Монгол үндэсний урлагаараа бахархсан үдэш /фото/

16602268_1290175831029356_4691391441044232010_oШведийн радио Урлаг соёлын төвөөс уламжлал болгон есдэхь жилдээ зохион байгуулж байгаа “Соёлын үдэш” /”KULTURKVÄLL”/ арга хэмжээ энэ сарын дөрөвний өдөр амжилттай болж өнгөрлөө.
Олон улс орнуудын үндэсний урлагийн хэв шинж, онцлогийг харууулсан энэхүү урлагийн үзлэгт анх удаа Монгол улсаа төлөөлөн хоёр ч үзүүлбэр тоглогдсон юм.
Стокхольм хотод Эх хэл, үндэсний соёл уламжлалын чиглэлээр үйл ажиллагаагаа идэвхитэй явуулж байгаа “Төгс Билэгт” төвийн Э.Идэрцогт багштай “Хос чавхдас” морин хуурын хамтлаг болон бүжгийн багш Ж.Баярнэмэх, сурагч Б.Нандингуа нар үндэсний бүжиг, хөгжмийн чадварлаг тоглолтыг гадны үзэгчдэд толилууллаа.

Энэ үдэш 10 гаруй орны авьяастнууд өөрийн урлагийн онцлогийг харуулсан үзүүлбэр бэлтгэж, үндэстнийхээ өнгө имиж, онцлог, хөгжмийн зэмсэгийг сурталчилсан нь үзэгчдийн сонирхлыг ихэд татсан юм.
Харин Монгол үндэсний бүжиг болон морин хуурын тоглолт үзэгчид төдийгүй уг арга хэмжээний зохион байгуулагчид, бусад орны оролцогчдын анхаарлыг татсанд бидний зүгээс бахархах сэтгэгдэл өөрийн эрхгүй төрж байлаа.

Монгол түмний минь уламжлан өвлөж ирсэн үндэсний их урлаг соёлоо үр хүүхэд, залуусдаа сурталчлан таниулж, эзэмшүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулж, ихийг санаачлан ажиллаж байгаа “Төгс Билэгт” төвийн хамт олон, багш нар, эцэг эхчүүдийн төлөөлөлд талархсанаа илэрхийлэх хэрэгтэй болов уу…
Ингээд дараа дараагийн удаад зохион байгуулагдах олон улс орнуудын урлагийн наадамдаа хилийн чанадад амьдран суугаа төгс билэгт авьяастнууддаа улам их амжилтыг хүсье.

Р.Слава

2017-02-06
PHOTO by Slava Aldersson


URL:

Сэтгэгдэл бичих