Алтны 15 уурхайд ажиллах зөвшөөрөл олгожээ

2b15c0ecad6dcca9bigМонгол Улс эрдэс баялгийн салбараас хараат эдийн засагтай орны тоонд багтдаг. Иймд уул уурхайн салбарын эдийн засагт өнгөрсөн онд үзүүлсэн үр нөлөөний талаар дор өгүүлье. Манай улсын эдийн засаг 2006-2012 он хүртэл хурдацтай өсч байв. Учир нь дэлхийн зах зээлд түүхий эдийн үнэ нэмэгдэж байсан үе юм. 2011 онд нэг тонн цэвэр зэс 10 мянган ам.доллар, нэг тонн нүүрс 300 ам.долларт хүрсэн. Энэ үед манай эдийн засгийн өсөлт 17.3 хувьтай гарав. Иймд дэлхийд хамгийн өндөр өсөлт үзүүлсэн эдийн засагт зүй ёсоор тооцогдож байлаа. Гэтэл эдийн засгийн өсөлт өнгөрсөн онд 0.3 хувьтай гарсан нь Азийн хөгжиж буй орнуудын дундажаас доогуур үзүүлэлт юм. Энэ онд эдийн засгийн өсөлт 2.5 хувьд хүрнэ хэмээн төсөөлж буй. Уг өсөлт нь уул уурхай тэр дундаа алт олборлолт өсөхтэй холбоотой хэмээн судлаачид тайлбарлаж байна. Үндэсний статистикийн хорооны судалгаагаар манай улсын ДНБ 17.2 их наяд төгрөг болсон. Үүнийг өмнөх жилүүдтэй харьцуулбал 0.8 хувь буюу 136 тэрбум төгрөгөөр буурсан үзүүлэлт. Ингээд нэг хүн ногдох ДНБ-ий хэмжээ 6.5 сая төгрөг болжээ. Монгол Улсын нэг хүн ногдох ДНБ-ий хэмжээг олон улстай харьцуулбал 183 орноос 107 бичигддэг. Өнгөрсөн оны байдлаар ДНБ-ий 2.9 их наяд төгрөгийг уул уурхайн салбар бүрдүүлсэн тооцоо бий. Статистикаас харвал өнгөрсөн оны аравдугаар сар гэхэд Монгол Улс 3.7 тэрбум ам.долларын экспорт хийжээ. Үүний 3.2 тэрбум ам.доллар нь уул уурхайн бүтээгдэхүүн бөгөөд экспортод эзлэх хэмжээ нь хоёр хувиар буурсан үзүүлэлт юм.

Бие даасан хараат бус судалгааны байгууллага “Фрейзрын хүрээлэн” жил бүр уул уурхайн компаниудаас судалгаа авч тухайн улс орнуудын ашигт малтмалын боломж, татварын тогтолцоо, хууль эрх зүйн орчин,төрийн бодлого нь хайгуулын ажлын хөрөнгө оруулалтад хэрхэн нөлөөлж буйг үнэлдэг. Энэ судалгаагаар манайх өнгөрсөн онд 109 орноос 85 дугаар байрт орсон байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын хөрөнгө оруулалт татах чадварын индекс буурсан гэсэн үг аж. Үүнд хууль эрх зүйн орчны ойлгомжгүй байдал,  мэдээллийн ил тод байдал дутмаг, дэд бүтцийн хөгжил сул, улс төрийн тогтворгүй байдал зэрэг нь нөлөөлсөн хэмээн “Фрейзрын хүрээлэн” дүгнэжээ.

Монгол Улсад орж ирэх гадаадын хөрөнгө оруулалт сүүлийн жилүүдэд буурлаа. Урд нь 2012 онд 4.45  тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж ирсэн байдаг. Гадаадын шууд хөрөнгө оруулалт ийнхүү огцом өсөхөд дэлхийн зах зээлд ашигт малтмалын үнэ өндөр байсан явдал нөлөөлсөн юм. Тэгвэл өнгөрсөн оны эхний зургаан сард манай улсад 273 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж ирэв. Үүнд, хайгуулын лиценз олгож эхэлсэн явдал нөлөөлсөн хэмээн Ашигт малтмал, газрын тосны газраас үзэж байна.

Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 8.9 хувьд нь ашигт малтмал хайх, ашиглах тусгай зөвшөөрөл олгосон. Одоогоор хайгуулын болон ашиглалтын 3580 тусгай зөвшөөрөл бий. Эдгээрээс 2022 нь хайгуул, 1558 нь ашиглалтын тусгай зөвшөөрөл юм. Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг 2010 онд хориглосон. Ингээд 2014 онд уг хоригийг цуцалж дараа жилээс нь цахимаар олгож буй. Тэгэхдээ тухайн орон нутгийн иргэд зөвшөөрвөл олгож байгаа билээ. Ашигт малтмал, газрын тосны газрын мэдээллээс үзвэл өнгөрсөн онд 757 тусгай зөвшөөрөл олгосон байна. Үүнийг задлаад үзвэл хайгуулын 666, ашиглалтын 91 тусгай зөвшөөрөл байгаа юм. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс 2015-2016 онд 574.9 мянган га 97 талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт зарлаж, хайгуулын 39 тусгай зөвшөөрөл олголоо. Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн төлбөрийг улс болон орон нутгийн төсөвт төвлөрүүлдэг. Иймд улс орон нутгийн төсөвт өнгөрсөн онд тусгай зөвшөөрлийн төлбөрт 34.3 тэрбум төгрөг төвлөрүүлсэн дүн гарлаа.

Мөн 20.9 гектар талбайд цахим хэлбэрээр өргөдөл хүлээн авч хайгуулын тусгай зөвшөөрөл олгох нь. Өнгөрсөн онд 37 удаа цахим хэлбэрээр 3915 дугаар олгож, 2335 өргөдлийг бүртгэж авч шийдвэрлээд байна. Үлдсэн дугаар авсан 1580 аж ахуйн нэгж цаг хугацаандаа багтаж өргөдлөө гаргаагүй гэнэ. Одоогоор бүртгэсэн нийт өргөдлийн талбайн хэмжээ 13.26 гектар болов. Ингээд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үйлчилгээний хөлсөнд 3.7 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлжээ. Мөн цахимаар өргөдөл өгөх системийн эрх нээлгэх төлбөрт 2.8 тэрбум төгрөг улсын төсөвт орсон аж. Энэ онд сонгон шалагаруулалт болон өргөдлөөр хайгуулын тусгай зөвшөөрөл олгох ажил үргэлжлэх ажээ.

Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа ч үйл ажиллагаа явуулаагүй аж ахуйн нэгжүүдийн судалгааг Ашигт малтмал, газрын тосны газраас өнгөрсөн онд гаргасан. Ингээд өнгөрсөн онд 123 үйлдвэр, уурхай үйл ажиллагаа явуулахгүй гэдгээ  мэдэгдэж албан ёсоор тайлбар хийсэн байна. Жишээ нь жоншны 34, алтны 27, төмрийн хүдрийн 17, гаянтболдын дөрвөн төсөл үйл ажиллагаа явуулаагүй аж. Үүний гол шалтгаан нь хөрөнгө оруулалт зогссон, ТЭЗҮ болон Байгаль орчинд нөлөөлөх үнэлгээ хийж буй, ашигт малтмалын үнэ ханш унасан, гол мөрний урсацын давхцалтай гэсэн асуудал байжээ. Мөн шүүхийн маргаантай, орон нутгийн зөвшөөрөл хүлээж буй төслүүд ч байна.

Хэдийгээр хөрөнгө оруу­лалт, санхүүгийн асуудал уул уурхайн салбарт хүндрэлтэй байгаа ч шинээр нээгдэж буй уурхай цөөнгүй. Өнгөрсөн онд 47 үйлдвэр, уурхай улсын комисст шалгуулж үйл ажиллагаа эхлүүлэх хүсэлт тавьжээ. Тэдний 21 аж ахуйн уурхайд улсын комисс ажиллаж ашиглаж болох зөвшөөрөл өгөв. Эдгээрийн 15 нь алтны уурхай юм. Ингээд уул уурхайн салбарт 1992 ажлын байр шинээр бий болсон дүн бий. Үүнээс гадна энэ онд алт олборлолт энэ хэмжээгээр нэмэгдэнэ хэмээн үзэж байгаа юм.

Монгол Улс өнөөгийн байдлаар ашигт малтмалын 50 гаруй төрлийн 3000 гаруй орд илрүүлэн судлаад байна. Тухайлбал, Хэнтий, Хангайн нурууны ар, өврөөр алтны, Орхон, Сэлэнгийн сав газраар зэс молибдены, Дорнод Монголын нутгаар хайлуур жоншны, Хөвсгөл аймагт фосфорын орд зонхилон тархжээ.

Мөн Таван толгой, Хар тарвагтай, Ачит нуур, Багануур, Өвдөг худаг зэрэг нүүрсний үлэмж их нөөцтэй ордууд бий.   Эцэст нь хэлэхэд энэ онд уул уурхайн салбарт өсөлт гарна гэсэн хүлээлт байна. Ялангуяа, алт олборлолт, хайгуулын салбар илүү хөрөнгө оруулалт татаж өсөлт авч ирнэ хэмээж буй юм.

 

Т.ЖАНЦАН

Эх сурвалж: www.assa.mn


URL:

Сэтгэгдэл бичих