Сүржин мэдэгдлээс хэтрэхгүй АН-ын бүлэг сөрөг хүчин байж чадахгүй нь

УИХ дахь Ардчилсан намын бүлэг хий хоосон бархирахаас хэтрэхгүй болжээ. 2016 оны сонгуульд МАН олонх болж, Ардчилсан нам арай гэж бүлэг байгуулах хэмжээний суудал авсан. Тэд намрын чуулган завсарлах хүртэл сөрөг хүчний үүргийг төдийлөн сайн гүйцэтгэж дөнгөсөнгүй. Үүнд олон шалтгаан бий. МАН-ынхан аливаа асуудалд хэт олонхоороо түрэмгийлж, АН-ынхныг үл тоомсорлож буй. Мөн Ардчилсан намаас УИХ-д суудал авсан эрхмүүд нь хэт фракцилж, тус тусын амбицийг хөөсөн нь энэ бүхний гол буруутан болж байна гэж дүгнэх хүн олон байна.

1q3j5vin9tuakinapn105jp5fj

МАН-ынхан эрх барих дээд байгууллагыг толгойлох болсон цагаасаа эхлэн өмнөх засгийг буюу Ардчилсан намыхныг намнаж эхэлсэн билээ. Ингэхдээ “Сайн” нэртэй болгоныг үгүйсгэн баллуурдаж, “Эрдэнэт”-ийн 49 хувийн хувьчлал, Хөгжлийн банкны асуудал гээд ардчиллын нэртэй болгоныг нухчин дарсан. Үүгээр ч үл барам Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг хүртэл хүч түрэмгийлэн батлуулахаар улайрч байсан ч энэ асуудал олны анхаарлыг татаж, эсэргүүцэлтэй тулгарсан учраас МАН-ын бүлэг өөрсдөө хуулиа буцаасан.

Эрдэнэтийн хувьчлалд намын бүлгийн дуу хоолой нөлөөлсөнгүй

Тэгвэл Ардчилсан намын бүлэг энэ бүхэнд дэмий л бархирсанаас өөрөөр ажил хэрэг болж, хөрсөнд буусан зүйл бараг үгүй гэхэд нэг их хилсдэхгүй байх. Тухайлбал намын бүлэг “Эрдэнэт”-ийн 49 хувийн хувьчлалын асуудлаар байр сууриа илэрхийлэхдээ “Энэ хувьчлал нь хууль зөрчөөгүй, ажлын хэсгийн дүгнэлт хэт өрөөсгөл байна. Төр хувийн хэвшлийнхнийгээ ингэж гадуурхаж болохгүй” гэхчлэн удаа дараа хэлж, чуулганы үеэр завсарлага хүртэл авч байсан ч тэдний дуу хоолой намын бүлгийн танхимаас хол яваагүй.

Хөгжлийн банкны асуудлаар шалгах бол АН-ын гишүүдийг ч, МАН-ын гишүүдийг ч ижил шалгах ёстой.

АН-ынхан ОУВС-ийн сантай хамтран “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т нөлөө үзүүлж дөнгөх үү

Монгол Улсын Засгийн газар ОУВС-ийн сантай хамтран “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхээр яригдаж байгаа энэ үед Ардчилсан намын бүлэг мөн л сөрөг хүчний дүрд тоглохыг хичээж эхлэв. Энэ талаар өчигдөр тэд мэдээлэл хийж,ОУВС-ийн тавьж байгаа нөхцөлд анхаарах нэлээд байгааг онцолсон. Хөтөлбөрийн хугацаанд “Хүн амын орлогын албан татвар”, “Нийгмийн даатгалын шимтгэл”-ийг нэмэгдүүлэхээр заасан нь байж боломгүй зүйл гэдгийг ч хэлсэн юм. Тодруулбал энэ талаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Бид өнөөдөр бүлэг дээрээ хоёр асуудал хэлэлцлээ. ОУВС-гийн хөтөлбөрт орох асуудлаар олон нийт Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн өгсөн мэдээлэлтэй байх шиг байна. ОУВС-гийн тавьж байгаа нөхцөлд анхаарах зүйл олон байгааг манай гишүүд ярилцлаа. Хамгийн гол нь ХХОАТ, НДШ-ийг нэмэх нь байж боломгүй зүйл гэж бид үзэж байна. Төсвийн зарлагад анхаарахгүй орлого тал дээр татвар нэмэх асуудал орж ирсэн нь хамгийн эмзэг. ОУВС Монголын нөхцөл байдлыг дутуу үнэлсэн байж болзошгүй. Эрх баригчид Ардчилсан намын бодлогын алдааг засаж байгаа гэдэгтэй санал нийлэхгүй. Энэ бол бодлогын алдаа биш бодлогын зөрүү. Тэлсэн эдийн засагт төсөв мөнгөний хатуу бодлого барьж болохгүй. Ардчилсан нам эрх барьж байхдаа 1.5 тэрбумыг бондоор босгож байсан. Харин энэ Засгийн газар 5 тэрбум ам.доллар авч байгаа нь 3.6 дахин их байна” гэдгийг хэлсэн.

Тэгвэл тэдний дуу хоолой төрд хүрч, энэ асуудлыг эрх баригчид анхаарах болов уу эсвэл мөн л өмнөх асуудлууд шиг хаалганы гадна үлдэх үү гэдэг эргэлзээтэй байгаа юм. Уг нь Ардчилсан намын бүлэг энэ асуудлыг хурцатгаж, иргэдийн нуруун дээр ирэх ачаанаас хөнгөлж өгвөл ирэх Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан нам нэлээд том “кок” авах нь ойлгомжтой. Энэ нь тэдний намын бүлэг байгуулсны, төрд төлөөлж байгаагийн гавьяа гарна.

Н.Батбаяр, Б.Гарамгайбаатар нарын баривчилгааны талаар байр сууриа илэрхийлээд л өнгөрөх үү

Ардчилсан намынхныг ээлж дараалан барьж, хорьж байгаа асуудалд тэд уг нь дуугардаг ч тэнгэрт тулдаггүй, тэгэсхийгээд л намждаг. Энэ удаа ч мөн намын бүлэг УИХ-ын гишүүн асан Н.Батбаяр, Б.Гарамгайбаатар нарыг АТГ-аас баривчилсан талаар байр сууриа илэрхийлсэн. Энэ талаар Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Хөгжлийн банктай холбоотой асуудлаар АН удаа дараа байр сууриа илэрхийсэн. Хөгжлийн банкны зээл бүгд эзэн холбогдогчтой.Үүнд ялгавартай, улстөржсөн байдлаар хандаж байгааг бид буруу гэж үзэж байна. Зорилготой улс төрийн үйл ажиллагаа болгож байгаад харамсаж байгаа. Бид хоёр андыгаа ямар нэг байдлаар хулгайлж, хумсалж, идсэн уусан гэж бодохгүй байна. АН гишүүдээ хамгаалах үүрэгтэй.Улстөрчдийг баривчилж байгаа баривчилгаа МАН-ын, М.Энхболдын сонгуулийн сурталчилгаа өнөөдрөөс эхэлж байна уу гэж харж байна. Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа сөрөг хүчний гишүүдийн баривчилгаанаас эхэлж байна. Энэ бол байж болшгүй зүйл” гэдгийг хэлсэн.

Энэ бүх асуудал үнэхээр Ерөнхийлөгчийн сонгуулийн шоу юу, Ардчилсан намын бүлэг намынхныхаа эрх ашгийг хэр хүндэтгэж, төрд төлөөлж чадах уу, үнэхээр цаашид хүчтэй сөрөг хүчин байж чадах уу гэдгийг цаг хугацаа харуулах буй за.

24tsag.mn


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих