БАТАЛСАН ХУУЛИУДАА ХЭРЭГЖҮҮЛСЭН БОЛ БАЛАГ МОНГОЛЫГ ТОЙРОХ БАЙЛАА

olloo_mn_1487899892_Tosov-nuur-copyУлстөрчид эрх мэдэлд хүрмэгцээ яг “уяанаасаа алдуурсан нохой” гэдэг шиг төсвийн сан хөмрөгтэй харьцдаг болох нь нотлогдов бололтой. Учир нь өдгөө ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсан нь зөв, буруу хэмээн мэтгэлцэж байх энэ үед өмнөх жилүүдэд хэт олон төсөвтэй мэт замбараагүй аашилж байсныг нь нотолж, төсвийн орлогыг нэмэгдүүлэх, зардлыг бууруулах чиглэлд тодорхой арга хэмжээнүүд авахыг санал болгоод байгаа.

Уг нь төрийн эрхийг атгаж байгаа аль ч намын нөхөд жаахан л сэтгэл гаргачихсан бол өнөөдрийн эдийн засгийн хүндрэл нүүрлэхгүй байх боломж байсан. Учир нь ОУВС-тай Монгол Улс анх удаа хамтарч байгаа юм биш. Тэд хамтрах үе бүртээ төсвийн сахилга баттай байхыг анхааруулсаар ирсэн байдаг.

Манай улс ОУВС-д хандаж 1991, 2009 онуудад Стэнд бай, 1993, 1997, 2001 онд Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдаж байсан. Эдгээрээс хоёр ч удаад нь зугтаж, хөтөлбөрийг үргэлжлүүлэхээс сайн дураар татгалзаж байжээ.

Монгол Улсын хувьд ОУВС-ийн хөтөлбөрүүдэд ийн хамрагдахдаа нийт 195.7 сая долларын зээл авсан байна. Үүний 136.3 сая ам.долларыг нь хямдралгүй, жирийн зэапийн хэлбэрээр авсан байдаг.

Монгол Улсын Засгийн газар шилжилтийн эдийн засгийн эхэн үе буюу 1991 онд Стэнд бай хөтөлбөрийг ОУВС-тай хамтран хэрэгжүүлсэн нь төлбөрийн балансыг дэмжих, эдийн засгийг тогтворжуулах, ажилгүйдлийг бууруулахад чиглэж байсан бөгөөд хөтөлбөрийн хүрээнд 13.75 сая зээлжих тусгай эрхийн хөрөнгийг 1991-1992 онуудад авч ашигласан. Хөтөлбөрийн дагуу Монгол Улсын Засгийн газар хүлээсэн үүргээ биелүүлсний дүнд эдийн засаг, төсвийн тэнцэлд эерэг үр дүн гарсан.

Мөн 2009 оны эдийн засгийн хямралын үеэр ОУВС-тай хамтран “Стэнд-бай” хөтөлбөрийг 2009 оны гуравдугаар сард нэвтрүүлсэн байна. Уг хөтөлбөр 18 сарын хугацаанд хэрэгжсэн бөгөөд энэхүү хөтөлбөрийн хүрээнд манай улс ОУВС-гаас жилийн таван хувийн хүүтэй ойролцоогоор 229.2 сая ам.долларын тусламжийн зээл авчээ. Тухайн үед эрх баригчид төсөвтөө гурван ч удаа тодотгол хийж, орлого, зарлагаа өмнөх оныхоос 18 хувиар бууруулсан юм. Үр дүнд нь эдийн засгийн өсөлт 2009 онд -1.6 хувьтай гарч байв.

ТАВАН “ТӨСӨВ”-ТЭЙ БОЛООД БАЙВ

ОУВС-гийн нөхцөл дор дээр дурдсанчлан хамтарч ажилладаг. Харин хөтөлбөр дууссаны дараагаас “хориг цуцлагдлаа” гэсэн шиг хэсэгтээ л дураараа дургиж авдаг. Үүнийхээ горонд дахиад л бахь байдагтаа орж, буюу эдийн засаг нь хүндэрч, хямралын дохио хангинуулж, гаднаас зээл тусламж гуйгаад эхэлдэг. Чухам яагаад ийм байдалд хүрдгээ улстөрчид маш сайн мэддэг. Өөрөөр хэлбэл, тэд улс төрийн хүрээнд олон нийтэд таалагдахын тулд халамжийн бодлогоо тэргүүнд тавьж, амласнаа амжуулах, хажуугаар нь халаасаа зузаатгахын төлөө ажиллахдаа төсвөөс гадуур төсөв бий болгосоор иржээ.

Энэ талаар өмнөх Засгийн газрын үед өнөөгийн эрх баригчид бүгд шахам дуугарч, хэлж байсан. Товчхондоо Монгол Улс таван “төсөв”-тэй байсан явдал.

Тодруулбал, улсын нэгдсэн төсвөөс гадна 1.5 тэрбум ам.долларын “Чингис” бондын, 300 сая ам.долларын “Самурай” бондын, Монголбанкны дөрвөн их наяд төгрөгийн “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийн, 580 сая.ам долларын Хөгжлийн банк”-ны гэсэн тус тусдаа зарлага нь тооцогддог хөрөнгө ихтэй байсан. Үүний зэрэгцээ Концессийн гэрээ нэрээр бас дахин төсөв хуваарилж байсан гэвэл Улсын нэгдсэн төсвөөс гадна нийт таван төсөв бий болоод байлаа. Тодруулбал, Улсын нэгдсэн төсөв, концессийн гэрээ, Хөгжлийн банкны, Монголбанкны, бондын.

Энэ асуудлыг нэгтгэх нь зүйтэй гэдгийг өмнөх парламентын үед хурцаар ярьж байсан ч ямар ч үр дүнд хүрэлгүй өнгөрсөн. МАН-ынхан Монгол Улс нэгдсэн нэг төсөвтэй байх ёстой гэж үзэн, үндэсний эрх ашгийн үүднээс ч нэг л төсөвтэй, урьдын адил орлого зарлагыг нь тооцдог, хянадаг тодорхой системтэй байх хэрэгтэй гэж тайлбарлаж байв. Тиймээс ч 2015 оны Монгол Улсын төсвийг нэгдмэл нэг болгох, цаашдаа ч нэгдсэн төсвийн бодлогоо хадгалах ёстой гэсэн шаардлага, уриалгыг гаргаж байлаа.

Харин гэтэл АН-ынхан нэгдсэн төсвийн бодлогыг хадгалах байтугай улсын төсвөөс бусад мөнгөний зарцуулалтыг ард түмэн ч, УИХ ч, ҮАБЗ ч хянаж чадахгүй байсаар өнөөг дууссан. Хариу нь өнөөгийн эдийн засгийн хүндрэл.

ТӨСВИЙН САХИЛГА БАТЫГ ТОГТООХ ХУУЛЬ БАТАЛДАГ Ч ХУДЛАА БОЛДОГ

Уг нь Монгол Улс Төсвийн тухай, Төсвийн тогтвортой байдлын тухай, Өрийн удирдлагын тухай гэхчилэн хуультай Өрийн удирдлагын тухай хуулийг бүр сүүлд буюу 2015 оны хоёрдугаар сард улсын өрийн хэмжээ хэт ихэлсэн учраас бараг л аргагүйн эрхэнд баталсан.  Үүнээс өмнө бол төcвийн тухай хууль, Төсвийн Тогтвортой байдлын тухай хууль, Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулиудад тодорхой хэмжээгээр зохицуулалтууд тусгагдсан байсан.

Гэвч дээрх хуулиудыг хэрэгжүүлээгүй явснаа өнөөдөр хоёр том нам бие биө рүүгээ чихэж суугаа. Үүнийгээ өнөөгийн УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Төсвийн бодлого байх ёстой. Төсөв бол төсвийнхөө хүрээнд л явна. Төрийн байгууллагууд төрийн хөрөнгө оруулалттай холбоотой илүү юм руу битгий ороорой, байж болохгүй. Төсвийн эрх мэдлийг, Монголын бүх мөнгийг төрийн уутанд цуглуулаад буцаан тараах хэлбэр нь авлигыг л өөгшүүлдэг. Тиймээс буруу. Монголбанк анх удаа мөнгөний бодлогыг өрхийн орлоготой зохицуулах хэлбэр рүү орсон. Энэ нь Монголын 60 мянган малчин өрх “Сайн малчны зээл”-д хамрагдсан, Ипотекийн гэхчлэн дурдаж болно. Цаашдаа “Сайн оюутан”, “Сайн малчин” “Сайн хашаа” хөтөлбөрүүдийг ч энэ маягаар хэрэгжүүлж болох байсан. Иргэн хүн өөрийнхөө орлого, хөрөнгөөрөө баталгаажуулж зээл авч байна. Энэ төсөвт ямар хамаатай юм. Буруутгахын тулд хэдэн тоо нэмж, хасч зарлахын тулд төсөв рүү хийж байгаа бол туйлын хариуцлагагүй үйлдэл. Хөгжлийн банкны зээлийн тухай бас л ярьж байна. Энэ зээлийг олон арван үйлдвэрлэгчид, уул уурхайнхан, үндэсний үйлдвэрлэгчид авсан. Энд танай, манай намын ялгаа байсан гэж би огг харахгүй байгаа” хэмээн ярьсан.

Эндээс харахад улстөрчид ердөө л хуулийг хэрэгжүүлэх бодолгүй байдаг нь ч харагдана. Уг нь хувь хүн өөрийгөө, улс төрийн намаа бус улс орноо бодсон бол бүхий л асуудлыг хуулийн хүрээнд хэрэгжүүлж, энэ хэрээр монголчууд бадар гуйж явахгүй байх боломж нээлттэй байсныг хэн хүнгүй мэдэх биз ээ.

Өдгөө ОУВС-гийн үгэнд орлоо хэмээн загнаж байхын оронд эхнээсээ нэр хүнд олох, сонгуулийн амлалт аргалах төдийхөнд ашиглах хавтгайрсан халамж, хөтөлбөрүүдээ танаж, эдийн засгийг дэмжих бодлого, сахилга батад сургах хуулиудаа л мөрдөх байсан юм.

Өглөөний сонин
Ж.Нарангэрэл

URL:

Сэтгэгдэл бичих