“Сарын шилдэг тамирчин”-г шалгаруулдаг болов

Монголын Үндэсний олимпийн хороо /МҮОХ/-ноос тухайн сард болж өнгөрсөн тэмцээн, уралдаанд амжилт үзүүлсэн тамирчдаа алдаршуулах, сар бүр Монголын спортын ертөнцөд болсон үйл явдлыг дүгнэх зорилгоор “Сарын шилдэг тамирчин” төслийг Монголын Спортын сэтгүүлчдийн холбоо, UBS телевиз, Монголын спортын маркетингийн агентлагтай хамтран хэрэгжүүлэхээр боллоо.

“Сарын шилдэг тамирчин”-г ирэх сарын эхний долоо хоногийн даваа гаригт нэрлэх бөгөөд шилдгийг санал асуулгад нэр дэвшүүлэх зарчмаар тодруулах юм. Өнгөрсөн 10 дугаар сарын шилдгийг 11 дүгээр сарын 7-ны өдөр тодруулж “Сарын шилдэг тамирчин” цомыг нь 11 дүгээр сарын 10-нд гардуулна.

Шилдгийг тодруулахдаа, онлайн санал асуулга /Вэб хуудас, бусад онлайн хэрэгслээр санал авах/ нийт саналын 50 хувь нь байх бол сарын шилдгийг дүгнэх комисс /Хамтрагч байгууллага бүрээс нэг нэг төлөөлөгч/ нийт саналын 50 хувь нь байна.

2011 оны 10 дугаар “Сарын шилдэг тамирчин”-д нэр дэвшигчдийг сонирхуулахад, ОУХМ Ганбатын Болдбаатар Арабын Нэгдсэн Эмират улсын Абу Даби хотноо зохиогдсон жүдо бөхийн Гран-при тэмцээнд мөнгөн медаль хүртсэн, Бишиндээн Урантунгалаг-Ираны нийслэл Тегеран хотод болсон Байт харвааны ААШТ-нд багийн болон хувийн төрөлд мөнгөн медаль хүртэж, “Лондон-2012” олимпийн наадмын ес дэх эрхийг авсан, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Пүрэвдоржийн Сэрдамба Азербайжаны нийслэл Баку хотноо зохиогдсон ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж энэхүү тэмцээнээс хос медаль хүртсэн анхны хүн болсон, ОУХМ Бат-Очирын Сэр-Од 30 шахам орны 2000 гаруй тамирчид өрсөлдсөн Бээжин хотноо болсон марафон гvйлтийн олон улсын уламжлалт тэмцээнд зургадугаар байранд орсон, ОУХМ Эрдэнэбилэгийн Халиунболд ӨМӨЗО-ны Биеийн тамир спортын хороо, МҮОХ хамтран Өвөр Монголын Ордост зохион байгуулсан автомашин, мотоциклын бартаат замын уралдаанд түрүүлсэн амжилтаараа шилдэгт шалгараад байна.

Эх сурвалж: “Монцамэ”


URL:

Сэтгэгдэл бичих