УИХ-ын дарга М.Энхболд “Сайхан монгол ээж” баярын арга хэмжээнд оролцож үг хэлэв

8002

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Сайхан монгол ээж” баярын арга хэмжээ өчигдөр Төрийн ордонд боллоо.

Уг арга хэмжээг УИХ-ын гишүүн Б.Ундармаа санаачилж Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын эмэгтэй гишүүд хамтран зохион байгуулж байгаа бөгөөд УИХ-ын дарга М.Энхболд баярын арга хэмжээнд хүрэлцэн ирсэн ээжүүдэд мэндчилгээ дэвшүүлж, үг хэллээ.

Баярын арга хэмжээнд оролцсон Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол, УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг, З.Нарантуяа, Д.Сарангэрэл, Б.Ундармаа, УИХ-ын гишүүн асан Н.Гэрэлсүрэн, Монгол Улсын гавьяат жүжигчин, М.Глинкийн нэрэмжит олон улсын уралдааны гранпри шагналт, Дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин С.Мөнгөнцэцэг нар нийт ээжүүдэд баярын мэндчилгээ дэвшүүлсэн юм.

“САЙХАН МОНГОЛ ЭЭЖ” БАЯРЫН АРГА ХЭМЖЭЭНД МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА МИЕЭГОМБЫН ЭНХБОЛДЫН ХЭЛСЭН ҮГ

2017.03.07

Хүндэт зочид оо,

Эрхэмсэг хатагтай нар аа,

Та бүхнийхээ энэ өдрийн амар амгаланг айлтгаж, олон улсын эмэгтэйчүүдийн өдрийн чин сэтгэлийн халуун мэндчилгээг Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа өргөн дэвшүүлье.

Монгол Улсын Их Хурлын болон Засгийн газрын эмэгтэй гишүүдийн санаачилсан энэхүү сайхан арга хэмжээнд уригдан оролцож байгаадаа туйлаас баяртай байна.

Гоёлоо өмсөж, зүсээ тольдсон мянган бүсгүй нэг танхимд ийнхүү зэрэгцэн суусан нь үнэхээр амьд цэцгийн хүрээлэн мэт сайхан харагдаж байна. Сайхан монгол ээжүүд, саруул ертөнцийн чимэг болсон Та нартаа дахин баяр хүргэе.

Та бүхэн бол Монгол орны 21 аймаг, сум дүүрэг, үйлдвэрлэлийн салаа мөчир бүхэн, ажил мэргэжлийн салбар болгоны төлөөлөл болсон, өлгийн бүүвэй аялдаг, өргөлийн сүү өргөдөг буянт ээжүүд билээ.

Та нар бол ажил үйлс, эрдэм боловсрол, туршлага чадвараа эх орныхоо хөгжил цэцэглэлтэд зориулж, монгол түмэндээ үнэлэгдэн дээдлэгдсэн төр, нийгмийн зүтгэлтэн, үйлдвэрлэн бүтээгчид юм.

Монголын түүхэнд хатан ухаант эмэгтэйчүүдийн гүйцэтгэсэн үүрэг, оруулсан хувь нэмэр үнэлж баршгүй их билээ.

Өэлүн эх, Бөртэ үжингээс эхлээд Сорхугтан бэхи, Мандухай хатдаар дамжин Эрдэнэбатын Оюун, Сономын Удвал ахайтны удам залгамж болж, өнөө цагт Монголоо дуурсган, монгол түмэндээ хүндлэгдэн яваа олон сайхан бүсгүйчүүдийг бид мэднэ.

Манай улсын эдийн засгийн идэвхтэй хүн амын тоонд эмэгтэйчүүдийн эзлэх хувь 46.8 хувь байна. Тэд төрийн байгууллага, хувийн хэвшлийн аль алинд, эрүүл мэнд, боловсрол, урлаг соёл, хөдөө аж ахуй, барилга, зам тээвэр гээд бүхий л салбарт эрчүүдтэйгээ хамтран хөдөлмөрлөж байна.

Сонирхуулж ганц баримт дурдахад 2016 оны байдлаар төрийн албанд ажиллагсдын дотор эмэгтэйчүүд 59.4 хувийг эзэлж байна. Өөрөөр хэлбэл төр түшиж буй эмэгтэйчүүдийн тоо, эрчүүдээс илүү байна гэсэн үг.

Харамсалтай нь нь эмэгтэйчүүдийн дундаж цалин эрчүүдийнхээс 10 гаруй хувиар доогуур байгаа. Дэлхийн нийт хүн амын ажлын цагийн 2/3-ийг эмэгтэйчүүд гүйцэтгэж байгаа хэрнээ нийт орлогын 1/10-ийг хүртдэг гэсэн олон улсын байгууллагын судалгаа ч бас байгаа юм.

Тэгэхээр тогтвортой хөгжлийн зорилтод жендерийн тэгш байдлыг хангах, баялгийн үр шимээс адил тэгш хүртэх боломжийг хангах, эмэгтэйчүүдийнхээ эрх ашгийг хамгаалан, аж байдлыг сайжруулах нь зөвхөн Монголын төдийгүй дэлхий нийтийн зорилго, тэмүүлэл байсаар байна.

Эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх, эх хүүхдийн эндэгдэлд нөлөөлөх хүчин зүйлийг үгүй болгох, гэр бүлийн хүчирхийллээс сэргийлэх, зохистой хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх замаар ядуурлаас ангижрах, эмэгтэйчүүдийн эрх, нийгмийн хамгааллын асуудлыг эрх зүйн хувьд оновчтой болгох зэрэг олон арга хэмжээг Монголын төр, засгаас авсаар байна.

2016 оны УИХ-ын сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан хууль тогтоох дээд байгууллага өнгөрсөн намрын чуулганы хугацаанд хэд хэдэн чухал хууль, тогтоомжийг батлан гаргалаа.

Азай буурал ахмадууддаа жилд 2 удаа, нийт 100-500 мянган төгрөгийн “Насны хишиг” олгохоор болсон. Тэтгэврийн зээлийн хүү жилийн 18 хувь байсныг 15 болгож, 3.0 хувиар бууруулж чадлаа.

Эхчүүд хүүхдээ 3 нас хүртэл нь асрах эрхтэй боловч нийгмийн даатгалын шимтгэл нь жирэмсний болон амаржсаны тэтгэмжтэй хугацаанд нь л төлөгддөг байсан. Олон хүүхэд төрүүлж, өсгөсөн эхчүүд цөөхөн жил ажиллаад тэтгэвэрт гардаг, түүнээс болж тэтгэврийн хэмжээ нь тун бага тогтоогддог байв.

Эдгээрийг нэг мөр зохицуулсан хууль гаргасныг та бүхэн мэдэж байгаа. Ингэснээр хүүхдээ асарч буй, 92 мянга орчим эхийн нийгмийн даатгалын шимтгэлийг жил бүр төлж, 5800 эхийн ажилласан жил дээр төрүүлсэн болон үрчлэн авч өсгөсөн хүүхэд бүрийн тоогоор нь 1.5 жил нэмж тооцохоор боллоо. Малчдынхаа тэтгэвэр тогтоолгох насыг 5 насаар урагшлуулж, малчнаар ажиллаж шимтгэл төлсөн нэг жилийг 1.5 жилээр тооцох нь зөв гэж үзлээ. Түүнчлэн малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд тэтгэврийн даатгалын шимтгэлээ нэг удаа нөхөн төлөх боломж олголоо.

Ийм арга хэмжээг бид цаашид ч авч хэрэгжүүлэх болно.

Хүн төрөлхтнийг тэр чигээр нь хэвлийдээ тээж, энгэртээ нааж өсгөдөг эхчүүдээ, эмэгтэйчүүдээ хайрлан дээдэлж, асран халамжилж, баярлуулан баясгаж явах нь эр хүн бүрийн, үр хүүхэд болгоны, улс орон, төр засгийн журамт үүрэг мөн.

“Эмэгтэй хүн ойлгогдох гэж биш, хайрлагдах гэж энэ хорвоод ирсэн” гэсэн гүн ухаантан Оскар Вайлдын мэргэн үгийг энэ өдөр хүн бүхэнд сануулан хэлмээр байна.  

Эрхэм бүсгүйчүүд, хатагтай нар аа,

Монгол түмэн хаан төрийн долоон эрдэнийн нэгд Хатан эрдэнийг багтааж, “Төрлийн язгуур, төрийн тулгуур” хэмээн нэрийдсээр ирсэн билээ.

“Хүн нэмбэл хүнс нэмнэ” гэж монголчууд бас хэлэлцдэг. Хүнс буюу эд баялаг нэмж авчирч, ирээдүй түүхийн их үйл хэргийг бүтээгч хүмүүнийг эх хүн төрүүлдэг.

Үр хүүхэд төрүүлж байгаа монгол эх хүн ямар ч алт эрдэнэс, мөнгө хөрөнгөнөөс илүү үнэ цэнэтэй хөрөнгө оруулалтыг Монголдоо хийж байгаа гэж би боддог.

Улмаар төрүүлсэн үрээ эрүүл саруул өсгөн торниулаад зогсохгүй хүмүүжүүлэн боловсруулж, жинхэнэ хүн болгодог асар их хөдөлмөрийн ачааны хүнд нь ээжүүд, эхчүүд Та нарт ногддог билээ.

Эх хүний сайхан сэтгэл, саруул ухаан, далай хайр, мэргэн сургаал үр хүүхдээр нь дамжин Монгол төр, улсын оршихуйн нэгэн бат үндэс болдог ажээ.

Чухам тиймийн учир цогт эх оронч, Хотгойдын шадар ван Чингүнжав “Төр, үр хоёр минь мөнх оршиг” хэмээн ерөөл өргөсөн биз ээ.

Үр хүүхдээ сайн сайхан хүмүүжүүлсэн ижий, аав хоёр барагдаж элшгүй баялгийг бий болгодог гэсэн утгатай бас нэгэн сайхан үг байдгийг баярын энэ өдөр дурдаж, монгол эмэгтэйчүүдийн гоо үзэсгэлэн, цэцэн билиг, суу алдар үеэс үед өртөөлөн дуурсах болтугай гэсэн ерөөлөөр үгээ өндөрлөе.

Та бүхнээр уламжлан Монголынхоо бүх ээжүүд, бүсгүйчүүдэд Эртний Ром гүрнээс улбаа түүх нь эхэлсэн энэ сайхан баярын мэндчилгээг өргөн дэвшүүлж, сайны дээдийг хүсэн ерөөе.

Дараа нь Есөн эрдэнийг бэлгэдэн Улсад олон жил үр бүтээлтэй ажиллаж, олон үр хүүхэд төрүүлж өсгөсөн 9 ээжийг “Сайхан монгол ээж” хэмээн нэрлэн өргөмжлөл олгосон юм. Өргөмжлөлийг Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд, Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нар гардуулан өгөв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


URL:

Сэтгэгдэл бичих