Л.Гансүхийн эрхийг прокурор зөрчсөн үү

527-14860845892-3-3_700x700-(1)Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүх Төв аймаг дахь хорих ангиас Ерөнхийлөгчид хандан захидал бичжээ. Тэрээр хугацаанаас өмнө тэнсэн суллуулах тухай хүсэлт хэдэнтээ гаргасан ч хуулийн байгууллага шийдвэрлэхгүй байгааг буруушаасан байна.

Л.Гансүх захидалдаа “Шинэчлэлийн Засгийн газрыг унагаах, Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулахын тулд тус Засгийн газраас зохион байгуулсан гэр хорооллын иргэдийг хямд, шигшсэн нүүрсээр хангах ажлын зохицуулагчаар ажилласан надад зориудаар зохион байгуулсан хилс хэрэг үүсгэн хэлмэгдүүлснийг Монголын ард түмэн таван өдрийн турш телевизээр харсан. Таны захиалгаар, таны томилдог АТГ, прокурор, шүүхийн тодорхой бүлэг хүмүүсийн хилс хэрэг зохион хэлмэгдүүлэн байж өгсөн ялыг чинь миний бие өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын сүүлээр эдлээд дууссан.
Эрүүгийн хуулийн 74 дүгээр зүйлийг үндэслэн биеэр эдлэх ялын холбогдох хугацааг дуусгасан, өр төлбөргүй, хэрэг зөрчил ял эдлэх хугацаанд гаргаагүй учраас хуулийн дагуу хорих ангиас Төв аймгийн прокурор руу 2016 оны арванхоёрдугаар сар, 2017 оны нэгдүгээр сард материал явуулсан боловч прокурор миний материалыг шүүх рүү явуулахгүй, тухай бүр хорих анги руу буцаан намайг үндэслэлгүй хорьж байна.
Хэрэг хийгээгүй байж танай хуулийн мафийн өгсөн ялыг эдэлж суухдаа өөрөө эрх чөлөөтэй болохдоо яарсан биш хорт хавдартай үлдсэн эхнэрээ хурдан гарч эмчлүүлж асарч сувилах юмсан гэж өдөр хоногийг тоолж суулаа. Таны хугацаа дуусахад хэдэн сар дутуу боловч нэг өдрийн өмнө ч гэсэн прокурор, хууль, хүчний байгууллагаас савраа татаж, эдний нэр хүндээр шал арчиж, хуулийг гууль болгохоо зогсоож миний үндсэн хууль, эрүүгийн хуулиар олгогдсон эрхийг эдлүүлэхийг хүсье.
Одоо хуулийн дагуу гурав дахь удаагаа прокурорт хорих ангиас миний тодорхойлолт очсон байгаа. Цаашид ийм байдлаар намайг магадланд оруулахгүй үндэслэлгүйгээр хориод байвал өлсгөлөн зарлаж тэмцэхээ мэдэгдэж байна. Өөрөө шоронд юу ч хийж чадахгүй байж байгаад эхнэрээ алдсанд орвол энэ шударга бус зүйлсийг чинь засахын төлөө бидний амь хэрэгтэй бол ав гэж хэлье” гэжээ.
Энэ талаар прокурорын байгууллагаас тодруулахад “Хорих ангиас тэнсэн суллуулах материал ирүүлэхдээ сахилгын арга хэмжээ, шагналын оноо авагдсан тухай хорих ангийн даргын тушаал байгаагүй учраас шийдвэрлэх боломжгүй байсан. Эрүүгийн хуульд то­дор­хой шаард­ла­гуу­дыг хан­гасан тохиол­долд тэнсэн суллаж болно гэж заасан болохоос заавал суллах ёстой гэсэн үг биш” гэж тайлбарлав. Харин ШШГЕГ-ынхан энэ тухайд “Цагдан хоригдсон хугацааг хорих ялаас хасч тооцдог. Л.Гансүхийн хугацаанаас нь өмнө тэнсэн суллуулах саналын бичиг баримтыг дутуу явуулсан тохиолдол байхгүй. Өмнө нь ч шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага  ийм асуудал гаргаж байгаагүй” гэлээ.
Хугацаанаас өмнө тэнсэн суллуулах тухай асуудлыг Эрүүгийн болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар зохицуулсан байдаг. Тодруулбал, хорих ял шийтгүүлсэн ялтан засарч хүмүүжсэнээ зан байдлаараа харуулж, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан бол хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллах саналыг хорих ангийн дарга прокурорт гаргаж, прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх шийдвэрлэдэг ажээ.
Б.Заяа
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

URL:

Сэтгэгдэл бичих