С.Эрдэнэ ба АН
С.Эрдэнэ АН-ын даргаар сонгогдлоо. Улмаар энэ цагаас эхлэн АН фракцгүй нам болж байгааг зарлав. Гэхдээ нам доторх бүлэглэлүүд нь шинэ даргаа тойрон хүрээлж нэг дуутай, нэг үзэл санаатайгаар урагшаа явж чадах уу гэдэг асуудал тулгарч байна.
Учир нь АН дотоод зөрчлөөсөө болж улстөрийн хүчний хувьд нэр хүнд, байр сууриа ганхуулж байсан тохиолдол цөөнгүй бий. Нэг ёсондоо эрх ашгийн төлөөх бүлэглэлүүдийн ил, далд тэмцлээс болж багагүй зовлон үзсэн гэхэд болно. 17 жилийн өмнө анх таван намын нэгдлийн үр дүнд байгуулагдсан улстөрийн хүчин шүү дээ. Энэ утгаараа дотоод зөрчил нь үе үе цухалздаг. Өөрөөр хэлбэл, бие даасан намын шинжээ санагалзсан амбиц нь фракц хэлбэрээр илэрдэг гэсэн үг. 2004 оны сонгуулийн дараа УИХ-д тэнцүүхэн суудал авсан МАХН /МАН/, “Эх орон-Ардчилал” эвсэл хоёр хамтарч Их эвслийн Засгийн газар гэгчийг байгуулж, Ц. Элбэгдоржийг Ерөнхий сайдаар томилов.
Удалгүй АН-ын фракцуудын зөрчилдөөний үр дагаварт “Эх орон-Ардчилал” эвсэл задарч, М. Энхсайханыгаа “өшиглөөд” намын дарга болсон Р. Гончигдорж тэргүүтэй УИХ дахь “Алтан гадас”-ын төлөөллүүд МАН-ын бүлэгт оров. “62” -ын бүдүүн бүлэг ийнхүү үүссэн түүхтэй. Харин Э. Бат-Үүл, С. Эрдэнэ, Р. Амаржаргал зэрэг хэдхэн “эсэргүүн” энэ хувилбарыг хүлээн зөвшөөрөхгүйгээ илэрхийлж бүлгийн гадна үлдэж, МАН-д “урвасан” АН-ын 25 гишүүн “тэлээ хурганууд” гэдэг “алдар” хүртэж билээ. Үүнээс болоод л АН дотор үл ойлголцол бий болж эхэлсэн.
Тухайн үед АН-д “Алтан гадас”-аас гадна Баабар тэргүүтэй Зүүн хойд Азийн нийгэмлэг, Р. Амаржаргал нарын МҮДН, Х. Баттулга, С. Эрдэнэ нарын “Ардчилсан холбоо”, Н. Нанжид, Д. Хишигбат нарын “Намаа аврах хөдөлгөөн”, Э. Золбаяр, Д. Болдхуяг тэргүүтэй “Намаа шинэчлэх бүлэг” зэрэг хэд хэдэн бүлэглэл нийгэмд нэгэнт ил болоод байлаа. Тэд “Алтан гадас”-тай тун хүч тэнцвэргүй тулаан хийж эхэлсэн. Гэвч “Алтан гадас”-ын цар хүрээ тэлж, нөлөө нь хэдийнээ бэхжсэн байсан учир бусад фракцдаа боломж олгоогүй. “Алтан гадас” бүхэл бүтэн улстөрийн намын бодлогыг тодорхойлох хэмжээнд хүрсэн юм.
Энэ л хандлага тус нам дахь дотоод зөрчлийг улам гааруулж эхэлсэн бөгөөд 62-ын бүлэгт орсон АН-ын гишүүд бусдынхаа довтолгоонд байнга шахам өртөх болов. Улмаар 2006 оны гуравдугаар сарын сүүлчээр хуралдсан АН-ын Онц их хурлаар намын шийдвэрийг үл тоож Үндэсний эв нэгдлийн Засгийн газарт дур мэдэн орсон М. Энхсайхан, Ж. Наранцацралт, М. Сономпил гурвыг эгнээнээсээ хөөснөөр тэд шинэ нам байгуулж билээ. Хэдийгээр Р. Гончигдорж үүнийг намаа цэвэрлэх үйл явц гэж тайлбарласан ч нэг талаасаа АН-ын дотоод зөрчлийн томоохон илэрхийлэл болсон гэж улстөрчид дүгнэж байлаа.
2008 оны сонгуулийн дараагаас “Алтан гадас”-ынхны байр суурь харьцангуй зөөлөрч, улмаар бусад фракц бүлэглэлүүдтэйгээ хамтарч ажиллах болсон гэдэг. Үүний нэг илрэл нь МАНАН-гийн Засгийн газар байгуулагдахад АН-ын “Ардчилсан холбоо” фракцийн тэргүүн Х. Батулгад сайдын суудал өгсөн явдал юм. Гэхдээ л С. Эрдэнэ, Н. Батбаяр, Д. Ганхуяг нар намынхаа удирдлагууд руу, өөрсдийн сайд нар руугаа үг хаясаар байлаа.
2012 оны сонгуулийн дараа эдгээр хүмүүс бүгдээрээ Засгийн газрын гишүүн болсноор байдал арай намжив. Гэхдээ А. Мурат зэрэг УИХ-ын экс гишүүд АН-д шинэ жигүүр байгуулж байгаагаа зарласан. Хэдийгээр тэдний ажиллагаа газар аваагүй ч тухайн үед АН-д бас л нэг фракц нэмэгдлээ гэдэг ойлголтыг төрүүлээд амжсан юм. Ингэснээр тус нам “Алтан гадас”, “Кроун”, “МҮДН”, “Шонхор”, “Ардчилсан холбоо” гэсэн бодитой хэд хэдэн бүлэглэлтэй болсон.
Гэхдээ Р. Гончигдорж, Н. Алтанхуяг, С. Баярцогт нарын тэргүүлдэг “Алтан гадас” фракц 2014 оныг хүртэл нөлөөгөө алдалгүй явж ирсэн. Өөрөөр хэлбэл, тэд АН-ын бодлогыг тодорхойлж байсан бол төрийн эрх мэдлийг зангидах хэмжээнд хүрсэн гэсэн үг. Харин 2014 оны 11 дүгээр сарын 14-нд “Шонхор” фракцийн нэгэн лидер З. Энхболд АН-ын даргаар сонгогдож улмаар 2015 оны дөрөвдүгээр сарын 7-нд болсон АН-ын гэгдэх 25 жилийн ойн баярын хурал дээр АН-ыг фракцгүй нам болсныг зарлах нь тэр. Гэвч намын даргыг ганц үг хэлэнгүүт эрх ашгаараа бүлэглэлд хуваагдах үзэгдэл бүрмөсөн арилахгүй нь дэндүү ойлгомжтой.
Энэ нь МоАХ фракцийн лидер Х. Баттулгын үйл ажиллагаа, үг хэлнээс ажиглагдах болсон. Өөрөөр хэлбэл, 2016 оны хавар цагдаагийнхан Х. Баттулгын эзэмшлийн Баянгол зочид буудалд сүр дуулиантайхан нэвтэрч, шалгалт хийсний дараа МоАХ-ны удирдлагууд Ч. Сайханбилэгийн Засгийн газрыг унагаана гэж ил шулуун шантаажилсан нь бүлэглэл хоорондын зөрчил мэтээр харагдсан нь тодорхой. Ер нь 2014 оноос хойших улстөрийн өрнөлөөс харах юм бол “Алтан гадас”-ын байр суурь тодорхой хэмжээгээр суларсан гэж харагдахаар байгаа ч цаагуураа нөлөө нь унтраагүйг сая болсон АН-ын даргын сонгуульд Н. Алтанхуягийн авсан санал (нийт 9 аймагт ялалт байгуулсан) нотлов бололтой.
Юутай ч энэ сарын 28-ны өдөр болж өндөрлөсөн АН-ын шинэ даргыг сонгох сонгуульд С. Эрдэнэ ялалт байгуулав. “Мэдээж З. Энхболдын дэмжлэг цаана нь харагдсан” гэж ялагдсан Д. Эрдэнэбат, Н. Алтанхуяг, Л. Гантөмөр нар яриад байна.
Одоо бусад бүлэглэлүүдтэйгээ хэрхэн үг хэлээ олж, яаж атгасан гар шиг ажиллах вэ гэдэг хүндхэн сорилт С. Эрдэнийн өмнө тулгарлаа. Түүнийг АН-ын хүчтэй нөлөөллийн нэг Баабар, С. Бат-Үүл, Да. Ганболд нар хүлээн зөвшөөрөх, эсэх нь тун эргэлзээтэй. 2016 оны УИХ-ын сонгуулийн дүн гарсны дараахан тэд “АН-ын хувь заяаг шинэ залуу үе авч явах ёстой, хуучин лидерүүд халаагаа өгөх цаг болсон” гэж мэдэгдсэн шүү дээ. Энэ үзэл санаан дээрээ бат зогсч байгаагаа АН-ын даргын сонгуулийн сунгааны үеэр ч мэдэгдсэн. Тэгээд бодохоор АН-д задрал үүсэх вий гэдэг бодитой болгоомжлол зарим гишүүдийнх нь дунд үүсээд байна.
Дажсүрэнгийн Лхагвадорж
URL: