Төлдөг татвар нь буурсан ч зардаг бензин нь нэмэгдлээ

527-14864287181qn6qi85nvkltjahh7203lj42pАшигт малтмал, газрын тосны газрын удирдлагууд сэтгүүлчдэд “2017 оны 1 дүгээр сарын 24-ний байдлаар улсын хэмжээнд дунджаар шатахууны ердийн хэрэглээ 48 хоногийн нөөцтэй байгаа  үүнээс А-80 автобензин 53, Аи-92  44, дизелийн түлш 53, ТС-1 онгоцны түлш 44 хоногийн нөөцтэй” гэж энэ оны нэгдүгээр сарын 26-нд мэдээлж байсан.

Албаны хүмүүсийг ингэж мэдээлснээс хойш  буюу энэ сарын эхний өдрүүдээс  бензиний үнэ  нэмэгдэж эхэлсэн билээ. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд шатахуун бүс нутгаасаа хамаараад литр тутамдаа 100-150 төгрөгөөр нэмэгджээ.
Бензин тонн нь 2016 оны 12 дугаар сард 530 ам доллар, дизелийн түлш тонн нь 501 ам. доллараар импортлогчид хилээр оруулж ирж байсан байна. Гэтэл нэгдүгээр сард автобензин, дизелийн түлшний  хилийн үнэ 41-60 ам. доллараар нэмэгдлээ. Иймд гаалийн болон онцгой албан татварыг буруулах хэрэгтэй гэдэг саналыг тэд  гаргасан байна.
Зах зээлд автобензин, дизелийн түлшний үнийг нэмэхгүй байх үүднээс Засгийн газар 2017 оны Нэгдүгээр сарын 25-ны 34 дүгээр тогтоолоор тонн бензинд ногдуулах гаалийн болон онцгой албан татварыг 160 мянгаас 50 мянга,  90-ээс дээш октантай бензинийг 160 мянгаас  30 мянга,  дизелийн түлшийг  180 мянгаас 70 мянган  төгрөг болгон тус тус бууруулсан.
 Нефть импортлогчид шатахууны үнээ нэмж байгаа шалтгааныг Хоёрдугаар дугаар сард хилийн үнэ нэгдүгээр сарынхаас 22-26 ам. доллараар нэмэгдсэн  гэж тайлбарлаж байгаа.
Ашигт малтмал, газрын тосны газар, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын мэргэжилтнүүдээс бүрдсэн  шатахууны үнэ нэмэгдэж байгаа шалтгааныг тогтоож, дүгнэлт гаргах, ажлын хэсэг байгуулагдлаа.  Ажлын хэсгийн дүгнэлт энэ долоо хоногийн сүүлээр  гарах болов уу гэж Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Түлшний бодлогын газрын дарга Ч.Чулуунбат хэллээ.
Хилийн үнэ тонн тутамдаа 20 орчим ам доллараар нэмэгдэх нь шатахууны үнэ нэмэх үндсэн шалтгаан мөн үү. Үүнд хэн ямар хариу өгөх вэ?
Г.Эрдэнэбат

URL:

Сэтгэгдэл бичих