Умард Солонгосоос оргон зугтсан хүмүүст 860 мянга хүртэлх долларын шагнал өгнө
СӨҮЛ. /Reuters/. Умард Солонгосоос зугтан Өмнөд Солонгост ирж, мэдээлэл өгсөн хүмүүст өгөх мөнгөн шагналын хэмжээг дөрөв дахин нэмэгдүүлж, 860 мянган долларт хүргэсэн гэдгээ Сөүл мэдэгдлээ.
Өмнөд Солонгосын аюулгүй байдлыг бэхжүүлэхэд тус болох мэдээ мэдээлэл өгсөн хүмүүс мөнгөн шагнал авах боломжтой.
Мөн зэвсэгтэйгээр Умард Солонгосоос оргон зугтсан цэргүүдэд нэмэлт шагнал өгөх аж.
Гар буунаас эхлүүлээд нисэх онгоц, танк, их буу зэрэг авчирсан хүмүүст мөнгөн шагнал олгоно гэж Өмнөд Солонгосын Улс орноо нэгтгэх яам мэдэгдсэн байна.
Гэхдээ өгсөн мэдээллийн ач холбогдлоос хамаараад мөнгөн шагналын хэмжээ хэлбэлзэх аж.
Умардаас оргон зугтсан хүмүүст өгөх шагналын хэмжээг Өмнөд Солонгос сүүлийн 20 жилийн хугацаанд анх удаагаа нэмэгдүүлсэн нь энэ юм. Энэ шийдвэртэй холбоотойгоор Умард Солонгосын Засгийн газар одоогоор ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байна.
Хятадтай залгаа хилээр дамжин оргон зугтаж байгаад баригдсан умард солонгосчуудыг Хятадын эрх баригчид албадан нутаг буцаадаг бөгөөд Пхеньян оргодлуудад хорих ял оноодог ажээ.
Өнгөрсөн оны наймдугаар сард Лондон хотод ажиллаж байсан Умард Солонгосын дипломатч Тэ Ён Хо Өмнөд Солонгост зугтаж ирсэн билээ. Тэрбээр Умард Солонгосоос зугтсан хамгийн өндөр албан тушаалтнуудын нэг болсон юм.
Г.Доржханд
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг
URL: