Э.Бат-Үүл: 1.8 их наядын задаргаа байхгүй байтал батлуулах гээд байна

Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Уур амьсгалын өөрчлөлтийн үндэсний хөтөлбөр батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Гишүүд зарчмын хувьд дэмжиж байгаагаа хэлж, зарим нь тооцоо судалгаагүй гэж шүүмжилсэн юм. УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл хөтөлбөрийн зорилт тодорхойгүй байгааг шүүмжилж, 2025 онд Улаанбаатар хотод Азийн өвлийн олимп зохион байгуулна гэж яагаад тусгаж болдоггүй юм гэв. Мөн бид Гималайг хамгаалах хөдөлгөөн зохион байгуулж “шоу”-дах боломж байгааг хэлэв. Уул уурхайн бодлогоо экологийнхтойгоо уялдуулж чадаагүйгээс болж одоо баларч байна гэсэн юм. Гэсэн ч түүний санал дэмжигдсэнгүй, дээрх хөтөлбөрийг батлах тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.

Байнгын хорооны хуралдаанаар цөөнх болсон УИХ-ын гишүүн Э.Бат-Үүлээс зарим зүйлийг тодруулав.

-Таны шүүмжлэлийг хүлээн авахгүйгээр тогтоолын төслийг дэмжчихлээ?

-Сүүлийн үед яамд, сайд нар УИХ-д асуудал оруулж ирэхдээ жижүүрийн хэдэн зорилтуудыг янз бүрийн хувилбараар найруулаад л оруулж ирдэг болоод байна. Одоогоор хүүхдийн мөнгөө өгч чадах уу үгүй юу гээд л сууж байгаа. Дээр нь мөнгө дутлаа гээд татвараа нэмлээ. Нэг талаараа мөнгөтэй, нөгөөтэйгүүр мөнгө байхгүй гэж ярьж байгаа нь олон нийтийг хүнд байдалд оруулж байна. Нийгмээ ямар ч баримжаагүй болгоод байна. Эдийн засгийн судалгаагаа хийгээгүй байна. Ирэх оны хоёрдугаар хагасаас эхлээд дэлхийн эдийн засгийн эрэлт буурах төлөв байгаа. Энэ нь уул уурхайн баялгаар амиа зогоодог улсуудын экспортолдог түүхий эдийн үнэ унана гэсэн үг. Унахаар манайд хомсдол бий болно.

Манай улс дэлхийн эдийн засгийн төлөв байдлаас шууд хамаардаг. Лондонгийн бирж дээр алтны ханш унаж, зэс авахаа боливол дагаад л унадаг. Манайх өөрөө өөрийгөө хангаж чадах хүрэлцэхүйц эдийн засагтай улс биш. Бүх зүйлээ импортоор авдаг. Тэгээд л дахиад 1.8 их наядын асуудал яриад ороод ирж байна. Энэ талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүхээс олон удаа асуусан.

-Хөтөлбөрийг судалгаагүй гэсэн. Огт байхгүй юм уу, судалгаа нь муу болсон юм уу?

-Судалгаа байхгүй. Ядаж ойролцоо тооцоо хийсэн байх ёстой шүү дээ. Нэгэнт мөнгө ярьж байгаа бол хямралд өртвөл ямар байдалтай байх зэргийг гаргасан байх ёстой. Сүүлийн үед их хэмжээний мөнгөний асуудал багц багцаараа орж ирж байгаа. Тэрийг нь харахад дандаа хувийн хэв шил, төрийн ажлыг хольж уялдуулсан бизнесийн шинжтэй хөтөлбөрүүд байдаг. “Их бүтээн байгуулалт” хөтөлбөр батлагдахад “Орон сууц барих мөнгийг нь иргэдэд өг. Тэд өөрсдөө сонголтоо хийг” гэж зөндөө хэлсэн. Хэлсээр байтал барилгын компаниуд мөнгө аваад барилга барихаар болсон.

-Хөтөлбөрийн зорилтын талаар шүүмжлэлтэй хандаж байсан. Таны хэлснээр Азийн өвлийн олимпийг Улаанбаатарт зохион байгуулбал хөгжинө гэх гээд байна уу?

-Хамгийн гол нь хөтөлбөрийн зорилт олон нийтэд энгийнээр ойлгогдсон байх учиртай. Жишээ нь, 2025 онд Улаанбаатар хотод Азийн өвлийн олимп зохион байгуулах түвшинд хүрсэн байх ёстой. Бид олимпийн хорооны гишүүн орон. Тиймээс хүсэлт гаргаж болно. Хорооноос утаагүй болох ёстой гэдэг ч юм уу олон шаардлага тавина. Хэдийгээр Азийн олимп зохион байгуулах уралдаанд оролцоод тэнцэхгүй ч гэсэн тухайн үед цэвэр хотуудын стандартад хүрсэн байна. Зорилго иймэрхүү тодорхой байх учиртай. Иймэрхүү зорилтоо л үндэсний хөтөлбөр гэж нэрлэе гэж хэлээд байгаа юм.

-Өмнө нь ч олон хөтөлбөр баталсан. Хэрэгжиж байгаа хөтөлбөр ховор байна шүү дээ?

-Энэ үнэн. “Их бүтээн байгуулалт” хөтөлбөр одоо болтол эхлээгүй байна. өнгөрсөн оны хоёрдугаар хагасаас эхлэх ёстой байсан. Хэн нь хэнийгээ хуураад байна вэ. Нийгэмд иймэрхүү хууралт, учир утгагүй ярианд нийтээрээ түүртээд байна. Манай сонгогчид “Та нар УИХ-аар аймшигтай их мөнгө баталж байна. Хэлж сураагүй байсан их наяд гэдэг үг жирийн хэллэг боллоо. Тэгээд тэр мөнгө чинь байгаа юм уу” гэж асуудаг. Хөтөлбөр баталсан байж байгаа гэхгүй яах вэ дээ, би. Байхгүй гэвэл яах гэж баталсан юм гэнэ шүү дээ. Байгаа гэхээр хүүхдийн мөнгөө нэмж, орон нутгийн залууст ажлын байр бий болгож болдоггүй юм уу. Бараг хүн бүр ядуурлаа гайхуулж явахад хүрээд байна вэ, та хэд тэр их мөнгийг нийлээд “идэж” байгаа юм байна шүү дээ гэдэг. Энэ байдал улс төрийн сөрөг үр дагавартай. Хүлээлтэнд автсан олон түмэнд “байхгүй” гэж хэлбэл дараа нь юуг ч хүлээн зөвшөөрдөггүй.

Жишээ нь, зургаан сарын дараа мөнгө нь алга гэвэл мэдээгүй, судлаагүй, тооцоолоогүй юм уу гэж асууна. Мөнгө нь болохгүй байна уу, та нарын зөв гэж хэн ч, хэзээ ч хэлэхгүй. Төр тооцоолог, ухаалаг зүйл ярих хэрэгтэй байна.

-Хөтөлбөр хэрэгжүүлэхэд 1.8 их наяд төгрөг хэрэгтэй гэсэн байна. Үүнийг юунд зарцуулах юм бэ?

-Хамгийн инээдтэй нь тэр жагсаалт нь байхгүй. Яг юунд зарцуулах задаргаа байхгүй атлаа л мөнгө батлуулах гээд байх болж.

Б.Мягмансанж http://www.niigmiintoli.mn/


URL:

Сэтгэгдэл бичих