Халаас хэмжих буяны бизнес

aa6f90a4624e505cbigЭко үйлчилгээний багц 4.6 сая. Тусгай үйлчилгээ 3.7 сая. Харин хамгийн үнэтэй багц нь 14.7 сая төгрөг. Энэ бол нийслэлд эрчимтэй цэцэглэж буй буяны бизнесийн ханш. Бид бурхан болоочийнхоо буяныг бодож энэ төрлийн үйлчилгээнд мөнгө татдаггүй. Буянд нь зориулж байгаа бүхнээ шавхдаг. Гэтэл сүүлийн хэдэн жил ийм үйлчилгээний үнэ чамгүй өсчээ. “Хоёр жилийн өмнө гурван сая гаруй төгрөгийг буяны үйлчилгээнд зарцуулж байсан. Харин энэ жил 6.5 сая төгрөг болсон байна.

Үйлчилгээний чанар төдийлэн өөрчлөгдөөгүй ч үнэ нь өсчихжээ” гэж танил минь ярилаа.

Дотнын хүнтэйгээ үүрд салах ёс хийнэ гэдэг хүн бүхэнд эмзэг сэдэв учраас оршуулгын зардал, мөнгөний тухай хүмүүс тэр бүр ярьдаггүй. гомдолдоггүй. Үүнийг нь далимдуулж байгууллагууд үнэ ханшаа өсгөж байгаа хэмээн хардагсад олон. Тиймээс энэ удаад нийслэлийн “чимээгүй хот” руу өнгийлөө.

ХАЯАГАА ТЭЛЭХ “ХАРАНХУЙ ХОТ”

Улаанбаатар хотод жилд дунджаар 6500-7000 хүн нас бардаг гэсэн судалгаа байна. Үүний 40-50 хувийг нь чандарладаг. Үлдсэн 50-60 хувь буюу 3000-4000-ыг нь газарт оршуулдаг аж. Хэрэв нэг шарилд дунджаар дөрвөн ам метр газар оногддог гэж үзвэл нийслэлийн “Харанхуй хот” жилд 12-16 мянган ам метр газраар тэлдэг гэсэн үг.

Нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд оршуулгын үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн долоон байршил байдаг юм байна. НИТХ-ын тэргүүлэгчдийн 2015 онд гаргасан тогтоолоор Нарангийн энгэр, Алтан-Өлгий, Өлзийт хороолол, “Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн” зэрэг таван газарт далд оршуулга хийхийг зөвшөөрчээ. Эдгээр нь нийт 427.9 га талбайг эзэлж байна. Түүнчлэн СХД-ийн 32 дугаар хороонд байрлах “Буяны төв цогцолбор-1”, БЗД-ийн 20 дугаар хорооны “Буяны төв цогцолбор-2” чандарлах зөвшөөрөлтэй.

Харин Цагаан даваа, Даландавхар, Нисэх, Мянган лант гэх зэрэг зургаан газрыг зай талбайгүй болсон гэсэн шалтгаанаар хаасан байна. Эдгээрээс гадна Налайх дүүрэгт хоёр, Багануур болон Багахангайд тус бүр нэг оршуулгын газартай аж.

Ийнхүү Улаанбаатар хотод албан ёсны зөвшөөрөлтэй 10 “харанхуй хот” бий болжээ. Гэвч хотын захын гэр хороолол, зуслангийн байшингуудын ойролцоо шарилыг ил тавих явдал буурахгүй байгааг албаныхан хэлж байна. Зуслангаасаа холгүй хүүхэдтэйгээ зугаалж явсан эмэгтэй ил тавьсан шарилтай таарсан тухай гомдол хүртэл иржээ. Уг нь 2014 онд НИТХ-аас гаргасан журмаар ил тавихыг хориглосон байдаг. Гзвч шарилыг зөөх асуудлыг нарийн зохицуулаагүй тул энэ заалт цаасан дээрх бичиг болж хувирчээ. Ингэж ил тавих нь шашны зан үйлтэй холбоотой ч нөгөө талаас оршуулгын үйлчилгээ ендөр үнэтэй байгаагаас үүдэлтэй. Буяны байгууллагууд дээр очиход саяас дээш үнэ хэлдэг тул халаас хоосон иргэд бурхан болоочоо ил тавих, эсвэл хаа хамаагүй газар оршуулах явдал тасрахгүй байна.

БУЯНЫ БИЗНЕСИЙН “БАЯЛАГ”НЬ ГАЗАР

Нийслэлд буяны үйлчилгээ үзүүлдэг албан ёсны зөвшө-рөлтэй байгууллага гарын таван хуруунд багтана. “Улаанбаатар буян”, “Улаанбаатар бодь буян”, “Нью семетри”, “Суварга буян”, “Сувд буян” гэсэн таван компани цогц үйлчилгээ үзүүлдэг. Үйлчилгээний чанараас хамаараад нэг саяас 14.7 сая төгрөгийн үнэ хэлж байна.
Энэ салбарт 13 жил үйл ажиллагаа явуулж буй “Нью семетри” компаниар ороход үүдэнд нь багцын үнэ 1-2 сая төгрөг гэсэн сурталчилгаа байлаа. Харин мэдээллийн ажилтантай уулзахад СХД-ийн 21 дүгээр хороонд байрладаг “Диваажингийн цэцэрлэгт хүрээлэн”-д өөд болоочоо оршуулахад үйлчилгээний хөлс нь 2.6 сая төгрөгөөс эхлэх багцуудыг санал болгов. “Эко багц” 4.6 сая, хөшөөтэй үйлчилгээ, 6.9 сая, жижиг суваргатай нь 9.5 сая, том суваргатай нь 14.7 сая төгрөгийн үнэтэй аж. Эдийн засаг хүндэрсэн үед чамгүй өндөр үнэ гэдгийг үйлчлүүлэхээр ирсэн иргэдийн ярианаас түвэггүй ойлгохоор.

“Суварга буян” компанийн хувьд 1.2-5 сая төгрөгийн үнэ хэлж байна билээ. Эднийх хотын төвөөс 40 км зайд оршдог “Налайх”-д газартай тул ханшаа бууруулсан бололтой. Харин хамгийн хямд нь “Сувд буян”-гийнх. Гэхдээ Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт байрлах Баянгийн даваанд аж. Газар нь төлбөртэй, төлбөргүй гэсэн хоёр төрөл. Баянгийн даваан дахь газрын хашаанд оршуулах бол 250 мянган төгрөг. Хэрэв хайрцаг, хөшөөний чулуу аваад хашааны гадна, уулын энгэр газраар оршуулбал газрын төлбөр нэмж авдаггүй гэв. Эндээс харахад хотын төвд ойр байрлалтай байх тусам үйлчилгээний үнэ нь өсөж байна.

2014 онд нийслэлээс баталсан журамд буяны үйлчилгээ үзүүлдэг компаниуд өөрсдөө үнэ ханшаа тогтооно гэж заажээ. Тиймээс энд чанар, хүртээмжээс шалтгаалсан зах зээлийн өрсөлдөөн явагддаг бололтой. Гэхдээ бас шударга өрсөлдөөн үү гэвэл үгүй. Эдгээр компани ашгаа бодоод, өөр хямд боломжийн талаар ам нээдэггүй юм билээ. Уг нь хотын захиргааны мэдэлд Өлгийн оршуулгын газарт иргэд зөвхөн газар ухуулсны хөлс болох 100 мянган төгрөг төлөөд хайрцаг, хөшөө зэргээ өөрсдөө ч хийж болно. Гэтэл компаниуд өөрсдийнхөө үйлчилгээг борлуулахын тулд заавал багцын үйлчилгээг санал болгодог нь иргэдийн эрх ашгийг зөрчиж байгаа хэрэг. Нөгөө талаас энэ нь газраа үнэлж зардаг гэсэн ташаа ойлголт төрүүлдэг байна. Яагаад заавал багцын үйлчилгээг сонгох ёстой талаар тодруулахад “Нью семетри” компани “Бид нэгэн жигд, стандарт чулуутай байх, тохилог тухтай орчин бүрдүүлэхийн тулд ийм шаардлага тавьдаг. Зарим хүн өндөр үнэтэй байна гэж гомдоллож байхад зарим нь цэвэр, тохилог орчинтой байхыг шаарддаг. Тэр утгаараа манай багцыг сонго гэдэг” хэмээн тайлбарлажээ.

Шашны ёс заншлаа дагаад газарт огшоох нь илүү байдаг манай улсад буяны бизнесийн “баялаг нь газар.Тиймээс түрүүлж байгуулагдсан компаниуд хамгийн ашигтай байрлалд үйл ажиллагаагаа явуулж буй нь шударга бус. “Компаниуд энэ долоон байршлын алин дээр ч үйлчилгээ үзүүлж болно” гэж албаны хүн тайлбарласан ч бодит байдал дээр эсрэгээрээ юм билээ.

Хэрэв шинээр буяны үйлчилгээний компаниуд байгуулагдвал ямар газар зөвшөөрөл өгөх вэ гэдэг бүрхэг. Улаанбаатар хотын 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагад “Буяны төв цогцолбор-1” болон Нарангийн энгэрийн оршуулгын газрыг л өргөжүүлэхээр төлөвлөжээ. Үүнээс цааш хэрхэх нь тодорхойгүй. Ядаж л одоо нийслэлд байгаа оршуулгын газрын нөөц хэдэн жилийн дараа дуусах талаар тооцоо алга. Орхигдсон энэ сэдвийг одооноос анхаарахгүй бол нийслэлчүүд бурхан болоочоо нутагтуулахын тулд халаасаа хоосолсоор байх нь.

ЗГМ: ТОДРУУЛГА

Буяны компани байгуулах хүсэлт цөөнгүй ирж байна

Нийслэлийн Захирагчийн ажлын албаны Орчны бохирдол, хог хаягдлын менежментийн хэлтсийн мэргэжилтэн С.Аригуунаас зарим зүйлийг тодрууллаа.

-Буяны үйлчилгээ үзүүлдэг компаниудад газрыг олгохдоо үнэлдэг үү. Зарим иргэн оршуулгын газрыг зардаг гэсэн ойлголтой байна?

-Оршуулга хийх зориулалтаар газрыг зарах. худалдахыг журмаар хориглосон. Компаниудын хэлж буй үнэ бол зөвхөн үйлчилгээний хөлс. Газрыг хүнээр ухуулсан уу, үнэтэй техникээр ухуулсан уу гэдгээс хамаараад төлбөр нь өөр байх жишээтэй. Газар ухсаны хөлс гэж ойролцоогоор 80-100 мянган төгрөг авдаг.

-Ийм компаниудын үйлчилгээний үнэ өндөр байгаа талаар танайд гомдол ирдэг үү?

-Жилд 1-2 гомдол ирдэг. Хэрэв тухайн компанийг зардлаа өндөр тооцсон, хэт их ашиг олж байна гэж үзвэл ШӨХТГ болон хөндлөнгийн аудитын байгууллагад хандах боломжтой. Ер нь буяны үйлчилгээний үнэ дунджаар 5-6 сая төгрөг болдог юм билээ. Зарим иргэн хямд үнэтэй байхыг шаардаж байхад зарим нь хайртай хүнээ тохилог, цэвэр орчинд нойрсуулахыг боддог. Тиймээс энэ хоёр сонирхлын дундаас зөрчил үүсээд байдаг юм.

-Оршуулгын зан үйлийг хуульчлах шаардлага бий юу?

-Шаардлагатай. Манайх Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Эрүүл мэндийн яаманд хандаж хууль гаргах хэрэгтэй гэсэн санал гаргасан ч ойшоогоогүй. Журам бол зөвхөн зохицуулах tрх зүйн акт. Сүүлийн үед буяны үйлчилгээ ашигтай бизнес гэж харсан залуучууд ийм компани байгуулах хүсэлт цөөнгүй өгч байна. Тиймээс энэ онцгой салбарыг хуулиар зохицуулах зайлшгүй шаардлагатай.

Б.БАЯРМАА

ЗГМ


URL:

Сэтгэгдэл бичих