чимэг. Гоо үзэсгэлэнг нүд ам нүүр царайгаар бус эр зориг, ухаанаар чимдэг нь МОНГОЛ үнэн. Мандухай сэцэн ”Тангарагийн шүлэг” зохиож,”алаг морины зүсэн үзэгдэхгүй газар нутагладаг билээ” хэмээн өчлөө өргөөд л нэгэн биений цэнгэл жаргалыг огоорч, улсын хэрэгт зүтгэсэн нь жинхэнэ төгс Монгол гоо үзэсгэлэн. Агуу их Бямбын Ринчен
тэр л гоо үзэсгэлэнгийн тухай “Ану хатан” даа хүүрнэсэн, эцсийн мөч хүртлээ тэр эр нөхөр, эзэнт төрөөсөө урвасангүй. Тийм чигч шударга чанар МОНГОЛ ГОО ҮЗЭСГЭЛЭНГИЙН бүр тод чимэг. Тэд Цэндийн Дамдинсүрэнгийн “Гологдсон хүүхэн” мэт уруудаж өгсөж амьдарсан ч Дашдоржийн Нацагдоржийн “Цагаан сар ба хар нулимс” үгүүллэг шиг цагаан сараар хар нулимсаа асгаруулсан ч Сономын Удвалын “Одгэрэл” шиг зовсон ч өнөөх чиг шулуун зангаа хадгалдаг нь монгол гоо үзэсгэлэнгийн мөн чанар юм.
Одоо та санаж байна уу? Ноён хутагтын “цогт багахан чамайгаа
цочмог цочмог санах нь цоожны өргөс адил” гэсэн шүлгийн хэсгийг.
Үнэхээр цоожны өргөс адил цочмог цочмог санагдах монгол гоо үзэсгэлэнг нэгэн цагт сонгодог яруу найрагч Гулранс “өнгө чинү гурван хаврын тоорын цэцэг мэт” хэмээн бахадсан нь учиртай. Үнэн сэтгэлийн дуулал гэдэг тэр. Нөгөө талдаа гоо үзэсгэлэнг бахдан бишрэхийн шалтгаан тэр. Яруу найрагч Шаравын Сүрэнжав “хааяа хааяа чамайг санадгаа нуухгүй халхын хүүхнүүдийн манлай явсныг чинь мартахгүй”
гэж үнэн сэтгэлээ илчилжээ. Арван хэдхэн насандаа Нямбуугийн
Нямдорж шиг ” энгүй сайхан түүнд зуун зүрх тэмүүлж, эцэс хойно нь
ерэн ес нь шархалдаг” гэж танин мэдсэн ч МОНГОЛ ГОО
ҮЗЭСГЭЛЭНГИЙН дэндүү САЙХАНД нь автаж, дурлан тэмүүлэхэд ямар ч
Монгол эр хүнийг хүргэнэ. Тэгээд л Агай шиг, Өэлүн эх шиг, сэцэн
Мандухай шиг, Ану хатан шиг Сүхбаатарын Янжмаа шиг, Түвдэнгийн
Бор шиг, эгэл жирийн Цэрмаа, Цэцэгмаа, Цэцгээ шиг, хань шиг минь,
охид шиг минь МОНГОЛ ГОО ҮЗЭСГЭЛЭНГ бахдан дуулах нь өөрөө
тэнгэрлэг явдал мөнөөс мөн.
Сайхны тухай та бодож байсан уу? Зохиолч Дамбадаржаагийн
Намсрайн” Гандирсын хотын Хандармаа” эсвэл “Дүүриймаа” ямар
сайхан ДҮРҮҮД билээ. Далхаагийн Норовын “Мөнхийн дуудлага” монгол
эмэгтэй хүний ямар агуу сайхан, яруу сайхан СЭТГЭЛ билээ.
Цэрэндоржийн Балдоржийн “Зулцэцэг” гээд ямар гэнэн хонгор дүрүүд
билээ. Ийм л дүрүүдийн тухай САЙХНААР бодох үнэндээ сайхан.
Дэмбээгийн Мягмарын “Тээрэмчин” Шагдарын охин алдаж эндсэн нь
сайхан. С.Дашдооровын “Айлын хүүхэн Алигэрмаа”, Доржийн
Гармаагийн “Эрдэний дарь эх”-ээс эхлээд амьдрал хэмээх хөлгүй
далайд хөвж шивж яваа нь сайхан. Нэг л усгал зөөлөн, гэгээн тунгалаг
дүрүүд. Сайхан дүрүүд. Эмээг минь ээжийг минь эгчийг минь
санагдуулсан эгэл үнэн дүрүүд. Амьдралын шуурга жаврыг сөрөн
зүтгэж яваа шантрашгүй зоригтой МОНГОЛ ГОО ҮЗЭСГЭЛЭН. Энэ бүхэн
угтаа монгол гоо үзэсгэлэнгийн тухай монгол зохиолчдын дуулсан
дуулал юм. Тэгэхээр та сайхны тухай бодохгүй байж чадна гэж үү? Тэр
л САЙХАН гэдэг чинь “ үргэлж залуу үргэлж мөнх өдрийг үзье,
үзэсгэлэнт бүсгүй өөдөөс ирэх өдрийг үзье” гэх Данзангийн
Нямсүрэнгийн уужрал юм. Эсвэл Бавуугийн Лхагвасүрэнгийн” нүд чинь
талимаараад даанч сайхан, нүглийн шүд хүрээгүй алим…” шиг “Улаан
хацарт” юм. Үгүй бол Дэндэвийн Пүрэвдоржийн “сумын наадмын
дэвжээг өдөржин тойрох морьтноос суран жолоо атгасан өнгийн цэцэг”
ургах, Долгорын Нямаагийн “өргөн хангайн согоорхуу, дуулим талын
цэцгэрхүү” монгол гоо үзэсгэлэн юм. Гоо сайхан гэдэг чинь
Гунаажавын Аюурзаны “ амьдрал гээч хаврын ганцхан өдрийн алтан
наран гийсэн өглөө нь чи байжээ” гэдэг ухаарал юм. Гоо сайхан гэдэг
чинь “чамайг гэсэн хайр цагийн эрхээр бүдгэрч, чинагш юм бүхэн улирч
одно” хэмээх Жамьянгийн Болд-эрдэний гэгээрэл юм.
Зүрх хэрхэн догдолдогийг та мэдэх үү? Чинагийн Галсангийн
“Тэнгэрийн охин” тэнгэрээс ирсэн монгол охин мэт санагдана. Зохиолд
“тэнгэрийн охин гэж ерөөс байгаагүй, би зүүдэлсэн юм биш байгаа”
гэхэд хичнээн их гомддог гээч. Зүрх догдолдог юм. Суут Сэнгийн
Эрдэний “Малын хөлийн тоос”-ын хөөрхий Чанцал майхнаас холдон
явахад хэнд ч юм гомдож зүрх хичнээн шимширдэг билээ. Тэр ч бас
догдлол юм. Зарлигийн эрхт далайн “Эндүүрэл хааны тууж”-ийн
Нарангэрэл, Сарангэрэл хоёр хорон санаатнаас амь хэлтэрч хожим
гавьяаг байгуулахад хэрхэн баярлан хөөрч зүрх догдолдог билээ. Энэ ч
бас догдлол юм. “Тунгалаг тамир” мянган мянган жил цөн түрэн
урсана. Харин Ч.Лодойдамбын Долгор түүний эргээр хэрхэн шаналан
явааг зүрх энэлэн уншдаг. Тийм зам мөр туулж яваа өөр бусад олныг
өрөвдөх сэтгэл төрдөггүй гэж үү? Шанжмятавын Гаадамбын “Элбэг
дээл”-ээс элбэг сайхан сэтгэлтэй монгол эмэгтэй нь уужим ухаан
ундарч, Цэндийн Дамдинсүрэнгийн ” Солийг сольсон нь” эр хүний
инээдэм, эмэгтэй хүний сэхээрэл болохыг таньж, Солийг бахдахад
“Солонго” анхны хайрын дурсамж болон сарны саруулд шивнэлдэнэ
зогсоход Ч.Лодойдамбын алдаж болохгүй мөнхийн хайрын тухай
ЗАХИАСЫГ зүрх догдлон догдлон байж санадаг билээ.
Зүрх уяран хайлдагийг би мэднэ. Чойжилын Чимэд “ДЭРГЭД ЮМ ШИГ
САНАГДАНА ДЭНДҮҮ ХАЙРТАЙ ЧИ МИНЬ ЮМ” гээд цангинахад,
Хөдөөгийн Пэрлээ “ЦЭНХЭР ДУРДАН АЛЧУУРАА ЦЭЦЭГ НАВСААР
ГОЁЛОО” гээд эгшиглэхэд, Дүгэрийн Алхбаатарын “ЗҮҮД НОЙРОНД
МИНЬ ҮЗЭГДСЭН, ЗҮРХНИЙ ХАЙРТАЙ ЧИ МИНЬ ЮМ АА ХӨ” гээд
уянгалахад, ономын сэрээнэн” ЯАХЫН АРГАГҮЙ ХАЙРЫГ БУЛААСАН,
ЯМАР ХҮНИЙ ҮР ВЭ, ЧИ “гээд урсахад, Банхын Сосорбарамын “ЗУЛЗГАН
ЦАГААН ХУС НЬ ЗУЛАЙ ШҮРГЭН ГАНХАНА, ЗУЛ ШИГ ГАНЦХАН АМРАГ
МИНЬ ЗҮҮДЭН ДУНД МИНЬ ГУНХАНА” гээд сэтгэлд сэрвэлзэхэд,
Намдагийн Дугарсүрэн “ ТОГОРУУНЫ ДЭГДЭЭХИЙ ТООГООРОО БАЙЛАА,
ТОГЛОЖ НИССЭР НУТАГ БУЦЛАА, ТОРОМГООР ЧАМДАА ХАЙРТАЙ БАЙЛАА,
БИ” гээд халаглахад, Дөнгөтийн Цоодол” МӨӨГӨН ХҮРЭЭ ШӨНӨДӨӨ
ДҮҮРМЭЭР МӨНГӨН БОРОО ЗҮСРЭЭД БАЙНА УУ ДАА, МӨНХИЙН САРНЫ
МӨНГӨН ТУЯАНД НЬ МИНИЙ АМРАГ ҮЗЭГДЭЭД БАЙНА УУ ДАА” гээд
цацраахад, Чойсүрэнгийн Дагвадорж” ДҮНЖИНГАРАВЫН СҮНДЭЛ НЬ ХӨ
ДҮҮРЭН ДҮҮРЭН СУНДАЛЛАНА ДАА ХӨ, ДҮРЛЭГЭР ХОЁР НҮДИЙГ НЬ ХӨ,
ЗОВЛОНТОЙ ЖАРГАЛТАЙ ЗҮҮДЭЛЛЭНЭ ДЭЭ ХӨ” гээд сэрлийг тогшиход
ЗҮРХ МИНЬ УЯРАН УЯРАН ХАЙЛДАГ. МОНГОЛ ГОО ҮЗЭСГЭЛЭНД
ХОВСДУУЛСАН ЭР ХҮНИЙ ЗҮРХ.
ХАРИН ТА ҮҮНИЙГ МЭДЭХ ҮҮ? ЗҮРХ УЯРАН УЯРАН ХАЙЛДАГИЙГ. ҮГҮЙ
БОЛ АМЬДАРЧ БУЙДАА ЭРГЭЛЗ.
П. Батхуяг
Purevkhuu Bathuyag
https://www.facebook.com/purevkhuu.bathuyag/posts/1154483904660082
URL: