Польш Улсаас 50 сая еврогийн зээл авах төслийг дэмжив
Tөсвийн байнгын хороо Засгийн газраас 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн, Монгол Улсын Засгийн газар, Бүгд найрамдах Польш улсын Засгийн газар хоорондын нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрийн төслийг хэлэлцэв. Хэлэлцээрийн төслийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн танилцуулсан юм.
Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар Монгол Улсын хөдөө аж ахуй, дэд бүтэц, боловсролын шинэчлэл, байгаль орчныг хамгаалах салбарын төслүүдийн санхүүжилтэд зориулж 50 сая хүртэлх еврогийн зээлийг Монгол Улсын Засгийн газарт олгохор болжээ. Энэхүү зээлийг Польш Улсаас Монгол Улсад нийлүүлэх бараа, үйлчилгээний гэрээний үнийн дүнг 100 хувь санхүүжүүлэхэд ашиглах аж. Монгол Улсын Засгийн газар нь Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газарт зээлийн ашиглалт бүрийн эргэн төлөлтийг үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх 5 жилийн хугацаа дууссаны дараагаар жилд 2 удаа еврогоор ашиглалт гарсан өдрөөс тооцож хийх аж. Зээл нь жилийн 0.15 хувийн хүүтэй юм байна.
Хуралдаанд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Нямаа нар ажлын хэсгийн хамт оролцсон юм. Хэлэлцээрийн төсөлтэй холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан, Д.Тогтохсүрэн нар асуулт асууж, Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр санал хэллээ. Ингээд Монгол Улсын Засгийн газар, Бүгд найрамдах Польш улсын Засгийн газар хоорондын нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураахад гишүүд 100 хувь дэмжсэн юм. Байнгын хороо санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр боллоо.
URL: