БУРХАН ХАЛДУНЫГ БУЗАРЛАЖ ОРХИСНОО ХИЙМОРИО СЭРГЭЭСЭН ГЭВЭЛ ЭНДҮҮРЭЛ
Монгол эрчүүд жил жилийн хаврын тэргүүн сарын шинийн найманд Шилийн богд, Алтан-Овоог зорьж, тэргүүн дээрээс нь ургахын улаан нарыг харж, хангай дэлхийд өргөл өргөснөөр хийморь лундаагаа сэргээлээ хэмээх үзэх нь бий. Сүүлийн үед эл үзэгдэл бараг л ёс юм шиг болж, зүүн аймгийг зорих эрчүүдийн тоо жилээс жилд нэмэгдэх болоод байгаа.
Айл гэрийн ноён нуруу болсон эрчүүд нь цог хийморьтой байх аваас улс орны минь сүлд хийморь өөдөө байх нигууртай. Эл үүднээс өнө эртнээс уламжлагдаж ирсэн ёс заншлыг буруутгах эрх бидэнд үгүй. Гагцхүү хийморио сэргээж байна гээд байгаль орчныг бохирдуулж, хангай дэлхийгээ буртаглаж болохгүй билээ. Бас хаана очих, ямар уул, овоог тайх нь ч учир жанцантай байх бус уу. Заавал Алтан Овоо, Шилийн богд гэлтгүйгээр тухайн аймаг, сум, багийн нутаг дэвсгэрт өнө эртнээс тахин шүтэж ирсэн уул, овоо байдаг сан, уг нь.
Нийслэлийн иргэд гэхэд л дөрвөн их хайрхны нөмөр нөөлөг дор 800 шахам жил аж төрж буй. Идээ, ундааныхаа дээжийг өргөн, сэтгэлдээ сүсэглэчихэд л болох байлтай. Гэтэл энэ жилийн тухайд Алтан Овоо, Шилийн богд руу явах чиглэлийг хааснаас болж, Их аварга Д.Дагвадорж, сэтгүүлч Г.Алтантүрүү хоёртой “барьцан” Төрийн их тахилгат Бурхан Халдун уулыг “дайлаар” мордоод ирэв бололтой. Зарим нь ч хонож өнжөө биз.
Эзэн Чингис хааны минь нойрсож буй Бурхан Халдун бол хэн дуртай нэгний хөлийн мөр гарч, хэн дуртай нь тонгочих газар биш байлтай. Төр улс, үүх түүх, өвөг дээдсээ бодоод үзэхэд ч тэр. Тэгээд ч монголчууд бид буусан, суусан газраа дандаа бузарлаж явдаг, тархи нь хамуурсан улс шүү дээ. Нөгөөтээгүүр, Төрийн их тахилгат уул гэдгийг үеийн үед санаж явах учиртай. Дөрвөн жил тутамд тайх төрийн их ёслол энэ цаг үетэй давхацсан бол өөр хэрэг. Тиймгүй атал Төрийн их тахилгат Бурхан Халдуны өвөр бэлд хоёр, гурван мянгуулаа цуглан, залуу гөлгөн моддыг хугалж цавчин түлж, идэж уусан архины шил, мөлжсөн яс тэргүүтнээ модны ар өврөөр хаян хаа таарсан бут сөөг рүү нохой адил сарьж сүйд хийжээ.
Монголын нууц товчоонд гардагчлан хавирга газрыг халзартал, өвдөг газрыг өлтөртөл дэвхцэж цовхчсон юм байх. Ийн нүгэл үйлдэж, орон хангайг бузарлан буртаглаж орхисныгоо малгайн утаа арилгаж, хийморь лундаагаа сэргээлээ хэмээх аваас томоос том эндүүрэл болох буй за. Бас болоогүй, зарим нь их хайрхнаас байр сав, унаа тэрэг, хөрөнгө мөнгө, олз омогтой байлгахыг гуйн мөргөсөн байж таарна. Хүний л амьдрал юм хойно, хангай дэлхийгээ шүтэж, ядарч тэвдэж яваа бол аврал энэрэлдээ багтаахыг гуйн залбирч болно. Гагцхүү хангай дэлхийгээ буртаглаж, бузарлаж болохгүй. Нүгэл хурааж, буруу зүйл үйлдсэн хүнд гэсгээл хүртээж, ямар сануулга өгөхөө хангай мэддэг.
Цахим ертөнцөөр хаана, юу хийж яваагаа сурталчилсан постоос харахад, Бурхан Халдун маань хөөрхийлөлтэй харагдаж байна аа. Ёстой л хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөнө гэгч болжээ. Асар майхнууд өнгө алаглан дэрвэхтэй зэрэгцэн Армийн Зил-131, пургон, 69, ланд -80, 200 гээд хурд хүчтэй бүхий л тээврийн хэрэгслүүд тэнд очжээ. Тэнд учир мэдэхгүй балчир залуус очиж, тийн дураар дургисан бол өөр хэрэг. Бурхан Халдуныг төрийн их тахилгат уул болгоё хэмээн санал болгож, ёсчилж байсан ихэс дээдэс гэгддэг УИХ-ын гишүүд, сайд дарга нар жолооч, туслахаа дагуулан тэднээрээ үйлчлүүлэн, майхнаас майхан дамжин найрлан сүрийг үзүүлсэн гэхээр эгэл ардууд сүйд хийх нь энүүхэнд юм биз.
Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын байгаль орчны байцаагчийн өгсөн мэдээллээр, баасан гарагийн үдэш 350, бямба гарагт 276 жийп хөлөглөсөн нийт 2,904 хүн хийморио сэргээгээд буцсан гэнэ. Тэр олон машины дугуйн мөр дор хэчнээн зуун залуу модод үндсээрээ булга үсэрч, тайгын тачир ургамал дахин сэргэхгүй устаж үгүй болоо бол гэхээс харуусах сэтгэл төрөх юм.
Монголын мэдээ
Х.Норжин
URL: