Олон жил оношлогоонд ороогүй, татвараа төлөөгүй машиныг Улсын бүртгэлээс хасч эхэлжээ

Нийслэлд авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, төлбөрийг хурааж эхэлсэнтэй холбогдуулан нийслэлийн Татварын албаныхан өчигдөр Баянгол Техникийн хяналтын үзлэгийн төвийн ажлын явцтай танилцлаа.

 7712

Нийслэлийн хэмжээнд тээврийн хэрэгслийн албан татварын ажил эхэлсэнтэй холбогдуулан Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан Техникийн хяналтын үзлэгийн төвүүдэд долоо хоногийн турш амралтын өдөргүй ажиллаж байгаа юм.

Улаанбаатар хотод 440 мянга гаруй тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байдгаас өнөөдрийн байдлаар 47 мянган нь хамрагдсан байдалтай байгаа юм.

Нийслэлийн Татварын газрын байцаагч Я.Өнөрбаяр “Авто тээврийн албан татварыг тухайн тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлийн орноос хамааран ирэх тавдугаар сарыг дуустал хурааж байна.

1, 6, 2, 7-оор төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгсэл эзэмшигчид энэ хоёрдугаар сардаа амжиж татвар, төлбөрөө төлөх шаардлагатай.

Нэгдүгээр сард татвараа төлөх ёстой ч хугацаанаасаа хоцорсон буюу 1,6-аар төгссөн тээврийн хэрэгсэл эзэмшигчдэд хандаж хэлэхэд энэ сард Татварын газрын зүгээс ямар нэгэн торгууль байхгүй. Харин татвараа төлөөгүй тохиолдолд Замын цагдаагийн албанаас Захиргааны хариуцлагын тухай хуулийн дагуу арга хэмжээг авч байгаа” гэдгийг хэлж байлаа.

Техникийн хэрэгслийн үзлэг, оношлогооны төвүүдийн ажиллах цагийн хуваарийн талаар Авто тээврийн үндэсний төвийн ахлах мэргэжилтэн Д.Эрдэнэмөнх “2017 он гарсаар улсын хэмжээнд 39 мянга гаруй тээврийн хэрэгсэл техникийн хяналтын үзлэгт хамрагдаад байна.

Нийслэлд Баянгол, Сонгинохайрхан, Баянзүрх гэсэн гурван техникийн хяналт, үзлэгийн төв ажиллаж байна.манай үзлэгийн төвүүд нь долоо хоногийн бүх өдрүүдэд амралтгүй ажиллаж байгаа.

Ажлын өдрүүдэд 08:30-20:30 цагийн хооронд, амралтын өдрүүдэд 09:00-17:00 цагийн хооронд ажиллаж байна. Албан татвар, төлбөрийн ажил эхэлсэнтэй холбогдуулаад гурван салбар төвүүд дээр маань татвар хураах ажил явагдаж байгаа” хэмээлээ.

Улсын бүртгэлд бүртгэлтэй ч жил дарааллан үзлэг, оношлогоонд ороогүй, Татвар, төлбөрөө төлөөгүй тээврийн хэрэгслийг эзэмшигчийнх нь хүсэлт гаргасны дагуу ямар нэгэн торгууль төлбөргүйгээр улсын бүртгэлээс хасч байгаа аж.

Энэ талаар Авто тээврийн үндэсний төвийн Бүртгэлийн газрын дарга Б.Гүрсоронзон “ЗЦА, Техникийн хяналтын үзлэгийн төвүүд болон нийслэлийн Татварын алба хамтарсан судалгаа гаргаад сүүлийн таван жилээс дээш техникийн хяналтын үзлэг, оношлогоонд ороогүй, татвар, төлбөрөө төлөөгүй тээврийн хэрэгслийг улсын бүртгэлээс хасч эхэлсэн.Ингэхдээ шууд хасахгүй эзэмшигчээр хүсэлт гаргуулж хүсэлтийн дагуу хасалтаа хийсээр байна.

2017 он гарсаар улсын хэмжээнд бид 4,813 тээврийн хэрэгсэл шинээр бүртгэж гэрчилгээ, дугаар олгосон. Мөн 24,036 тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн бүртгэсэн байгаа” гэдгийг хэллээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


URL:

Сэтгэгдэл бичих