“Эрэл” компаниас цалингаа авч чадаагүй ажилчид шүүхдээд ч тусыг эс олжээ
Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Н.Мөнхбат тэргүүтэй хүмүүсийг шалгаж эхлээд багагүй хугацаа өнгөрөөд байна. Энэ хэргийг шалгах явцад шинэ баримт гарч ирж, олон хүнээс тайлбар мэдүүлэг аваад байгаа. Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяраас эхлээд “Эрэл”-ийн Б.Эрдэнэбатаас хүртэл АТГ-ынхан тайлбар мэдүүлэг авсан талаар мэдээлэл гарсан юм. Мөн зарим эд хөрөнгийг нь битүүмжлэх арга хэмжээ хүртэл авсан. Гэрт нь нэгжлэг хийж, тайлбар авч байсан мөрдөн байцаагчид гар хүрсэн гэдэг. Тиймээс түүнд Эрүүгийн хуулийн 230 дугаар зүйл ангид заасны дагуу “Төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцсэн” гэсэн үндэслэлээр хэрэг үүсгэн шалгаж байгаа.
Б.Эрдэнэбат Хөгжлийн банкаар дамжуулан “Эрэл” компанидаа “Чингис” бондын мөнгөнөөс хоёр удаа ямар ч барьцаагүйгээр зээл авчээ. Зээлийн тухайд 200 гаруй сая ам.долларын зээл гэнэ. Гэсэн хэдий ч зээлийн эргэн төлөлтийг одоо болтол хийгээгүй байжээ. Мөн компани болон орон нутагт үйл ажиллагаа явуулдаг оффисууд нь их хэмжээний өртэй бөгөөд ажилчдынхаа цалинг ч тавьж чадахгүй олон сар болжээ. “Эрэл” компанид сангийн инженер хийдэг залуу.
Тэрбээр нэрээ хэлэхийг хүсээгүй бөгөөд олон сар цалингаа аваагүй, арга мухардаад ажлаасаа гарч, гудамжинд лааз өшиглөөд явахаас наагуур явж байна. Нас ахисан эрэгтэй хүнийг ажилд авдаггүй юм байна гэлээ. Тэрбээр “Эрэл” компанийн төв оффис дээр сангийн инженер хийдэг байлаа. Харин сүүлийн 10 сар цалингаа авч чадаагүй. Мөн зургаар сараар нийгмийн даатгалыг төлж өгөөгүй намайг хохироосон. Хэл ам хийж байж 4 сарыг нь бөглүүлсэн. Үлдсэн хоёр сарынхыг төлж өгч чадалгүй 2017 он гарлаа.
Цалингүй олон сар болсон 200 гаруй ажилчид тэвчээр барагдаад арга барагдаад шүүхэд гомдол гаргасан. Шүүх мөнгөтэй хүний талд үйлчилдэг юм билээ. Бид нарыг “Та нар өөрсдөө компаниас хулгай хийдэг, архи уудаг” гэсэн шалтгаан хэлж байна лээ. Миний хувьд архи битгий хэл тамхи ч татаж үзээгүй хүн. Ганц нэг архи ууж, хулгай хийдэг хүн байхыг үгүйсгэхгүй. Тийм хүмүүстэй мөрөөрөө ажлаа хийж яваа хүмүүсийг хамаатуулах нь утгагүй л дээ. Төв оффис болон орон нутагт байгаа компаниуд ч бүгд өртэй. Өрөө төлж барахгүй. Тиймээс ажилчдын цалинг тавьж чадахгүй байна” гэсэн тайлбарыг бидэнд хэлдэг.
Түүнээс гадна тус компанийн нягтлан Г нь дансны аргаар мөнгө идээд сурчихсан луйварчин гар байдаг. Олон ч жил хийж байна. Ажилчдын данс руу цалин гэж хийхдээ илүү хийдэг. Тэгснээ араас нь утасдаад “Би чамруу тэдэн төгрөг андуураад хийчихсэн байна. Аваад ирээрэй” гэдэг. Авчраад өгөхөөр буцаагаад компани руугаа хийгээд өөрийнхөө халаас руу л хийдэг гэдгийг ажилчид мэднэ дээ. Данс руу нь цалин хийхээр, нийгмийн даатгал өндөр төлөгдөнө биз дээ. Тэгээд ажилчид айгаад санаа зовоод нягтландаа хэлэхээр “Чамд л ашигтай биз дээ дуугай бай” гээд амыг нь тагладаг” гэлээ.
-“Эрэл” компани Хөгжлийн банкнаас их хэмжээний зээл авсан гэдэг. Тэр мөнгөө хааш нь юунд зарцуулсан юм бол?
-Мэдээж гадагш л гаргасан байгаа шүү дээ. Монголд амьдарч болохооргүй болохоор гадагшаа гэр бүлээрээ гарахаа бодож доллараар зээл авсан байх. Ямартаа ч хуулийн байгууллагаас шалгаад эхэлсэн гэсэн үү.
-Тийм. Хөгжлийн банкнаас их хэмжээний зээл аваад эргэн төлөлт хийгээгүй хүмүүсийг шалгаж байгаа?
-Шалгасан ч гэсэн хариуцлага тооцохгүй биз дээ. Жирийн ажилтан бид хохироод үлдэж байна. Наад зах нь нийгмийн даатгал төлөгдөөгүй гэдэг асуудлаар хохирлоо.
-Хэдий хэмжээний өртэй юм бол?
-Мэдэхгүй. Ямар ч байсан Эрэл компани болон охин компаниудаараа өрөө таглаад ч дийлэхгүй их өртэй юм гэсэн шүү.
О. Сайхан
zaluu.com
URL: