Соёлын яамны Соёлын газрын даргын сонгон шалгаруулалтыг хүнд нь тааруулсаар байх уу?

shalgaruulalt2БСШУСЯ буюу Соёлын яамны Соёлын газрын даргын сонгон шалгаруулалтыг хүнд нь тааруулан зохион байгуулдаг байж болзошгүй жишиг тогтоод уджээ. Тодруулбал Соёл, спорт, аялал жуулчлалын яамны Соёл, урлагийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын сонгон шалгаруулалтыг Н.Оргилд зориулж “Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан, төрийн албанд 1-ээс доошгүй жил ажилласан, соёл, урлаг судлаач, орчуулагч” байна гэж зарлаж байсан.

Тэгвэл түүний дараа энэ суудалд тухлах хүн буюу Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Соёлын бодлого, зохицуулалтын газрын даргын сонгон шалгаруулалтыг Д.Гантөмөрт зориулж “Мэргэшлийн шаардлагад нь соёлын бүтээлч үйлдвэрлэл болон менежмент, туршлагын шалгуурт нь төрийн албанд ажилласан жилийг нь заалгүйгээр” зарлаж байсан байна.

Байж боломжгүй энэ уламжлал үргэлжилж, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Соёл, урлагийн бодлогын газрын даргын сонгон шалгаруулалтын туршлагын шалгуурт “Төрийн албаны удирдах албан тушаалд 5-аас дээш жил ажилласан байх”хэмээн зарлаж, урьд нь дарга хийж байсан, тэр дундаа 5 болон түүнээс жил зөвхөн дарга хийж байсан байх гэдэг заалтаар мөн адил нэг хүнд зориулан сонгон шалгаруулалтыг зарлажээ.

“Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 1.4 дэх заалтын “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулахдаа хууль, дээдлэх, шударга, ил тод байх, адил тэгш хандах, нээлттэй өрсөлдөөний зарчмыг удирдлага болгоно”  гэсэн заалтыг зөрчин байж ийнхүү сонгон шалгаруулалт зарласан байгаа нь бас л байж боломгүй юм. Энэ мэтчилэн сүүлийн жилүүдэд Соёлын яамны /БСШУСЯ/ Соёлын газрын даргын сонгон шалгаруулалтын шалгуурыг тухайн үед нь үүрэг гүйцэтгэгчээр түр ажиллаж байгаа,ажлын дадлага туршлагагүй, мэдлэг чадваргүй, танил талаараа дарга болох сонирхолтой хүмүүст нь тааруулан зохион байгуулах болсон нь төрийн албаны мэргэшсэн тогтвортой байх зарчим алдагдаж, төрийн ой санамж алдагдах, бодлоггүй шийдвэр шийдлүүд гарах, салбарын бодлого зохицуулалтын үйл ажиллагаа доголдох зэрэг олон сөрөг үр дагварт хүрч байна.

Энэ дашрамд дуулгахад 1996 онд Соёлын яам татан буугдсанаас хойш Гэгээрлийн яам, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Соёл, урлагийн хороо хэмээн өөрчлөгдөн байгуулагдаж, 11 сайд, 3 агентлагийн дарга, 11 газрын дарга нар солигдон ажилласан байна. Гэтэл манай улсын Соёл, урлагийн салбарын хөгжил туйлын хоцрогдолтой, салбарын ажилтан албан хаагчид буюу уран бүтээлчид нь түмэн өр шир, өвчин зовлондоо дарлуулан явсаар л байна…

Ядаж мэргэжлийн салбараар дураараа оролдохгүй байвал энэ зэргийн асуудал үүсэхгүйг хурган дарга болохыг мөрөөдөгчид, дарга болсон нөхдүүд анхааралдаа авна биз!!!

Эх сурвалж: www.tac.mn


URL:

Сэтгэгдэл бичих