Бермудын гурвалжингийн нууц харь гаригтай холбоогүйг тогтоожээ

59ccddc26a866363bigБермудын гурвалжин. Энэ үгийг сонссон хэний ч ой ухаанд аймшигтай газар гэсэн ойлголт орж ирдэг. Хэдэн арван усан онгоц болон нисэх онгоц энд ор сураггүй алга болсон гэдэг. Энэ үнэхээр үнэн үү. Олон хүн  Бермудын гурвалжин буюу “Чөтгөрийн гурвалжин”-гийн талаархи мэдээллийг  худал, зохиомол гэж үздэг. Гэсэн хэдий ч чухамдаа энэ газраас олон усан онгоц, хvмүүс ор сураггүй алга болсон нь үнэн юм. Үүнийг одоогоор хэн ч үгүйсгэж чадахгүй, бас баттай тайлбарлаж чадахгүй байгаа билээ. АНУ-ын Газарзүйн нэрний байгууллага Бермудын гурвалжин хэмээх нэрийг албан ёсных гэж үздэггүй хэвээр байгаа билээ. Энэ талаар “Совершенно секретно”-д сонирхолтой нийтлэл гарчээ. Энд бичсэнээр Бермудын гурвалжингийн нууц, эргэлзээг харь гаригийнхантай огт холбоогүй гэдгийг Итали, Америкийн эрдэмтэд судалж тогтоосон юм байна.

 

Бермудын гурвалжингийн тухай

Бермудын гурвалжингийн тухай анх 1964 онд сэтгүүл дээр гарснаас хойш олны анхаарлыг татсаар иржээ. Атлантын далайн баруун хэсэг, АНУ-ын зүүн өмнөд эрэгт хэлбэр дүрсээрээ гурвалжинг санагдуулах хэсэг байдаг. Энэ талууд нь Бермудын арлуудын хойхно хэсгээс Флоридын урд тал руу сунасан, дараа нь Багамын арлуудаар дайран Пуэрто-Рикод хүрээд, дахин хойшоо эргэн ойролцоогоор баруун өргөрөгийн 40 градус орчмоор Бермудэд буцаж ирдэг. Энэ нь дэлхий дээрх хамгийн нууцлагдмал газруудын нэг юм. Ойролцоогоор 500 мянган квадрат миль газрыг эзэлдэг ажээ. Тэрхүү гурвалжны нэрийг Бермудын арлаар нэрлэсэн гэж үздэг. Учир нь, Бермудын арлыг өмнө  нь “Чөтгөрийн арал” гэдэг байсан бөгөөд эрэгт хэт ойртсон хөлөг онгоцуудыг далайн давалгаа эргийн хадан цохионд аваачиж сүйрүүлдэг байсан тухай түүхэн сурвалжид бичжээ.

Бермудын гурвалжинд 1492 оноос 2010 он хүртэлх хугацаанд ор сураггүй алга болсон 175 гаруй тохиолдол бүртгэгдсэн байдаг. Энд аймшигтай үйл явдал болоод байгаа тухай хамгийн анхны баримтыг алдарт аялагч Кристофор Колумб тэмдэглэлдээ бичсэн байдаг.Түүний бичсэнээр 1492 оны намар нар мандахаас хоёр цагийн өмнө Багамын арлын усны гадаргуу дээр цагаан гэрэл тусч байхыг харсан аж. Луужин гэнэт ажиллахаа больж, далайд гал шиг зүйл унасан бөгөөд далайн хаяанд гэрэл асч байжээ. Яг ийм гэрлэн зурвасыг 500 жилийн дараа Америкийн сансрын нисэгчид ажиглажээ. Тэнгэрээс харахад их гоё байдаг тухай нисэгчид хэлдэг.

Энэ цагаас хойш маш олон тохиолдол гарав. Ер нь энэ хавиар өнгөрсөн бүх зүйл алга болоод байдаг нь юутай холбоотой юм бол. Хэдийгээр зуун хувь баталж чадаагүй ч мундаг эрдэмтдийн хийсэн олон тайлбар байдаг ажээ. Эрдэмтэд олон онол, таамаглал дэвшүүлсэн байдаг. Эдгээрийн дотроос байгалийн гоц үзэгдэл болон хүний буруутай үйл ажиллагаанаас шалтгаалсан гэх хоёр таамаг үнэнд хамгийн ойр дөхөж очно гэж эрдэмтдийн олонхи нь үзэж байна. Бермудын гурвалжин “жинхэнэ” хойд туйлыг заадаг хоёрхон газрын нэг гэгддэг. Энгийн үед луужин соронзон орны хойд туйлийг заадаг. Харин энэ хоёрын ялгаа гэвэл луужингийн гажилт юм. Зарим тохиолдолд луужингийн заалт 20 хэмээр зөрдөг. Энэхүү онолоор хөлөг онгоцыг жолоодож буй хүн буруу чигийг барьснаас болж замаасаа гажиж, хүнд байдалд ордог байж болох юм. Мөн далайн хойгийн усны түрлэг хэмээх онол бий. Тэр нь хурдан, ширүүн тул ямар нэг ослыг ул мөргүй “арчиж хаях” чадалтай. Үүнд цаг агаарын нөлөө ч байж болох талтай. Гэнэтийн давалгаа, аянга цахилгаан зэрэг үзэгдлүүдээс болж усан болон агаарын хөлөг сүйрдэг шүү дээ. Яг  л үүнтэй адил.

 

Ямар таамгууд байдаг вэ

Английн Лийдсийн их сургуулийн доктор Бен Кленнелл нэгэн таамаглал дэвшүүлсэн нь метан гидрат хэмээх бодис аж. Тэрээр 1998 онд метан гидратыг дэлхийн эрчим хүчний ирээдүй хэмээн зарлах үедээ өөрийн онолоо танилцуулсан байна. Түүний хэлж буйгаар Бермудын гурвалжингийн орчмын далайн ёроолд хуримтлагдсан асар их метан гидрат газрын давхаргын хөдөлгөөнөөс болж дээш гардаг нь тайлагдашгүй нууцын хариу болох ёстой аж. Доктор Кленнел“Метан гидрат далайн ёроолоос гэнэт гарч ирснээр усны нягтыг багасгадаг. Ингэснээр усан дээр хөвж байсан усан онгоц хэдхэн мөчийн дотор чулуу шиг живнэ гэсэн үг юм. Харин энэхүү шатамхай хий агаарт  нисэх онгоцны хөдөлгүүрт гал авалзуулж, сүйрэхэд хүргэдэг” гэжээ. Одоогоор энэ онолыг хэн ч үгүйсгэж чадаагүй л байна.

Итгэхэд бэрх ч Бермудын гурвалжныг харь гаригтай холбоотой гэж үзэх хүмүүс ч олон бий. Алга болсон хүмүүс хөлөг онгоцныхоо хамт цаг хугацааны орон зайд орчихсон байж болох. Энэ газар нь гариг хооронд зорчих үүд хаалга ч байхыг үгүйсгэх аргагүй. Хаалга нээгдэх явц жилд 25 удаа тохиолддог бөгөөд нэг удаад 28 минут орчим үргэлжилдэг гэнэ. Харин Номхон далайн гурвалжинд энэ нь жилд гурван удаа болдог аж. Бермуд болон Номхон далайн гурвалжин нь сансар огторгуй даяар оршдог гурвалжингуудын нэг хэсэг байж болох. Харийнхан эдгээр хаалгыг нарны эрчим хүч ашиглан нээж, олон сая гэрлийн жилийн тэртээх газарт маш богинохон хугацаанд аялах боломжтой болдог хэмээн зарим судлаач бичсэн нь ч бий. Тэгвэл Итали, Америкийн эрдэмтэн, судлаачид 10 гаруй жил судалгаа хийсний дүнд Бермудын гурвалжин харь гаригийнхантай холбоогүй гэдгийг тогтоожээ. Энэ талаархи тайлан, судалгааг ирэх дөрөвдүгээр сард албан ёсоор танилцуулах аж.

Бас нэг анхаарал татсан таамаг бол Атлантид болон талстууд юм. Нэрт эрдэмтэн  Эдгар Кайс агсан алдагдсан Атлантидын талаар дурдатгалдаа онцолжээ. Тэрээр өөрийгөө ирээдүйг харах, эртний сүнстэй ярилцах чадвартай гэдэг байв. Түүний хэлж буйгаар Атлантид хот олон зууны өмнө Бермудын Бимини хэмээх арлын ойролцоо оршдог байсан аж. Атлантидын иргэд маш олон төрлийн гайхамшигтай технологи эзэмшдэг байсны дотор эрчим хүч ялгаруулдаг “галт талст” байв. Атлантид хотын живж үгүй болсон шалтгаан нь тэрхүү “галт талстууд” удирдлагаас гарч, сүйрсэн явдал аж. Энэ талст асар их хүчтэй бөгөөд одоо ч далайн ёроолд идэвхтэй хэвээр байгаа гэнэ. Ингээд усан болон агаарын хөлгүүд өнгөрөх үед хүчтэй долгион илгээснээс онгоцууд сөнөж, алга болоход нөлөөлсөн хэмээн Кайс хэлж байжээ.

Сонирхолтой олон онолын  нэг нь Аризона мужийн доктор Рэй Брауны “Атлантидын эрэлд” хэмээх аялал юм. Браун Багамын Бари арлуудын орчим найзуудын хамтаар шумбалт хийжээ. Шумбалтын үеэр тэрээр найзуудаасаа салсан бөгөөд маш хачирхалтай нэгэн зүйлийг ганцаараа харсан нь пирамид хэлбэртэй биет байв. Тэрээр сониуч зандаа хөтлөгдөн ойртох үед энэ байгууламж толь шиг гөлгөр байсан гэнэ. Удалгүй нарийхан хонгилоор явсаар жижигхэн тэгш өнцөгт хэлбэртэй, пирамид дээвэртэй өрөөнд орж ирэв. Дотор хананд нь сувд, шүр ургасан байсан гэнэ. Харамсалтай нь, Браун гэрэлгүй явсан тул энгийн нүдээр тэрхүү өрөөний доторхийг сайтар харж чадаагүй аж. Түүний анхаарлыг өрөөний голын таазнаас унжсан байсан гурван инч орчим диаметртэй металл саваа татжээ. Савааны төгсгөл хэсэг нь олон талт улаан эрдэнийн чулуу руу орсон байжээ. Харин савааны доор чулуун таваг байв. Тавганд талст бөмбөрцөг байсан юм байна.

Тэрээр энэ талаар  Финикст болсон нэгэн семинарын үеэр олонд дэлгэсэн байна. Талстыг сайн харвал, дотор нь давхар,томоосоо жижгэрсэн гурван пирамидын дүрс байдаг. Брауны талст бөмбөлөг маш олон нууцлаг зүйлсийн эх сурвалж болдог гэнэ. Хажууд нь очсон хүн салхи мэдэрдэг. Эргэн тойронд нь хүйтэн болон халуун агаар тойрон эргэлддэг. Зарим хүмүүс хий үзэгдлийн гэрэл харж, дуу хоолойг нь сонсдог аж. Хажууд нь тавьсан луужин цагийн зүүний эсрэг эргэлдэж, жаахан холдуулахад эсрэг тийш эргэлддэг. Тиймээс Брауны олсон пирамид нь талст бөмбөлгийн хүчийг нэмэгдүүлэх тусгай төхөөрөмж байсан бөгөөд усан онгоц болон агаарын хөлгүүдийн алга болсон гол шалтгаан байсан гэж үздэг хүмүүс  байдаг юм.

Мексикийн буланд хойд урсгалын хурд цагт дөрвөн зангилаа байдаг. Багамын арал, Флоридын хооронд сүйрэлд өртсөн усан онгоц болон нисэх онгоц сүүлчийн холбоо барьснаас хойш огт өөр газарт оччихдог нь алга болсон юм шиг харагдах нь зүйн хэрэг ажээ. Эдгээр урсгал нь тодорхой бөгөөд эргийн хамгаалалтынхан болон эрлийн багийнхан онгоц алга болсон районы урсгал болон салхийг тооцож байдаг. Том усан онгоцны эрлийг таван милийн радиуст, онгоцыг 10 мильд, жижиг усан онгоцыг 15 мильд хийдэг. Эрлийг “шилжих-мөр” зурваст хийдэг нь обьектын хөдөлгөөний чиглэл, урсгал болон салхины хурдыг тооцдогтой холбоотой юм.

Усан онгоц болон нисэх онгоцны живсэн хэсгүүд лаг шаварт амархан дарагддаг бөгөөд тэднийг шуурга далдалж болох бөгөөд дараа нь дахин ил гарган хаяхад шумбагч онгоц болон усан онгоцнууд олж харж болох юм гэж мэргэжилтнүүд хэлж байна.Тэдний яриагаар Флорида болон Багамын хавь орчимд зарим усан онгоц алга болсон шалтгаан нь цэргийн нисэх хүчний сургуулилтын үеэр хаясан дэлбэрээгvй бөмбөг, тэрчлэн орчин үеийн сургуулилтад ашиглагддаг хөвөгч мина гэж үздэг. Бас усан онгоцнууд шуурганы үеэр хад мөргөж, тэдний ихэнх нь лаг шавраар дүүрсэн байдаг.

Үнэхээр Мексикийн буланд Флоридагийн хойгийн төгсгөл хавьд урсгал нь их лагийг зөөж явдаг бөгөөд үүнийг усны ёроолд байгаа том усан онгоц ч сорон авч болдог юм. Сүйрсэн усан онгоц болон нисэх онгоцны үр дүнгvй эрэл хайгуулын буруутан нь тэнгисийн урсгал байж болох юм. Гэхдээ Бермудын гурвалжинд бас онцлог бий. Энэ нь Багамын арлын гүехэн хэсгийн дагуу нилдээ тархан байрласан “Цэнхэр хөх” хэмээх агуй бөгөөд шохойн чулуун тасархай хэсэгт нь ёроолгүй ангал байдаг юм. Хэдэн мянган жилийн өмнө эдгээр нь бөөгнөрөн өсөх замаар нэмэгдсэн хуурай газар дээрх агуй байсан бөгөөд 12-15 мянган жилийн өмнөх мөстлөгийн үеийн дараа тэнгисийн усны түвшин нэмэгдэж тэдгээр нь загасны амьдрах орчин болсон билээ. Эдгээр шохойн чулуун агуйнууд нь эх газрын гүехэн газрын зааг хүртэл үргэлжлэх бөгөөд шохойн чулуун үеийг бүхэлд нь өнгөрдөг. Зарим нь 450 метрийн гүнд хүрдэг, нөгөө нь Багамын арлын газар доорхи агуйнд хүрдэг бөгөөд нуур, намагтай холбогддог. “Цэнхэр агуй” нь тэнгисийн гадаргуунаас янз бүрийн зайд байрладаг. Урсгалын хурд нь шумбагч онгоцонд ч аюул учруулахаар байжээ. Түрлэг болон татралтаас болж нэгэн зэрэг сорогдож эхлэхээр усны гадаргуу дээр эргүүлэг үүсгэдэг. Ийм усны эргүүлэг багавтар усан онгоцыг хүнтэй нь хамт сорж авахгүй гэх баталгаа байхгүй.

Энэ таамаглалыг 25 метрийн гүнд агуйнуудын нэгэнд загас агнуурын онгоц олдсоноор нотлогдож байгаа юм. Далай судлаачид усан дор судалгаа хийж явахдаа үүнийг илрүүлжээ. 20 метр орчмын гүнд өөр жижгэвтэр онгоц олдсон юм. Энэ бүсэд том усан онгоц алга болсон шалтгааныг гэнэтийн торнадо болон цунами гэж тооцох хэрэгтэй. Жилийн тодорхой нэгэн улиралд үүсдэг хуй салхи их хэмжээний усыг дээш өргөн “нүх” үүсгэдэг. Өдөр торнадо харагддаг учир түүнээс зайлж болно, харин шөнө зугтах  нь маш хэцүү юм.

Усан доорхи энгийн газар хөдлөлтөөс үүссэн цунами тэнгист усан онгоцыг гэнэт живүүлдэг гол буруутан байж болох. Үүнтэй адил туйлын их сүйрүүлэх зүйл бол “гулгадаг” гэж нэрлэгддэг давалгаа юм. Энэ нь ёроол дахь бөөгнөрөл үечлэгдэн салснаас болж бөөн шороо шилжсэний үр дагавар юм. Давалгаа нь цунами шиг өндөрт хүрдэггүй, гэхдээ маш хүчтэй түрлэгийн урсгалыг үүсгэдэг. Аюултай нь, тэр бүр  анзаарагдахгүй. Хэрэв ийм давалгаа гэнэт ирвэл усан онгоц агшин зуурт зад цохигдож хугархай хэсгүүд хол шидэгддэг юм байна.

Н.Энхбаяр

 


URL:

Сэтгэгдэл бичих