Хүүхэд бүрт алагчлахгүй мөнгө олгодог “баатрууд хаачив”

“Хүүхдийн мөнгийг алагчлалгүй олгох нь ирээдүй хойч үедээ оруулж буй хөрөнгө оруулалт, хүн ам зүйн бодлогыг дэмжсэн чухал бодлого. 0-18 насны 1 сая 30 мянган хүүхдийн 600 мянга нь өнөөдөр Хүүхдийн мөнгө авахаар төсөв батлагдсан. Энэ зардалд 2016 оны төсөвт 144 тэрбум төгрөг баталсан. Харин үлдсэн 400 мянган хүүхдэд өгөх 112 тэрбум төгрөгийг эрх баригчид хасаж баталсан. Тиймээс энэ мөнгийг ямар нэгэн эх үүсвэрээс олж ялгаваргүй өгөх шаардлагатай” гэж хамгийн их ярьсан хүмүүс бол тухайн үеийн сөрөг хүчин болох Монгол ардын намынхан.

Ингэж ярьсаар 2016 оны УИХ-ын сонгуульд “ХҮҮХДИЙН МӨНГИЙГ ХҮҮХЭД БҮРТ ОЛГОНО” гэсэн айхтар том мөрийн хөтөлбөртэйгээр оролцож ялалт байгууллаа. Эрх барьж байсан АН санхүүгийн хувьд асуудалтай байсан учраас өрхийн судалгаа гэгчийн явуулж, гэртэй хөргөгчтэй айлын хүүхдүүдэд мөнгө өгөхгүй гээд шийдвэрлэчихсэн байсныг МАН-ын гишүүд буруутгаж, хүүхэд бүрт олгоно гэж сурталчилгаагаа хийсээр байсныг маш сайн санаж байна.

МАН-ын мөрийн хөтөлбөрийг энд дарж үзэх боломжтой.

Ингээд л тэд ялагч болж хүүхэд бүр мөнгөтэй болох нь уу гэсэн худлаа болов. Эхний ээлжинд амьжиргааны түвшин доогуур айлын хүүхдүүдэд мөнгө өгч, нөгөө судалгаагаар гэртэй хөргөгчтэй айлын хүүхэд гээд хасагдсан хэд нь 2019 онд мөнгөө бөөнөөр нь авахаар болсон билээ. Үлгэрийн санагдсан л даа. Гэхдээ л Монголын төр ямар ч байсан хүүхдүүддээ мөнгө өгөх л юм байна гэж бодогдож байлаа.

Гэтэл өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын Засгийн газар Олон Улсын Валютын сантай хамтран ажиллахаар болж “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдснаар өнөөх үлгэрийн амлалт бүр мөсөн алга боллоо. Тодруулбал, 2019 онд бөөнд өгнө гээд амлаад байсан мөнгө ОУВС-ын хөтөлбөрт хамрагдснаар олгогдохгүй болж байна л даа.

Валютын сангийнхан Монгол улсад эдийн засгийн маш хатуу бодлого явуулахыг чиглэл болгосон. Ингэхийн тулд хамгийн түрүүнд нийгмийн халамжийн үйлчилгээгээ зогсоохоор болсон байна. Үүнд “хүүхдийн мөнгө”- гэх тодотголтой халамж ч багтаж, 2019 онд олгохоор төсөвлөсөн байсан мөнгө эмзэг бүлгийнхний хүнсний талон болон хувирчихлаа.

Хөгийн байгаа биз. Миний хүүхэд 20 мянган төгрөгөөр дутаагүй л дээ. Гэхдээ л улсын эдийн засаг, нөхцөл байдал ямар байсныг мэдсээр байж тухайн үеийн эрх баригчдыг буруутгаж, хүүхэд бүрт мөнгө олгох ёстой. Манайх энэ зэргийн мөнгийг олгох чадвартай. Хүүхдээсээ мөнгө харамлалаа” гээд л байсан МАН-ынхан ОУВС-ын хөтөлбөрийн ард нуугдаж, өөрсдөө хүүхдүүдээсээ мөнгөө харамлаж эхэллээ. Уг нь УИХ-ын 9 дүгээр сарын 7-ны өдрийн 38 дугаар тогтоолоор хүүхэд бүрт мөнгө олгоно гэхдээ цөөн хэсэгт нь 2019 онд өгье гээд л баталсан байдаг. Даанч тухайн үедээ ч чадамжгүй, одоо ч чадамж алга.

Зүгээр л “ХҮҮХЭД БҮРТ МӨНГӨ ОЛГОНО” гээд л шоудчихсан хэрэг. Одоо нөгөө ярьж байсан эрхэм гишүүдээс дахиад ам асуух юмсан. Ярьж байсан хүмүүс нь ихэнх нь сайд болчихсон л явж байна. БОАЖ-ын сайдаас эхлээд л … ”Хүүхдийн мөнгийг алагчлалгүйгээр яаж олгох вэ.” “Та бүхэн ирээдүй хойчдоо хэрхэн санаа зовинож байна вэ.” “Мөрийн хөтөлбөрөө биелүүлж чадах нь уу” гээд л асуумаар байх юм.

Амар

Үндэстэн агентлаг


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих