Утаа улстөрчдийн бизнес биш
Нийслэлийн агаарын бохирдол олон улсын стандартаас 8-15 дахин их байгааг мэргэжлийн байгууллагууд судалгаагаар тогтоожээ. Энэ нь хүн өдөрт 4-5 хайрцаг тамхи татсантай тэнцэх утаанд хордож байна гэсэн үг. Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн секторын эрхлэгч, доктор Н.Сайжаагийн судалснаар хотын агаар дахь тоосонцор зөвшөөрөгдөх хэмжээнээс 18 дахин их байгаа аж. Хар тугалга, хүхрийн давхар исэл зэрэг хортой бодис агуулсан агаарын бохирдол ихтэй хотын хүүхдийн 70 гаруй хувь нь амьсгалын замын өвчинд нэрвэгддэг байна. Агаарын бохирдлын 90 гаруй хувийг “үйлдвэрлэдэг” гэр хороололд өнөөдөр 170 мянга орчим өрх амьдарч, нэг айл дунджаар таван тонн нүүрс, 4.3 шоометр мод хэрэглэдэг гээд тооцохоор энэ нь гамшгийн хэмжээнд хүрч аюулын харангыг чангаар дэлдэж эхэлсний баталгаа юм.
Уг нь агаарын бохирдлыг бууруулах асуудал дээр Ерөнхийлөгчөөсөө эхлээд төрийн болон төрийн бус олон байгууллага утааны эсрэг ажил санаачлан хэрэгжүүлсээр байгаа хэдий ч бодит үр дүнд хүрээгүйн гэрч нь нийслэлчүүд бид. Үүний шалтгаан нь үнэндээ өнөөг хүртэл утаатай нь тэмцсэнээс биш утаа гаргагчидтай нь хариуцлага тооцоогүйд байгаа юм. Өнөөдөр хотын хүүхдүүд хөдөөгийн үе тэнгийнхнээ бодвол гуурсан хоолойн үрэвсэл өвчнөөр 5-15 дахин, багтраа өвчнөөр 5-8 дахин илүү өвчилж байна. Зөвхөн 2009 онд агаарын бохирдлын нөлөөгөөр учирсан хохирлын эрүүл мэндийн зардал 775 тэрбум төгрөг болсныг Дэлхийн банкны судалгаагаар тогтоожээ.
Тэгээд ч аливаа улсын нийслэл хот болгон өөрийн гэсэн шалгууртай, өртөгтэй байдаг. Наад зах нь татвараа төлдөг байх. Нэг айл хогоо ил хаяж, эсвэл түлснээс болж нийтээрээ өвчлөөд байж болохгүй гэдэг зарчим. Нэг хэсэг иргэдийн ухамсаргүй байдлаас болж, нийслэлчүүд бид амиа хорлоод, өөрсдийгөө хордуулаад байх нь ямар утгатай вэ. За бид одоо яахав гэхэд эхийнхээ хэвлийд бойжиж буй бяцхан үрс үг хэлж чадахгүй болохоор чив чимээгүй хэлмэгдсээр байна. Өөрөөр хэлбэл, байх ёстой хэмжээнээсээ хэдэн арав, дахин их болоод буй агаарын бохирдол одооноос хорвоод мэндлэх үрсийн маань амь насанд бодит аюул заналхийлэх боллоо.
Ядаж үр удмаа авармаар байна
Утаанаас болж уруул нь сэтэрхий, тагнай ам нь цоорхой гээд төрөлхийн гажигтай хүүхэд сүүлийн жилүүдэд олноор төрөх болсон талаар эмч мэргэжилтнүүд хангалттай ярьсан. Одоо энэ нь бүр хэвийн үзэгдэл болоод бяцхан үрс маань хэвлийдээ байхдаа л утаанд биеэ ногоон өнгөтэй болтол хордож байна. Үүгээр ч зогсохгүй бүтэлттэй, эмгэгтэй хүүхдүүд ч төрсөөр байна. Энэ талаар бид Анагаах ухааны доктор, их эмч Г.Баясгалангаас лавлахад: “Ногоон туяатай биетэй хүүхэд төрж байгаа нь архаг бүтэлттэй төрж байгаагаас болж буй хэрэг. Яагаад гэхээр утаанд хордож бүтсэн хүүхдийн зунгаг шахагдаад гарчихдаг. Зунгаг нь шахагдсан хүүхэд хэвлийдээ удахаар ногоон өнгөтэй болчихдог юм. Хэрвээ бүтэлттэй хүүхдийн эрүүл мэндийн байдал хүндэрвэл тархины эмгэгшилтэй болдог. Мөн утаанаас болж эндэх тохиолдол их байна” гэв.
Түүнчлэн агаарын бохирдлоос дутахгүй хөрс, усны бохирдол, баталгаагүй хүнс эхийн урагт сөргөөр нөлөөлж байна. Боломжтой бол жирэмсэн хүмүүс хотоос гарч, хөдөөний цэнгэг агаарт байх хэрэгтэй. Харамсалтай нь ихэнх иргэдийн амьдралын боломж, бололцоо тааруугаас гадна эхчүүд ачаалалтай ажиллаж, төрөхөөс нэг сарын өмнө жирэмсний амралтаа авч байгаа нь нярайд сөргөөр нөлөөлж байгааг мэргэжилтнүүд хэлж байсан юм. Агаарт буй хорт утаанд 250-300 төрлийн хортой бодис агуулагдаж байдаг. Гэтэл бидний амьсгалж байгаа агаар дан хорт бодис гэж бодохоор эхийн хэвлий дэх урагт нөлөөлөхгүй байна гэж байхгүй гэдгийг эрүүл мэндийн байгууллагууд анхааруулж байна. Тэгэхээр яах аргагүй хөндөхгүй байхын аргагүй сэдэв, хэлэхгүй өнгөрөхийн аргагүй зүйл бол агаарын бохирдол болоод байна. Хотын хэт их бохирдсон агаар дөнгөж мэндэлсэн үрсийн эрүүл мэндийг хулгайлж, үхэх сэхэхэд тулгаад байгаа нь дуугүй өнгөрөх зүйл мөн гэж үү.
Манай улс утааг арилгах нэрээр жил бүр мөнгө төсөвлөж, гаднаас санхүүжилт авдаг хэдий ч хэдхэн хүний халаас руу ороод алга болчихдог. Тэгвэл мөнгө халаасласан эрхмүүд, тэдний үр хүүхэд бидэнтэй хорвоод мэндэлж буй бяцхан үрстэй ижил Улаанбаатарын утаагаар амьсгалж л таарна. Идэж уухаа хазаарлаж, эх орныхоо төлөө ажил хийдэггүй юм гэхэд, ирээдүй болсон үр хүүхдүүдээ ядаж цэвэр агаар, цэнгэг устай улсаа хүлээлгэн өгөх ёстойг бодох цаг болсон санагдана.
Дахиад жаахан л хугацаа алдвал ямар ч муу үр дагаварт хүрч болзошгүй нөхцөл биднийг хүлээж байна. Намар болохоор л “утаа” хэмээх төсөл, санал, санаачлагыг гаргаж, асар их мөнгө төсөвлүүлээд байдаг дарга нар маань хавар болохоор түүнийгээ “мартчихдаггүй” бол нийслэлчүүдийг чирч яваа чимээгүй “үхэл”-ээс ангижрах боломж бий гэдгийг учир мэдэх хүмүүс хэлж байгаа юм. Өнгөрсөн онд л гэхэд “Шинэ бүтээн байгуулалт хөтөлбөр”-ийн хүрээнд “Утаагүй Улаанбаатар” хэмээх төсөл боловсруулж 18 их наяд төгрөг батлуулчихсан. Энэ бол толгой эргэм их мөнгө. Үүгээр нийслэлийн утааг арилгаад дахиад нэг хот байгуулчихна хэмээн хошигнох нэгэн ч байна. Гэвч бодит байдал өөр байна, өнөөдөр. Энэ юуг илэрхийлнэ вэ. Уг нь утаа улстөрчдийн бизнес биш л баймаар юм даа.
Time.mn сайтын сэтгүүлч: Г. Долгорсүрэн
timemn
URL: