Хоосон ханхайж буй барилгуудаа эзэнтэй болгооч

7704

…Баяр хувийн нэгэн компанид ажилладаг бөгөөд эхнэр, хоёр хүүхдийн хамт захын нэгэн гэр хороололд амьдардаг. Тэдний чин хүсэл бол орон сууцанд орох. Эхнэр хүүхдийн хувцас, хоол, хүнс болон нүүрс түлээ, гэрлийн мөнгө энэ тэр гэсээр түүний цалин хураагдах нь бага.

Гэвч тэр боломжийн үнэтэй орон сууцанд орчих гэсэн хүсэлдээ хөтлөгдөн үдэш бүр зурагтаар гарах орон сууцны төлбөр, ипотекийн зээлтэй холбоотой мэдээнд чих тавин суух болжээ. Сар бүрийн цалингаасаа хэдэн төгрөг цуг­луу­лах авч гэнэтийн осол гэмтэл, өвчин зовлонд хураасан хэдэн төгрөг нь дуусчихна. Арай гэж Засгийн газраас ипотекийн найман хувийн зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлсэн хэдий ч ганц хүний цалин тус хөтөлбөрийн нөх­цөлийг биелүүлж чадахгүй билээ.

Энэ л шалтгаанаар одоо болтол түүний хүүхдүүд хөлдүү угаадсанд идэгдсэн харанхуй гудамжаар үдэш бүр сургууль гэрийн хооронд гүйлдэж, тэд утаанд дарагдсан гэр хороололдоо орон сууцанд орох мөнхийн мөрөөдөлтэйгөө амьдарсаар буй. Энэ бол орон сууцанд орох хүсэлтэй захын нэгэн гэр хороололд амьдрах эгэл жирийн Монгол айлын нэг л жишээ. Энэ мэтчилэн олон мянган өрх бий. Тэдэнд гол саад болж буй зүйл нь орон сууцны үнэ болон банкны хэт өндөр шаардлага.

Хэдийгээр Монгол Улсын Засгийн газраас иргэдэд ипотекийн зээлийн тусламжтайгаар орон сууцанд хамрагдах боломж олгосон хэдий ч цалингийн доод хэмжээг хэдэн арав дахин нугалсан тэдний шаардлагаас болж уг хөтөлбөр иргэн бүрт хүрч чадахгүй байгаа нь үнэн.

Өөрөөр хэлбэл, дундаж амьдралтай иргэдийн цалин ипотекийн зээлд хамрагдахад хүрэхгүй байна. Тэгвэл энэ асуудлыг барилгын компаниуд өөр дээрээ авч, ипотекийн зээлд хамрагдах боломжгүй иргэдэд уян хатан нөхцөлтэйгөөр шууд байрандаа орох боломжийг олгож эхэлсэн. Тиймээс “Монголын мэдээ” сонин барилгын компаниуд эдийн засгийн хямралтай энэ үед иргэдэд ямар боломж, нөхцөлийг олгож буй талаар энэ удаагийн “Дугаарын сурвалжилга”-аа бэлтгэлээ.

УРЬДЧИЛГАА ТӨЛБӨРТӨӨ ХАШАА БАЙШИНГАА ОРОЛЦУУЛАХ БОЛОМЖТОЙ

Улсын хэмжээнд аюулын харанга дэлдэхэд хүргэсэн бүр цаашилбал, хүмүүсийн хөл хөдөлгөөнд хорио цээр тавиулах дөхсөн  нэгэн асуудал бол яахын аргагүй утаа. Нийслэлд утаа үүсгэж, агаар бохирдуулаад байгаа хэд хэдэн шалтгааны нэг нь гэр хороолол. Гэр хорооллын айл өрхийн нүүрсний хэрэглээ буюу яндангийн утаа агаар бохирдуулах хүчин зүйлийн нэг яах аргагүй мөн. Түүнчлэн яндангийн тоо жилээс жилд нэмэгдсээр байгаа нь ч үүнтэй холбоотой.

Тэгвэл Улаанбаатар хотын Захирагч С.Батболд агаарын бохирдолтой тэмцэх гурван төрлийн захирамж гаргасны нэг нь хөдөө, орон нутгийн иргэдийг  хот руу шилжилт хөдөлгөөн хийхийг хориглосон. Энэ нь магадгүй өмнөх яндангаа цөөлж чадахгүй байхад нэмээд яах вэ гэсэндээ л авч хэрэгжүүлж буй арга ядсан арга биз. Үнэндээ гэр хорооллын иргэд хүссэндээ агаар бохирдуулж, хотыг “утаад” байгаа ч юм биш. Боломж бололцоотой байсан бол заавал яндангийн тоог нэмээд, нэг хашаанд бөөгнөрөөд, хөрс бохирдуулаад суухыг хэн хүсэх вэ дээ.

Амьдрах гэж хичээж байгаа нь л энэ. Хашаа байшин гэхээсээ илүү халуун, хүйтэн устай, гал, мод, түлээ гэх шаардлагагүйгээр орон сууцанд амьдрах хүсэл хэнд ч байх нь ойлгомжтой.Тухайлбал, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн IX хорооны нутагт оршин суух Б.Баасанхүү “Өнөөдөр бидний хувьд идэж, уухаасаа хэтрэхгүй байна. Цааш нь хуримтлуулж, хураасан юм байхгүй. Хуримтлал үүсгэж чадахгүй байгаа учраас амьдралаа дээшлүүлж, орон сууцанд орж чадахгүй байна.

Хэрвээ авч байгаа цалин хөлс маань илүү өндөр байсан бол амьжиргаандаа зарцуулаад үлдсэнийг  нь хуримтлал болгоод ядаж урьдчилгаа төлбөрөө төлөөд зээлээр байранд орчих л байсан. Бас ипотекийн зээлд хамрагдах гэхээр банк хэтэрхий өндөр шаардлага тавьдаг. Ялангуяа гэр хорооллын иргэдийн хувьд дийлэнх нь ядуу, зарим нь над шиг ууж, идэхээсээ илүү гарч чаддаггүй хүмүүс байдаг учраас аргагүйдээ л ингэж амьдарч байна. Хэрвээ цалин өндөр, эсвэл зээлийн нөхцөл уян хатан байсан бол байдал арай өөр байх байсан” гэж учирлав.

Нийслэлийн баруун хэсэгт байрлах Сонгинохайрхан дүүрэг хамгийн их хүн амтай, гэр хороолол ихтэй, шилжилт хөдөлгөөн замбараагүй байдаг дүүрэг билээ. Энэ дүүргийн нутагт орших гэр хорооллын гудамжаар явж байхад асуудал ихтэй гэдэг нь аандаа л мэдрэгдэж байлаа. Урин цаг ирж байгаа болохоор ч тэр үү, гудамжид асгасан угаадас нь хайлж, шавар шавхай болон урсана. Зарим айлын  хашааных нь завсраар өнөөх угаадас нь  хогтой нь холилдоод  гараад ирчихсэн байх нь тэр.

Харин  наад  талд нь сургуулийн дүрэмт хувцас, цагаан цэцэгтэй боолт толгойдоо зүүсэн  хүүхдүүд хашааны ёроолоор байх хэсэг цасаар тоглож байв. Тэр цас айлуудын урсаж буй угаадастай холилдсон нь дамжиггүй. Ийм нөхцөл байдалд байгаа иргэд дурандаа энд амьдраагүй нь ойлгомжтой.

Тэгвэл ийм нөхцөлд амьдарч буй  иргэдийг орон сууцжуулж болох ямар боломж байгааг асуухаар Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороололд байрлах “Содон стандарт цогцолбор хороолол” гэх том хаягтай барилга руу орж, борлуулалтын албаны ажилтан   н.Нурсаулитай уулзлаа. Тэрбээр “Иргэд эдийн засгийн хүчин чадалгүйгээс болоод урьдчилгаа төлбөрийн 30 хувийг төлөх бололцоо муу байна. Тиймээс манай компани 2016 оны хоёрдугаар улирлаас эхлэн иргэдэд нэгэн боломжит саналыг тавьж байгаа.

Энэ нь банктай харилцахгүйгээр шууд “Тэсо” компанийн барьсан “Содон хороолол”-ын зээлд хамрагдахад урьдчилгаа  10 хувийг бэлнээр төлөөд үлдсэн 20 хувьд нь үл хөдлөх хөрөнгө буюу одоо оршин сууж хашаа, байшин, машинаа оролцуулан тооцуулах боломжийг олгож байна. Тэгэхдээ урьдчилгаа 20 хувьд тооцуулах хашаа байшин нь өмчлөх эрхийн гэрчилгээтэй, хашаан дотроо ямар нэгэн үл хөдлөх хөрөнгөтэй байх учиртай. Мөн үнэхээр сайхан тохижуулсан хашаа, байшин байх юм бол үнэлүүлээд үнийн дүнгээ тооцуулаад хасуулж болно” гэв.

“Тэсо” компанийнхны энэхүү санал иргэдэд таатай санагдсан болохоор сүүлийн үед тус байранд  орсон ихэнх иргэд хашаа, байшингаа эсвэл машинаа урьдчилгаанд тооцуулж, эдүгээ орон сууцандаа орчихоод байгаа аж. “Содон хороолол”-д нийт 17 блок баригдахаас найм нь бүрэн ашиглалтад орсон бөгөөд есөн блок нь тун удахгүй ашиглалтад орох юм байна. Тус компанийнхан бусад барилгын компаниудад байхгүй нөхцөлөөр иргэдийг байртай болгож байгаа нь тэдэнд илүү боломжийг нээж өгч байна. “Урьдчилгаа 30 хувиа төлөөд банкнаас зээл авч найман хувийн зээлд хамрагдаж болно.

Мөн банктай харилцах боломжгүй иргэд урьдчилгаа 50 хувиа төлөөд үлдэгдэл 50 хувиа манай компаниас зээлж болно.  Энэ нь хувийн лизинг гэсэн үг л дээ.  Ингэж хувийн лизингэд хамрагдсан  иргэд зээлсэн мөнгөө нэг жилийн дотор ямар ч хүүгүйгээр төлж болно эсвэл гурван жилийн хугацаатай төлөх бол жилийн 18 хувийн хүүтэйгээр төлж болно” хэмээн борлуулалтын албаны ажилтан хэлж байлаа.

“Содон хороолол”-ын  ашиглалтад орсон гэх найман барилгад айлууд аль хэдийнэ орчихсон нь харагдаж байлаа. Мөн гаднаа машины ил зогсоол, улсын сургууль, цэцэрлэг, супермаркет гээд иргэдэд хэрэгцээ, шаардлагатай бүхэн нэг дор байх аж.

Байр болгон үйлчилгээний ажилтантай төдийгүй, нэгдсэн харуул хамгаалалт маш сайн гэнэ.  Харин манай сурвалжлах хэсэг тус байранд оршин суух иргэдтэй уулзахаар хэсэг зогссоныг байрны хамгаалагч аль хэдийнэ ажигласан бололтой биднийг ямар зорилготой, яах гэж явааг минь шалгааж эхлэв. Бид учир явдлаа хэлбэл, оршин суугчдынхаа аюулгүй, амгалан тайван байдлын төлөө шаардлага тавих хэрэгтэй хэмээн тайлбарласан. Ийнхүү учир явдлаа тайлбарласны дараа бид тус хорооллын оршин суугч н.Цэндээ болон Г.Мөнхцэцэг нартай уулзав.

н.Цэндээ хотын хойд хэсэг буюу Хайлаастаас нүүж ирсэн бөгөөд 30 хувиа бэлэн төлөөд “Голомт банк”-тай харилцаж зээл авсан аж. Харин Г.Мөнхцэцэгийн хувьд өнгөрсөн оны наймдугаар сард байрандаа орсон бөгөөд “Тэсо” компаниас зээл авчээ. Ингэхдээ тэрбээр зээлийн урьчилгаа болгон 50 хувийг бэлнээр төлөөд үлдсэн 50 хувийнхаа 20 хувьд нь өмнө нь амьдарч байсан хашаа байшингаа өгсөн гэнэ. Харин 30 хувийг нь уг компаниас жилийн дотор төлж барагдуулах нөхцөлтэйгөөр зээл авсан байна.

Манай сурвалжлах хэсэгтэй “Тэсо” компанид ажилладаг гэх нэгэн эмэгтэй энэ үеэр таарав. Тэрбээр, “Би “Тэсо” компанид ажилладаг. Энгийн худалдан авагчдыг бодвол манайх ажилчдадаа хөнгөлөлттэй нөхцөлөөр ашиглалтад оруулсан байрнаасаа олгодог. Нийт үнийн дүнгээс долоон хувийг хөнгөлүүлж зээлд хамрагдах боломжтой байдаг. Гэхдээ бэлэн мөнгөөр байр авахад илүү их боломжтой юм билээ” хэмээсэн юм.

32-ЫН ТОЙРГИЙН 900 АЙЛ ОРОН СУУЦТАЙ БОЛОХГҮЙ

Гэр хорооллын иргэдийг орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд нийслэлээс шат дараатай олон ажлыг хийж байгаа. Түүний нэг нь Гэр хорооллын дахин төлөвлөлт. Өөрөөр хэлбэл, дахин төлөвлөлтөд орсон айлууд газраа чөлөөлөн үнийн дүнд дүйцэхүйц байртай болох боломжтой.

Тэгвэл сар гаруйн хугацааны өмнөөс газар тариалангийн салбарт нэлээд том байр суурийг эзлэх “Гацуурт” компанийн захирал Л.Чинбат хотын төвтэй хаяа залган орших 32-ын тойрог орчмын 900 айлыг орон сууцжуулна гэх мэдээлэл цахим ертөнцөд тархсан. Харин манай сурвалжлах хэсэг энэхүү мэдээлэл үнэн эсэх талаар тодруулахаар 32-ын тойрогт амьдардаг иргэдтэй уулзлаа. Тус хорооны иргэд “Дэрэм” компаниас газрыг чинь байраар сольж өгье гэж нэг хэсэг их ирдэг байсан. Гэхдээ иргэд санал нэгдээгүйгээс болоод чимээ сураг тасарсан.

Эндэхийн зарим айл алга дарам газраа хэтэрхий өндрөөр  үнэлж шуналтаж байгаад тэднийг мухардалд оруулсан байх гэж би боддог юм” гэв. Мөн хуучны төмөр чиргүүл дотор дугуй засвар ажиллуулж амьдралаа залгуулдаг Н.Батпүрэв гуай “Гацуурт” компаниас 900 айлын орон сууц гэх санал ерөөсөө орж ирээгүй, бүүр дуулдаа ч үгүй” гэсэн юм.

Харин машиныхаа дугуйг нөхүүлэх зууртаа бид хоёрын яриаг чагнаж зогссон 28 орчим насны залуу “Гацуурт” компаниас тийм хөтөлбөр зарлаагүй. Ташаа мэдээлэл гэж хурал дээрээ хүртэл хэлж байсан. Фэйсбүүкээр явсан худлаа мэдээлэл байх” гэв.

Тус хорооны оршин суугчдын хэлснээр “Гацуурт”-ын 900 айлын орон сууц хөтөлбөр” гэдэг нь ор үндэсгүй худлаа мэдээлэл аж. Гэхдээ  100 айлын ойр хавьд амьдрах дийлэнх иргэд газраа байраар солих сонирхолтой байгаа нь иргэдийн ярианаас анзаарагдаж байлаа. Гэхдээ газраа хэт өндөр үнэлэх гэсэн зарим иргэдийн шуналаас болж тэд бохир гудамж, гэр хорооллын утаатайгаа зууралдаж байгаа нь энэ аж.

ТӨЛБӨРӨӨ 100 ХУВЬ ТӨЛБӨЛ 18 САЯЫГ НЬ БУЦААЖ ӨГНӨ

Манай сурвалжлах хэсэг “Содон хороолол” компанийн борлуулалтын менежертэй ийн ярилцсаны дараа  Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах  “Аман хуур II” хотхоныг зорив. Тайванийн хөрөнгө оруулалттай “Кэй энд Ти констракшн” ХХК-ийн  “Амар хуур” хотхон хэрэглэгчдийн дунд аль хэдийнэ танил болсон гэхэд болно. Учир нь “Амар хуур I” хотхон ашиглалтад ороод долоон жилийн нүүрийг үзэж байгаа аж. Харин тус хотхоны оршин суугчид их ам сайтай байх юм билээ. Тэгвэл тун удахгүй “Аман хуур II” хотхон 220 айлаа хүлээж авахад бэлэн болсон гэнэ.

Автомашины дулаан гарааш, худалдаа үйлчилгээний төв, хүүхдийн тоглоомын талбай гээд оршин суугчдад хэрэгтэй бүх зүйлсийг нэг дор төвлөрүүлж чадсан нь тус хотхоны бас нэгэн онцлог юм. Гаднаас нь харахад цагаан саарал өнгийн хээнцэр байшин, дотор талдаа Япон хэв маягт суурилсан ногоон байгууламж бүхий дээвэр, шинэлэг загварыг гаргасан амралтын өрөө, европ загварын сонгодог барилга, дөрвөн төрлийн эко технологийг оруулжээ. Манай сурвалжлах хэсэг тус байрны оршин суугч О.Батбаатартай уулзаж, зарим зүйлийн талаар ярилцав.

Тэрбээр “Манайх гэр бүл, үр хүүхдүүдтэйгээ “Аман хуур I” хотхонд амьдардаг. Тохилог орчин, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, дэлгүүр гээд бүхий л зүйлдээ ойрхон. Байршил сайтай гэж үүнийг л хэлэх байх.  “Аман хуур” хотхон бол иргэдийнхээ амьдрах орчин бүрэн хангаж чадаж байгаа.

Удахгүй “Аман хуур II” ашиглалтад орно. Тэр байр нь сүүлийн үеийн шинэлэг шийдлийг харуулсан. Залуу хүмүүст зориулсан сайхан байр болсон. Орон сууцны тухайд үнэ ханшаас гадна хаана ямар байрлалд байдаг нь их чухал шүү дээ” гэв. Харин тус барилгын компанийн зүгээс эдийн засгийн хямралтай энэ үед цагаа олсон хэд хэдэн боломжийг иргэдэд олгож байгаа гэнэ.

Энэ талаар “Кэй энд Ти констракшн” компанийн борлуулалт хариуцсан менежер Д.Баттунгалаг  “Манай компани нь иргэдэд маш олон боломжийг олгодог.

“Аман хуур” хотхоноос 44-91 мкв талбай бүхий байрнаас сонголт хийх боломжтой. Үнийн хувьд цонхны байршил өрөөнөөсөө хамаарч 2.7-2.9 сая төгрөгийн хооронд байдаг. Мөн байрныхаа 30 хувийг төлөөд байрандаа орсон үедээ 70 хувиа төлөх боломжтой. Бүтэн төлсөн тохиолдолд байгууллагын зүгээс төлбөрийн нийт дүнгийн тодорхой хувийг буцааж өгөх зэрэг урамшууллыг олгодог” гэв.

Тус компанийн хувьд ипотекийн зээлээс өөр нөхцөлөөр байранд орох боломжгүй гэдгийг энэ үеэр хэлж байлаа. Эндээс гараад бид Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн чанх хойно байрлах “Parkside residence”  хотхонд очлоо. Тус барилга нь бүрэн цутгамал, төмөр бетон, караказ хосолмол гурван давхар шил бүхий евростандарт вакум цонхтой, ресторан, супермаркет, фитнесс, цэцэрлэг, оффис бүхий иж бүрэн үйлчилгээний төвийг цэцэрлэгт хүрээлэнтэй хослуулжээ.

Мөн гадна, дотроо 24 цагийн камер байрлуулж, оршин суугчдын аюулгүй байдлыг дээд зэргээр хангасан нь ихэд таалагдаж байлаа. Иргэдийн амьдрах нөхцөлийг дээд зэргээр хангаж чадаж байгаа нь тухайн барилгын чанар, хөгжил дэвшлийг илэрхийлж буйн нэг илрэл мөн биз ээ. Тэгвэл энэхүү хотхоныг “Дельта Констракшн” ХХК гүйцэтгэсэн бөгөөд 1мкв үнэ байршлаасаа хамаараад 2.6-3.3 сая төгрөгийн үнэтэй юм билээ. Харин “Маршал таун” хотхоны “King Tower” хотхоны хувьд хэрэглэгчдэдээ хэд хэдэн боломжийг олгожээ.

Энэ талаар тус компанийн борлуулалтын менежер  Б.Янжинлхам “Хэрвээ үйлчлүүлэгчид төлбөрөө 100 хувь төлбөл бид 10 хувийн хөнгөлөлт үзүүлж байгаа. Мөн урьдчилгаа 50 хувиа төлсөн тохиолдолд үлдсэн мөнгөө манай компанийн гурван жилийн хугацаатай хүүгүй лизингэд хамрагдаж төлөх боломжтой” гэсэн юм. Тус хотхонд 59-400 мкв хэмжээтэй байрнууд байгаа бөгөөд үнийн хувьд давхар байршлаасаа хамаараад 3,290-3,590 мянгын хооронд байгаа аж.

БЭЛЭН МӨНГӨГҮЙ ИРГЭД ХЯМД ОРОН СУУЦЫГ Ч ХУДАЛДАЖ АВЧ ЧАДАХГҮЙ

Өнгөрсөн саруудад нийслэл Улаанбаатарт өрнөсөн халуухан сэдвийн нэг нь агаарын бохирдол болон түүний хор уршиг, гарах арга замууд байлаа. Тэр бүү хэл гэр хорооллын хүүхдүүдийн цусанд хүний биед байх ёсгүй хар тугалга илэрсэн талаар ч мэдээлсэн. Тодруулбал, Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн Орчны эрүүл мэндийн тэнхимээс Баянхошуу, Да хүрээ, Нарантуул, Хотын төв болон Зайсан гэсэн таван цэгт хоёроос дээш жил амьдарсан 7-10 насны 15 хүүхдэд шинжилгээ хийжээ.

Шинжилгээний үр дүнгээр Баянхошуу орчимд амьдардаг хүүхдүүдийн цусан дахь хар тугалны хэмжээ 15.9-22.6 мкг/дл, Техникийн зах орчимд амьдардаг хүүхдүүдийнх 5.7-10 мкг/дл, хотын төвд амьдардаг хүүхдүүдийнх 4.2-8мкг/дл, Нарантуул зах орчимд амьдардаг хүүхдийн цусан дахь хар тугалгын агууламж 4-4.3 мкг/дл хэмжээтэй илэрсэн байна.

Харин Зайсан орчимд амьдардаг хүүхдүүдийн цусанд хар тугалга огт илрээгүй аж. Энэхүү судалгааны дүнг дурьдсан нь ч учиртай. Тус судалгаанаас бид зайлшгүй бүгдийг орон сууцжуулах хэрэгтэй юм байна гэдэг хариултыг авч болно. Нийслэлийн иргэд төдийгүй ирээдүй хойч үеэ эрүүл аюулгүй орчинд амьдруулж, хамгийн гол нь эрүүл байлгахыг хүсвэл иргэдийг орон сууцанд оруулах нийгмийн зайлшгүй хэрэгцээ, шаардлага бий болсон нь энэхүү судалгаанаас харагдана.

Энэ нь бидний олон жил ярьж буй агаарын бохирдол, гэр хорооллын утаанд цэг тавих нэг алхам ч байж болох юм. Нөгөөтэйгүүр эдийн засгийн хямрал нүүрлэсэнтэй холбогдуулан орон сууцны үнэ огцом буурсан талаар Монголбанкнаас мэдээлж буй. Монголбанкнаас гаргасан өчигдрийн мэдээллээс харахад нийслэлд өнгөрсөн нэгдүгээр сард Орон сууцны үнийн ерөнхий индекс 0.98  болж, суурь үе буюу 2013 оны нэгдүгээр сараас 1.93 хувиар буурсан дүн гарчээ.

Харин  өмнөх сараас 2.83 хувиар, өнгөрсөн оны мөн үетэй буюу 2016 оны нэгдүгээр сарын үр дүнтэй харьцуулахад 7.18  хувиар буурсан байна. Харин шинэ орон сууцны үнийн 12.71 хувьтай гарсан бөгөөд энэ нь өмнөх сараас 2.43 хувиар, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 4.65 хувиар буурсан хэвээр байгаа аж. хуучин орон сууцны үнийн индекс 0.92 хувь гэнэ. Энэ нь өмнөх сараас 0.31 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 6.31 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа ажээ.

Энэ мэтчилэн орон сууцны үнэ буурсан хэдий ч иргэдийн санхүүгийн чадамж нөгөөтэйгүүр банкны давж дийлшгүй нөхцөл шаардлагаас хамаарч орон сууцны борлуулалт муу хэвээр байгаа юм. Энэ цаг үед барилгын компаниуд Засгийн газар болон арилжааны банкны гар харж суулгүй өөрсдөө санаачлагатай байж, уян хатан нөхцөлөөр иргэддээ байраа худалдвал дээргүй юу.

Цаана чинь улсын комисс хүлээгээд авчихсан 20 гаруй мянган айлын орон сууц бэлэн болчихоод эзнээ хүлээж байна. Нөгөө талд нь 180 гаруй мянган яндан гэр хороололд утаа үйлдвэрлэж байна. Ядаж 20 мянган янданг үгүй хийчихвэл хэдэн тэрбумаар нь хөрөнгө гаргаж, олон жил тэмцээд байгаа агаарын бохирдол ч багасч, хэдэн жил хоосон ханхайж буй эзэнгүй барилгууд зарагдах боломж байгаа юм биш үү.

Бэлтгэсэн: Н.Батзаяа
З.Мөнхсувд
Б.Алтанбагана


URL:

Сэтгэгдэл бичих