АН албан ёсоор “Шонхор” фракц боллоо

2714b94e4a309a92feab4321e6430b30АН-ын VII Их хурал уржигдар боллоо. Гэхдээ энэ удаагийн Их хурал онцлогтой. Энэ сарын 12-ныг хүртэл үргэлжлэх гэнэ. Энэ хооронд Үндсэн дүрмийн өөрчлөлтийг намынхаа анхан, дунд шатны гишүүдээр  хэлэлцэх юм байна. Мөн Гүйцэтгэх зөвлөл, Үндэсний зөвлөлдөх хорооны оронд шинээр байгуулах бүтцийн байгууллагын гишүүдийг сонгож томилно. Энэ мэтчилэнгийн  сонгууль, томилгооны ажил үргэлжилнэ гэдгийг тус намынхан хэлж байна. Энэ бүхнээ АН-ын зарим хүн “…Агуу шинэчлэл эхэллээ” л гээд байгаа. Гэвч шинэчлэл мөн үү гэдэг тун эргэлзээтэй харагдаж байгааг улс төрийн хүрээнийхэн, энэ намынхан ч ил, далд хэлээд эхэллээ.

Шинэчлэл гэдгээ Үндсэн дүрмийн өөрчлөлтөөр мөрдөгдөж эхлэх нэршлийн өөрчлөлтөөр ойлгоод байна уу гэж ойлгохоор байгаа юм. Түүгээр бол Намын даргаа Тэргүүн, Их хурлаа Их хуралдай хэмээн нэрлэхээс эхэлж байгаа.

Хамгийн гол нь Их хурлаас өмнө, бүр сонгуулийн дараа борооны дараах мөөг шиг олширсон шинэчлэл ярьсан хөдөлгөөнүүд нь АН-ын шинэ дарга тодорсны дараа нам гүм болоодхов. Шинэчлэгдэх АН-ын дарга нь нөгөөх С.Эрдэнэ болсон болохоор шинэчлэлийн тухай ярих хэрэггүй болсон бололтой.

Ерөөс энэ бүхэн юуг хэлээд байна гэхээр АН-ын шинэчлэл гэдэг хэлбэр төдий зүйл болж хоцорлоо. Нэгэнт С.Эрдэнэ намын дарга болсон учир бусад нэр дэвшигчдийг дагасан гишүүд “шинэ АН”-ын улс төрийн гадна үлдэж магадгүй байна. Шуудхан хэлэхэд, АН-ын бусад фракц намынхаа үйл ажиллагаанд өмнөх шигээ оролцох боломжгүй болж буй дүр зураг харагдаж байна. АН-ын хамгийн нөлөөтэй фракц болох “Алтангадас”-ын удирдлагууд Их хуралдаа очсонгүй. Тэд “Шонхор”-тойгоо тохироогүй гэсэн үг. Тиймээс 12-ныг хүртэл бүтцийн өөрчлөлтөөр Гүй­цэт­гэх зөвлөл, Үндэсний зөвлөлдөх хороог эзлээд байсан “Алтангадас”-ынхныг авч хаяна гэсэн үг.

Өрнөж буй үйл явдлаас харахад АН албан ёсоор “Шонхор” фракц боллоо. Намын дарга нь Их хурлаа тарсны дараа АН-ын генсекээр Ц.Тувааныг томилсноо уржигдар оройхон сошиалаар зарлав. Ц.Туваан өмнө нь ХХАА-н дэд сайдаар ажиллаж байсан. АН-ын “Шонхор”  фракцын гишүүн юм. Одоогоор Ц.Тувааныг үүрэг гүйцэтгэгчээр томиллоо гэж байгаа ч жинхлэх нь тодорхой юм.

Мөн өчигдөр АН албан ёсоор “Шонхор” фракцын байранд нүүж очив. “Ардчиллын өргөө” хэмээх хаяг хадсан энэ байр уг нь “Шонхор  тауэр” нэртэй байсан, энэ фракцын оффис байсан. Бас ихээхэн хэл амтай боссон барилга билээ. Ер нь л энэ мэтээр АН “Шонхор” фракцын мэдэлд бүрэн очлоо гэхэд болно.

 

 

Б.ДАМДИН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

 


URL:

Сэтгэгдэл бичих