Таны заавал мэдэх ёстой фэйсбүүкийн 10 тохиргоо

2004 онд Харвардын оюутнуудад зориулан бүтээсэн Фэйсбүүк хэмээх сайт удалгүй Бостон орчмын болон Станфордын их сургуулийн оюутнуудын дунд хэрэглэгдэх болж, улмаар 2006 оноос 13-аас дээш настай хэн бүхний нэвтрэх боломжтой нийтийн сүлжээ сайт болон хувирсан билээ. Олон нийтэд нээлттэй болоод 10 дахь жилийнхээ ойтой золгож буй Фэйсбүүк өдгөө 1.7 тэрбум хэрэглэгчтэй, дэлхийн хамгийн том, нөлөө бүхий сайт болоод байна. Хэрэглэгчид бид энэ сайт дээр найз нөхөд, ах дүүтэйгээ холбогдож, бүх л зүйлсийн талаар мэдээлэл авахын сацуу үзэл бодлоо илэрхийлэн өөрийгөө бусдад таниулж, хийж буй ажлаа сурталчилж, бизнесээ өргөжүүлж байна. Тэр ч хэрээр фэйсбүүкийн хэрэглээ хүмүүсийн өдрийн 24 цагийн багагүй хувийг эзлэх болжээ.

“НУУЦ” ИНБОКС


Хэрвээ та энэ цэсийг мэддэггүй бол огт уншаагүй мессежүүд овоо хэдээрээ цугларсан байх магадлалтай. Энэ бол “Message Requests” (урьд ”Other” нэртэй байсан) юм. Тантай фэйсбүүк дээр холбогдоогүй хүнээс ирсэн мессежүүд ийшээ орчихоод байдаг.

Тэдгээр мессежийг уншихын тулд хуудасны зүүн буланд байх “Messages” рүүгээ ороод “Recent” цэсний дэргэд буй”Message Request”-ийг дараарай. Үүнийг нээж илрүүлсний дараа би лав аль дээр үед хүмүүсийн над руу бичсэн сонирхолтой зүйлсийг уншиж байлаа.

ТАНЫ АКАУНТААР ТА Л НЭВТРЭХ ЁСТОЙ

Таны зөвшөөрөлгүйгээр хэн нэгэн фэйсбүүкээр чинь нэвтэрчихсэн байгаа юм биш биз? Санаатай болон санаандгүйгээр энэ асуудал бидний заримд тохиолдох нь бий. Тэгвэл үүнийг шалгаж нягтлахын тулд Settings > Security гэж ороорой. Тэнд “Where You’re Logged In” гэсэн хэсэг байгааг та олж харах болно. Энд таны фэйсбүүкт одоо нэвтэрсэн байгаа компьютер, гар утас зэрэг төрөөрөмжүүд, байршил, браузер зэргийн мэдээлэл гарч ирнэ. Хэрвээ таны нэвтрээгүй сэжигтэй газар гарч ирвэл “end activity” товчийг дарж фэйсбүүкээс салгаарай.

Үүнийг найз нөхдийнхөө компьютерээс фэйсбүүкт ороод log out дарж гарахаа мартсан үед бас ашиглаж болно.

ОЛОН ЭМОЖИГ ӨӨРТӨӨ НЭЭГТҮН

Эможи. Энэ зүйл та бидний хэлэх гэсэн санааг маш хялбархнаар илэрхийлдэг билээ. Нүүрний хувирлуудыг илтгэдэг :) :D ^_^ зэрэг эможиг та бид мэднэ. Гэхдээ эднээс хавьгүй олон сонирхолтой, мэдүүштэй дүрснүүд бий гэдэгт эргэлзэх хэрэггүй.

(^^^) = цагаан халим
:| ] = робот
:poop: = өөрөө шалгаад үз :)
<(“) = пенгвин шувуу гэх мэт.

Та эдгээрийг пост, чат, сэтгэгдэл зэрэгт бүгдэд нь ашиглаж болно. Та эндээс өөр ямар ямар дүрс гаргаж болохыг хараарай.

ХАЙР ДУРЛАЛЫН ТҮҮХЭЭ ХАРЪЯ ГЭВЭЛ

Та өөрийн хайрын түүхийг харахыг хүсвэл www.facebook.com/us холбоосоор ороорой. Та болон Relationship status-даа оруулсан хайртай хүний тань бүрэн цахим түүх энд харагдах болно. Харин relationship дээр тань хэн нэгэн байхгүй бол энэ холбоос таны хуудсыг л харуулна. Одоохондоо та өөртөө л хайртай байгаа учир тэгэхээс ч яах билээ :D

ДАРАА ТУХТАЙ ҮЗЭХИЙГ ХҮССЭН ЗҮЙЛСЭЭ ХАДГАЛ

Фэйсбүүкт ямар нэг сонирхолтой нийтлэл, видео хараад цаг зав байгаагүйгээс үзэж амжаагүй, дараа нь ч олж чадаагүй тохиолдол бидэнд бүгдэд нь гарч байсан гэдэгт эргэлзэхгүй байна. Тийм ч учраас та фэйсбүүкийн “Save for Later” товчтой танилцах хэрэгтэй юм. Тухайн постын баруун дээд өнцөгт орших суман дээр дарахад гарч ирдэг Save this link, Save post зэрэг товчуудыг дарснаар тухайн нийтлэл, видео, зураг Saved фолдер луу тань орох болно. Харин энэ фолдер хаана байдаг вэ? Та Save post-ийг ядаж нэг удаа дарж байсан бол энэ фолдер хуудасны зүүн дээд хэсэг байдаг Favorites хэсэгт гарч ирэх болно. Энэ жил Фэйсбүүк Save for Later цэснийхээ вэбэд зориулсан extension-ийг гаргахаа зарласан юм. Тэгэхээр та фэйсбүүкт байхгүй хэрнээ фэйсбүүк рүүгээ сонирхсон зүйлсээ хадгалж болдог болох юм. Ингэснээр тэд Pocket зэрэг үйлчилгээтэй өрсөлдөх нь ээ.

ФЭЙСБҮҮКДСЭН БҮХ ТҮҮХЭЭ ТАТ (DOWNLOAD)

Фэйсбүүк дээр бичиж, share-лж байсан бүх зүйлсээ өөртөө хадгалахыг хүсэж байна уу? Зураг, текст, видео, мессеж нэг бүрийг үлдээлгүй татаж болно гээд бод доо. Гайхалтай байгаа биз? Ингэхийн тул Settings > General рүү ороод “Download a copy of your Facebook data” гэсэн холбоос дээр дарж гарч ирэх заавруудыг дагаарай.

Энэ цэс таны дурсамжийг сэдрээж, магадгүй фэйсбүүк хаягаа устгахаар шийдлээ гэхэд доторх агуулгыг нь танд гаргаж өгөх болно. Гэхдээ таны хувийн асар их мэдээллийг гаргаж ирэх тул аюулгүй байдлыг нь машид анхаараарай.

ЗОЛГҮЙ ЯВДАЛ ХЭНД Ч ТОХИОЛДОЖ БОЛНО

Нэг л өдөр фэйсбүүк дээр буй хүн бүхэн нас эцэслэнэ. Энэ үнэнтэй хэн ч маргашгүй тул Фэйсбүүк ч бас a legacy contact гэсэн ойлголтыг гаргаж иржээ. Золгүй явдал тохиолдож таныг өөд боллоо гэхэд энэ хүн таны акаунтыг хариуцан ажиллуулах болно. Таны урьдчилан сонгох энэ хүн акаунт дээр чинь пост бичиж, найзын хүсэлтэд хариу өгч, профайл болон толгой зургийг сольж чадна. Харин тэд таны мессеж, чатны түүхийг уншиж чадахгүй. (Та зөвшөөрөл өгвөл болно).

Энэ хүнийг Settings > Security > Legacy Contact tab гэж ороод сонгоорой. Мөн та тэр үед фэйсбүүк хаягаа устгуулах сонголтыг ч урьдчилаад хийх боломжтой юм.

АВАХ МЭДЭЭЛЛЭЭ АНГИЛАН ЖАГСААЛТУУД ҮҮСГЭ

“Interest lists” гэж жаахан сонирхолгүй гэмээр нэрлэсэн, хүмүүсийн бараг мэддэггүй функц фэйсбүүкт байдаг. Энэ бол үндсэндээ Твиттерийн Lists-ийн фэйсбүүк хувилбар юм (үүнтэй фэйсбүүкийн Friends lists-тэй бүү хутгаж ойлгоорой). Та өөрийн дагаж буй хүмүүс, компаниуд, байгууллагуудыг нэг дор гүйлгэж харахдаа Interest Lists-ийг ашиглаж болно. Та энэ жагсаалтаа зөвхөн өөрөө үзэхээр болгож болно, бусадтай хуваалцсан ч болно.

Үүнийг ашиглахын тул хуудасны зүүн баганыг доош гүйлгэж “Interests” хэсэгт хүрч, тохируулгаа хийгээрэй.

ЦАХИМ ОРОН ГЭРЭЭ ӨӨРИЙНХӨӨРӨӨ ЗАСАЖ ТОХИЖУУЛ

Фэйсбүүк рүү нэвтрэхэд урсаж харагддаг бүх мэдээлэл буюу таны News Feed бол фэйсбүүк дэх таны гэр орон л гэсэн үг. Тиймээс та гэрээ цэвэрхэн, эмх цэгцтэй, хог новшгүй байлгах гэж хичээх нь зүй. Орон гэрээ цаг үргэлж урилгагүй зочинтой байлгахыг хүсэхгүй л байгаа биз дээ?

Үүнийг шийдэх нэг арга зам бол өөрийн дуртай, дагадаг зүйлсийг хамгийн түрүүнд харах боломж юм. Хуудасны зүүн буланд байх “News Feed”-ийн “Edit Preferences” рүү ороод “Prioritize who to see first” товчийг дарж хүмүүс, пэйжүүд, брэндүүдээс сонголтоо хийгээрэй.

Мөн постыг нь харахыг хүсэхгүй байгаа хүмүүс, байгууллага, брэндүүдээс “Unfollow people to hide their posts” товчийн тусламжтайгаар “зугтах” боломжтойг (тэд таныг ингэлээ гэдгийг мэдэхгүй) сануулъя.

ЗАР СУРТАЛЧИЛГААГ УЧИРТАЙХАН ХАРЪЯ

Фэйсбүүк дээрх сурталчилгаанууд бол дээр дурдсан урилгагүй зочдын нэг. Гэвч та сурталчилгааг “урилгатай” болгох буюу өөрийн дуртай зүйлстэй холбогдсон сурталчилгаануудыг үзэх боломжтой болгож болно. Товчхондоо ямар сурталчилгаа харахаа өөрөө сонгоно гэсэн үг.

Ингэхийн тулд Settings > Ads рүү ороод “Ads based on my preferences” цэсийн дэргэд байх edit товчийг дараарай. Эндээс Фэйсбүүк таны дуртай зүйлсийг юу юу гэж тодорхойлсныг харж болно. Тэд таны like-лсан хүмүүс, брэндүүд, компаниудаас үүдэн тохирох сэдвүүдийг зааж өгсөн байдаг. Эдгээрээс та устгахыг нь устгаж, эсвэл сурталчилгаа үзэх дуртай бол нэмсэн ч болно.


URL:

Сэтгэгдэл бичих