Дэмжлэг дутсан дундаж давхарга
Эдийн засгийн хувьд өсөлт, хямралын мөчлөгөөс “салахаа байсан” Монголын нийгэмд дундаж орлоготой давхарга сүүлийн 10 гаруй жилд алгуурхан боловч тэлжээ. Хувийн өмчийн баталгаа алдагдчихгүй л бол энэ тэлэлт цаашид жамаараа өсөх боломжтойг нэгэн судалгаа харуулж байна.
2014 оны байдлаар улсын хэмжээнд нийт өрхийн 61 хувь нь дундаж орлоготой давхаргад хамрагдаж байгааг Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэнгээс тогтоосон. Эдгээр өрх улсын нийт орлогын 58 хувийг бүрдүүлжээ. Харин 2008 оны дэлхии ниитииг хамарсан санхүүгийн хямралын үеэр манай улсын дундаж орлоготой давхарга 2014 онд нийт орлогын 44 хувийг л бүрдүүлж байв. Энэ бол АНУ-ын “Pew” судалгааны агентлагийн аргачлалаар тогтоосон үр дүн.
Гэтэл энэ үед Азийн хөгжлийн банкнаас Монголын дундаж давхаргыг 70 хувь гэж зарласан. Бүр тодорхой хэлбэл, өрхийн нэг гишүүнд ногдох нэг өдрийн орлого болон зардлыг 2-20 ам.доллараар тооцоход монголчууд Европын орнуудаас дутахгүй дундаж нийгэм болсон дүр зураг буусан юм. Мөн 2013 онд өрхийн орлого, хэрэглээний харьцааг үндэслэн хийсэн судалгаагаар 49.5 хувь нь дундаж орлоготой давхарга байна гэдгийг монгол эрдэмтэд тогтоож байсан билээ.
Ийм харилцан адилгүй үзүүлэлт гардаг нь судалгааны аргачлалаас гадна хөгжилд ямар хувь нэмэр оруулах бүлэг гэдгээр нь тооцож байна гэсэн үг.
Дундаж давхарга бол оюун санаа, эдийн засгийн аль алиных нь хувьд тухайн улсын хамгийн хүчирхэг хэсэг. Энэ давхарга зах зээлийн эрэлт, нийгмийн төлөвшил, эдийн засгийн өсөлтийг авч явдаг. Орлого, хэрэглээнээс гадна хувь хүний хүсэл тэмүүлэл, нийгэмд эзлэх байр суурь, эрх мэдэл гээд олон хүчин зүйлсийн нэгдэл. Тиймдээ ч энэ бүхнийг тэнцвэртэй тооцож гаргахад түвэгтэй. Харин эдийн засагт үзүүлдэг нөлөөг нь чухалчлан орлогод суурилж гаргах жишгийг олон улсад дагадаг байна.
Монгол Улс Дэлхийн банкны бүртгэлд дундаас бага орлоготой орнуудын эгнээнд бичигддэг. Энэ бүлэгт үйлчилдэг тооцооллоор бол манай улсын нийт хүн амын бараг 85 хувь нь дундаж давхаргынх болжээ. Задалж харах юм бол дундаж орлоготой иргэдийн тоо 2002 оныхоос 3.9, 2008 оныхоос 0.7 хувиар багассан дүр зураг буусан байх юм. Тэгэхээр 15 жилийн өмне манай улсын дундаж орлоготой давхарга нийгмийн 90 орчим хувийг эзэлж байсан гэсэн үг. Гайхмаар үзүүлэлт!
Харин чинээлэг давхарга 11.6 хувиар нэмэгдэж, 2014 онд 14.5 хувь байсан гэсэн тооцоо гарчээ. Үүнд ч илүү сонирхолтой дүр зураг гэвэл ядуу хэсэг манай нийгмийн нэг хувьд ч хүрэхгүй. Гэтэл 2014 онд ҮСХ-ны тооцоогоор манай улсын ядуурлын түвшин 21.6 хувьтай байсан юм. Тиймээс худалдан авах чадварт суурилсан нэг хүнд ногдох өдрийн орлого нь 2-26.5 хувь байна гэсэн үзүүлэлт манай улсад жулдахаар. Товчхондоо, энэ цонхоор харвал сүүлийн 10 гаруй жилд монголчууд ядууралтай зарласан дайнд ялжээ. Нийгмийн ихэнх хэсэгт үл таалагдах энэ үзүүлэлтээс харвал Монгол Улс дундаас бага орлоготой орны жагсаалтаас аль хэдийнэ ахисан юм шиг байна. Гэвч бодит байдал “Pew’’-ийн аргачлалд тулгуурласан үр дүн гэдгийг Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн судлаач З.Манлайбаатар тодотгов.
Дундаж орлоготой иргэд бол хувийн хэвшлийг дэмжзэд өгөхөд л төрийн онцгой халамжгүйгээр аяндаа бий болдог хэсэг гэдгийг харуулах жишээ олон. Хятад улсад 2000 онд хотын нийт оршин суугчдын дөрвөн хувь нь дундаж давхаргад хамаарч байсан бол 2012 онд 68 хувь болж өсчээ. Иргэдийн худалдан авах чадвар цалингийн хэмжээ нэмэгдэх, хөдөлмөрийн зах зээл, ажлын бүтээмжийн үр дүнг нэмэгдүүлэхэд хувийн хэвшлийн оролцоог дэмжиж, тогтвортой хадгалснаар дээрх амжилтанд хүрснийг Mckinsey онцолжээ.
12 жилийн хугацаанд дундаж орлоготой гэр бүл 10 хувиар тэлжээ
Манай улсын дундаж орлоготой иргэдийн хүрээ 2002 оноос хойш 10 гаруй хувиар тэлэхэд нөлөөлсөн шалтгааны талаар Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн судалгаанд тодорхой дурдаагүй байна. Харин статистикийн мэдээлэл сөхвөл 2009 онд 11.6 хувьтай байсан ажилгүйдлийн түвшин тогтмол багассаар 2014 онд 7.9 хувь болжээ. Дундаж орлоготой давхаргын орлогын эх үүсвэрт цалингийн эзлэх хувь ч мөн хугацаанд өссөн. 2002 онд нийслэлд цалингийн орлогод нөлөөлөх хувь 38, хөдөөд 11 байсан бол 12 жилийн хугацаанд 60 ба 25 хувь болж өссөн байна. Харин хувийн бизнес, худалдаанаас олсон орлого 50 хувиар буурсан үзүүлэлттэй. Үүнээс үзвэл өрхийн болон жижиг аж ахуйн оролцоо улам хумигджээ. Нөгөөтэйгүүр, цалингийн оролцоо дундаж орлоготой өрхөд улам нэмэгдэж байгаа нь ажил олгогч гол эзэд нь хувийн хэвшил болж буйг илтгэж байна.
Өдгөө дэлхий дээр дундаж давхаргаа хамгийн их судалсан улс нь АНУ. Тиймдээ ч тус улс ажил эрхлэлтийн түвшинд онцгой анхаардаг. Эдийн засаг дахь төрийн оролцоог багасгаж, жижиг, дунд бизнесийг дэмжиж, хөдөлмөр эрхлэх боломжийг нь нэмэгдүүлэхийн тулд хөдөлмөрийн насныхныг дэмжсэн идэвхтэй бодлого явуулдаг байна. Судалгаагаар тус улсын жижиг бизнес эрхлэгчдийн 97 хувь нь дундаж давхарга бөгөөд татварын хөнгөлөлт тэдний 86 хувьд нь таалагддаг.
АНУ-ын 44 дэх Ерөнхийлөгч Барак Обама бүрэн эрхийнхээ хугараанд энэ давхаргаа дэмжих “Medicaid” зэрэг хэд хэдэн хөтелбөр эхлүүлсэн юм. Энэ хөтөлбөрийн хүрээнд тэдэнд чиглэсэн татварын хөнгөлөлт, нийгмийн баталгаа, эрх зүйн орчныг сайжруулсан байна. Коллежийн төлбөр болон хоёулаа хөдөлмөр эрхэлдэг гэр бүлийн аль нэг гишүүн, хүүхэд харах үйлчилгээ зэргийг орлогын албан татвараас чөлөөлөх бодлого баримталжээ. Үүний үр дүнд иргэдэд хүрэх бодит хөнгөлөлтийг 150 ам.доллар байхаар зорьсон аж. Мөн хувийн хэвшлийг ажилчдадаа цалинтай чөлөө, эмнэлгийн магадлагаа олгох, цалингийн доод хэмжээг өсгөх боломжийг дэмжсэн байна.
Түүнээс гадна ажилчдын бүтээмжийг дээшлүүлэх янз бүрийн үйлчилгээг урамшуулж, макро эдийн засгийн түвшинд дэд бүтцийн бүтээн байгуулалт, худалдааны хэлэлцээрүүдийг идэвхтэй хийсэн билээ.
2016 онд болсон АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн мөрийн хөтөлбөрийн гол анхаарал ч дунд давхаргыг дэмжихэд чиглэж байсныг “The New York
Times” онцолжээ.
Ерөөс дундаж давхаргыг эдийн засагт нэмүү өртөг бүтээх боломжоор хангах нь эрх баригчдын гол бодлого болохыг дэлхийн хамгийн том эдийн засагтай улсын жишээ харуулж буй. Дундаж орлоготой давхаргыг авч явдаг эдийн засгийн гол хөшүүрэг нь төр биш, хувийн хэвшил. Үүнийг манай өмнөд хөрш үлгэрлэж байна. Эдийн засгийн эрх чөлөөгөөрөө арваннэгдүгээрт жагсаж яваа тус улсын дундаж давхарга эрчимтэй тэлэх бодлого баримталснаар дотооддоо төдийгүй дэлхий нийт үр шимийг нь хүртэж буй.
» Дундаж орлоготой иргэд бол хувийн хэвшлийг дэмжээд өгөхөд л төрийн онцгой халамжгүйгээр аяндаа бий болдог.
» Хувийн хэвшил цалингийн доод хэмжээг өсгөх боломжийг дэмжсэн.
» АНУ энэ давхаргаа дэмжих “Medicaid” зэрэг хөтөлбөрийн хүрээнд татварын хөнгөлөлт, нийгмийн баталгаа, эрх зүйн орчныг сайжруулсан байна.
Гэтэл манайд хувийн хэвшлээ татвараар дарамталж, валютын ханшийн шуурганд хаалгаа барихаас өөр сонголт үлдээсэнгүй. Муу дээрээ муухай, муухай дээрээ улцан гэгчээр хувийн өмчийн баталгаа алдагдаж байгаа энэ цагт алгуур боловч тэлж буй дундаж давхарга ахин хумигдаж болзошгүй нь.
[ЗГМ]
URL: