Шийдлээ хүлээж буй ИПОТЕК
Бат хүлээсээр л… Орон сууцтай болохоор ойрын хэдэн жил олсон хэдийгээ хураасан тэрбээр одоо албаныхны амыг харж сууна. Хуримтлал нь байрны төлбөрийн 30 хувьд хүрдгийн даваан дээр ипотекийн зээл дээсэн дөрөөн дээр ирчихээд байна.
Өнгөрсөн ням гарагт болсон Монголбанк, Сангийн яам, ОУВС-гийн мэдэгдлийн үеэр итгэл дагуулсан ипотекийн тухай найдвар төрүүлсэн үг, өгүүлбэр үнэндээ ховор байв. Харин ч орон сууцжуулах хөтөлбөрийг орхиж буйгаа төв банкнаас мэдэгдлээ. Сүүлийн дөрвөн жил ипотекийг жолоодсон тус банк одоо энэ үүргээ Засгийн газарт шилжүүлэх гэж байна. “Монголбанк өнгөрсөн жилүүдэд дөрвөн их наяд төгрөг хэвлэж, ипотекийн хөтөлбөр хэрэгжүүлсэн. Одоо ингэж ажиллахгүй. Энэ бодлогоос гарна. ОУВС ч үүнийг дэмжсэн” хэмээн Монголбанкны тэргүүн Н.Баяртсайхан өгүүлэв.
Гэхдээ түүний мэдэгдэл Батад шинэ, сонин мэдээ биш. Угаас орон сууцжуулах хөтөлбөрийг орхихоо төв банк аль жилийн өмнөөс л цухуйлгасаар ирсэн.
Харин хэзээ мөдгүй уг хөтөлбөрийн жолоог атгах Засгийн газарт ипотекийг хэрхэн урагшлуулах арга хийгээд санхүүгийн чадавх үнэндээ алга. Үүнийгээ ч албаныхан учирлаж буй. Чухамдаа энэ бүрхэг байдал Батын сэтгэлийг гонсойлгоод буй. Яг түүн шиг олон гэр бүл өдгөө албаныхны амийг харж, ипотекийн талаар итгэл тээн хүлээж байна.
Үүнийг үзээд уншигч та орон сууцны найман хувийн хүүтэй зээл хэвийн үргэлжилж байгаа биз дээ хэмээн хариулах биз. Мэдээж, ипотекийн зээлийг зргсоочихоогүй. Гэхдээ зээл олголт хумигдсан байгаа. Арилжааны банкуудын зээл олголт огцом буурсан. Холбогдох шийдвэрүүд ч удаашраад байгаа нь үнэн. Нэг танил маань гэхэд зээлийн холбогдох материалаа өнгөрсөн наймдугаар сард өгөөд өнөөг хүртэл хүлээж байна. Ер нь банкуудын зээл олголт татарч, иргэдийн хүлээлт нэмэгджээ. Тоон үзүүлэлт ч үүнийг гэрчилнэ. Өнгөрсөн нэгдүгээр сард гэхэд улс даяар ердөө 392 иргэнд энэ төрлийн зээл олгосон болохыг Монголбанкнаас мэдээлэв. Өөрөөр хэлбэл, 24.1 тэрбум төгрөгийн зээлийн эх үүсвэрийг олгожээ. Энэ бол ипотек эрчимжээд байсан өмнөх жилүүдтэй харьцуулахад хэд дахин бага үзүүлэлт.
Хэдэн сарын өмнөөс Монголбанкнаас ипотекийн зээлийг эргэн төлөлтөөр нь санхүүжүүлэх шийдвэр гаргасан. Ингэснээр сүүлийн дөрвөн жил олгосон 80 орчим мянган зээлдэгчийн эргэн төлөлт, хүүгийн төлбөрийг эргүүлэн зээл болгоод байгаа юм. Үүнд сард ойролцоогоор 30 гаруй тэрбум төгрөг бүрддэг. Ипотек ийнхүү өөрөө өөрийгөө тэтгэдэг болсон нь энэ.
Гэвч энэ нь нийслэлийн 200 мянган өрхийг орон сууцжуулахад хангалтгүй. Энэ байддаараа нийслэлийн гэр хорооллыг хумихад багадаа 100 орчим жил зарцуулахаар байна. Тиймээс гэр хорооллыг хумьж, утааг бууруулах далайцтай шинэ арга хайхаас өөр аргагүй. Үүнийг ч Засгийн газар хийхээс өөр гарцгүй болчихоод байгаа нь бодит үнэн. Тиймээс иргэн Батын сонирхлыг Засгийн газрын шийдвэр эрхгүй татаж байна. Нөгөө талд, хэдийнэ сүндэрлэсэн эзэнгүй барилгуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах мэргэн бодлого хэрэгжүүлэхийг барилган салбарынхан хүлээсээр.
Албаныхны өгч буй тайлбараас одоогоор ипотекийг цаашид хэрхэн эрчимтэй үргэлжлүүлэх талаар ямар нэг шийдэлд хүрээгүй байгаа аж. Салбарын яамнаас санхүүгийн эх үүсвэр сүвэгчилж байгаа гэж мэдэгдсэн. Монголбанк 2018 он хүртэл ипотекийн зээлийг хэрэгжүүлээд, энэ эрхээ засагт шилжүүлнэ. Харин ирэх жилүүдэд ипотекийг урагшлуулах, эсэх нь Засгийн газрын толгой дээр буух нь. Гэтэл Ж.Эрдэнэбатын толгойлж буй Засгийн газарт шийдлээ хүлээж буй асуудал нь ганц ипотек биш.
Нийгэм, эдийн засгийн нэн чухал энэ хөтөлбөрийг урагшлуулах шаардлага бий. Тиймээс шил шилээ даран Монгол Улсад орж ирэх шинэ мөнгөөр энэ асуудлыг шийдвэрлэхээр зорьж буйгаа Засгийн газраас мэдээлсэн. Орон сууцны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийг шийдэхийн тулд Дэлхийн банкнаас техникийн тусламж авч байгаа. Цаашид энэ хөтөлбөрт Засгийн газраас гадна Дэлхийн банкны оролцоо их байх нь. Харин чухам ямар хувилбар сонгохыг харах л үлдэж байна. Тэр хүртэл ипотек иргэдийг хүлээлгэсээр байх нь.
Г.Байгал
[ЗГМ]
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Юу ганц Улаанбаатар гэж? Цаана чинь хөдөө орон нутаг гэж газар орон байдаг юм ш дээ сэтгүүлчээ. Тэнд бас барилга баригддаг иргэд нь орон сууцанд тухтай амьдрахыг мөрөөддөг. Тийм болохоор 100 жил биш 200 жил болох гээд байна
Энэ хөтөлбөрийг үнэхээр хэрэгжүүлж чадахгүй бол бүүр хаах хэрэгтэй. Хоёрын хооронд өгч байгаа нэртэй ингэж байж яахын. Үнэхээр моргейжийн зээл авмаар байгаа хүмүүс нь зах зээл дээр байгаа арилжааны байнкны зээлээ аваад л явна биз. 8%-ийн зээл гарахаас өмнө тэгээд яваад болоод л байсан биз дээ. Нэг тийш нь шийдвэрлэмээр юмаа