Зи-гээс тамга гардах С.Эрдэнэ АН-ын шинэчлэлийг салхинд хийсгэх үү?
Ардчилсан намын даргын сонгууль болж, С.Эрдэнэ ялалт байгуулаад байна. Зи дарга тамгаа анхнаасаа түүнд өгөхөөр хүлээж суугаа талаар бор шувуу нисэж байсныг хэлэх хэрэгтэй. Ямартай ч тэгээд нийслэлийн бүхэл бүтэн дүүргийг өөрөөрөө овоглож ирсэн С.Эрдэнэ АН-ын толгойд гараад суучихлаа. Нэр сүрийн хувьд С.Эрдэнийн тухайд адармаатай. Цаг бусаар, харамсалтайгаар амиа алдсан нэрт сэтгүүлч Лунтангийн Болормаа агсны сүүлчийн нийтлэлүүдээс С.Эрдэнэ гуайтай холбоотой анхаарал татсан олон мэдээллийг уншигч та бэлхнээ харж болно. Тэрчлэн АН-ын шинэчлэлийн тухай яриа хэдийнэ салхинд хийсчих шиг болов. Сайд даргаар ажиллах хугацаандаа салбартаа тэргүүн шиг байж чадаагүй тэр намынхаа дарга болж байна. С.Эрдэнэ намын дарга болсноор Зи нь Ерөнхийлөгчийн сонгуульд үзэх үү гэдэг асуултын хариулт тун удахгүй тодорхой болох биз. Намаа ялагдуулсан З.Энхболдын тухайд уг нь тэгээд хөөрөөд байх тохиромжгүй л харагдана л даа. Гээд яахав. Харж л байя.
За харин намын дарга болж тодроод буй С.Эрдэнийг ороох асуудал олон бий. Түүний тансаг өргөөд хийгээд сайдын хувиар хариуцсан салбарынх нь но-той ноцтой асуудлуудын талаар сэтгүүлчид нэхэн сурвалжилахад гэмгүй болов уу. Мөн түүнийг сайд байх үед талийгаачдын нэрээр тэтгэвэр шилжүүлж луйвар хийсэн нийгмийн даатгалынхны хэрэг хэрэгсэхгүй болсон талаарх мэдээллийг нь эргэн сануулъя. Нийгмийн даатгалынхан хүний санаанд оромгүй байдлаар хууль зөрчиж, нэгэнтээ энэ хорвоогоос явсан талийгаачдыг амар тайван байлгахгүй байгаа нь ёс зүйн хувьд ч дэндүү муухай хэрэг тул, С.Эрдэнийг салбарын сайдаар ажиллаж байх үед гарсан хэргийн мэдээллийг хүргэж байна.
С.Эрдэнэ гишүүнийг уг салбарын сайд байх он жилүүдэд нийгмийн даатгалынханд иргэд талийгаач болсон ахмад настныхаа бичиг баримтыг хүргүүлдэг ч талийгаачийн нэрийг улсын бүртгэлээс хасалгүйгээр, улсаас тэтгэврийг нь хэдэн жил, сараар авсаар, улсыг 6 тэрбум төгрөгөөр хохироосон гэх энэ хэрэг хяналтын шатандаа хаагдаж, хэрэгсэхгүй болоод байгаа юм. Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Бясман хэвлэлийнхэнд хэлэхдээ “ Нийслэлийн дүүргүүдийн нийгмийн даатгалын хэлтсийн холбогдох албан тушаалтнууд, тэтгэвэр хариуцсан байцаагч нар хууль тогтоомжийн дагуу албан үүргээ биелүүлээгүйгээс улсад хохирол учруулж, хувьдаа мөнгө завшсан хэрэгт Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс мөрдөн байцаалтын ажиллагааг явуулж шалгасан. Энэ хэрэг Чингэлтэй дүүргийн хяналт дор явагдсан байгаа. Дээрх хэрэгтэй холбогдуулан эрх бүхий нийгмийн даатгалын хэлтсийн албан тушаалтнуудыг эрүүгийн хуулийн тусгай ангийн 256.3, 272.2-т зааснаас яллагдагчаар татаж мөрдөн байцаалтын ажиллагааг явуулсан. Ингэхэд тэдгээр албан тушаалтнууд тухайн гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон. Гэвч хөөн хэлэлцэх хугацаа буюу эрүүгийн хариуцлагад татаж болох хугацаа нь өнгөрсөн байсан учир Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 72.1.1, 24.1.1, 208.1.1-т зүйлд заасан үндэслэлээр шалгагдаж байсан хүмүүсийн хэрэг хэрэгсэхгүй болсон. Өөрөөр хэлбэл мөнгө идэж уусан нь тогтоогдсон ч хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан болохоор хэргийг хаасан” гэж ярьсан байдаг.
Тэгэхээр мөнгө идэж уусан нөхдүүд хуулийн ямар ч хариуцлага хүлээхгүй ажлаа хийгээд явж байна гэсэн үг. Энэ бол дэндүү харамсалтай мэдээ юм. Талийгаачдыг амь мэт болгож, нэр дээр нь тэтгэврийг нь авч луйвар хийдэг байсан хүмүүс цаашид ч нийгмийн даатгалын салбарт гэм зэмгүй мэт ажиллаад явж байх уу. Талийгаачдын зүгээр явуулахгүй байгаа хүмүүс дахиад өөр ямарч хэрэг үйлдэж мэдэх ёсзүйн тураалтай нөхдүүд л гэж ойлгогдож байна.
Сануулахад, Polit.mn сайтад С.Эрдэнэтэй холбоотой мэдээллийг нийтэлснээс харахад нас барсан иргэдийн нэрээр мөнгө завшигчидтай холбоотой хэрэгт С.Эрдэнийг шалгаж байгаа гэх мэдээллийг цагдаагийн байгууллагаас өгч байсан удаатай ч, сүүлдээ уг асуудлаар юм дуугарахаа больсон гэх.Хамгийн харамсалтай зүйл бол хэдийнэ энэ орчлонгийн хүн биш болсон эцэг эх, эмээ өвөөгийнх нь нэрээр тэтгэвэр шилжүүлснийг нь хэчнээн Монгол хүн мэдээгүй өнгөрсөн бол доо. Өглөө босохдоо, орой унтахдаа төрдөө залбирч, төрөө дээдэлдэг Монголчуудаа өөд болсон хойно нь, ясыг нь амраахгүй зовоодог төр байна гэдэг, дэндүү харамсалтай хэрэг биш гэж үү?
Нийгмийн даатгалын салбарт нуугдаж байгаа тун ноцтой асуудлыг дэлгэсэн “Нас барагсдыг амьдруулах “шидтэн”-үүд нийгмийн даатгалд одоо ч байна” нэртэй материал “Өнөөдөр” сонинд өнгөрсөн оны аравдугаар сард нийтлэгдэж байсан билээ. Тэнд өгүүлснээр бол Нийгмийн даатгалын газрын нэрээ хэлэхийг хүсээгүй эх сурвалж “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн зургадугаар зүйлд “Өндөр насны тэтгэврийг авсан өдрөөс эхлэн нас барсны дараагийн сар дуустал олгоно” гэж заасан байдаг юм. Уг нь нас барсны хоёр дахь сараас нь тэтгэврийн санхүүжилт зогсох ёстой. Гэтэл манай зарим албан тушаалтан хууль зөрчин, 45.9 тэрбум төгрөгийн тэтгэврийн санхүүжилт олгосон хэрэгт холбогдон шалгуулж байгаа. “ хэмээн ярьсан байдаг. Тэрчлэн 2006 оноос хойшхи судалгаагаар улсын хэмжээнд 14 мянга гаруй хүнд нас барсны дараа сарын тэтгэвэр олгосон бөгөөд зөвхөн нийслэлд л гэхэд нийгмийн даатгалынхан дээрх нас барсан хүмүүсийн 500 гаруйд тэтгэвэр олгохоо зогсоолгүй, амьд байгаа мэтээр тэмдэглэл хийн, 1000 гаруй удаагийн гүйлгээгээр 1.5 тэрбум төгрөг шилжүүлсэн талаар, за мөн тэтгэврийн эрх нээлгэж, арилжааны банкуудаас, зээл авчихаад байгаа гэх асуудлыг, зээлийн эргэн төлөлт нь нийгмийн даатгалын сангаас төлөгдөөд байгаа талаар, нас барсан хүн өдгөө амьд мэт тэтгэврээ аваад зогсохгүй, түүнийгээ барьцаалан зээл авч, төлөөд явж байж болох уу гэхчлэн асуудлуудыг тус нийтлэлд хөндсөн байдаг.
Харин С.Эрдэнэ сайдын хувиар сонгуулийн өмнхөхөн НДЕГ-ын дарга Д.Мэндбаяр нартай хамт мэдээлэл хийх үеэрээ энэ асуудлаар дуугарсан. Д.Мэндбаярын хэлж байгаагаар бол Нийгмийн даатгалынхан хуулиа зөрчин тэр их хэмжээний мөнгийг шилжүүлсэн нь хоёр шалтгаантай болохыг холбогдох шат дараалсан зургаан удаагийн хяналт шалгалтын үр дүнд холбогдох байгууллагууд тогтоосон гэнэ. Тухайлбал, 2006-2008 онд төрийн байгууллагын уялдаа холбоо сул байсан нь нэгдүгээр шалтгаан гэнэ. Үүнээс болж мэдээллийг нэг сарын хоцрогдолтой солилцож байсан гэлээ. Харин хоёрдугаар шалтгаан нь нас барсан гэх бүртгэлийг ар гэрийнхэн нь 1-2 сараар хугацаа алдаж бүртгүүлдэг байсантай холбоотой гэж хэлэв. Нас барсан гэх мэдээллийг нийгмийн даатгалын байгууллага сарын дараа авч байсан, энэ хугацаанд тэтгэвэр, тэтгэмжийн мөнгө банкны данс руу шилжчихсэн байдаг. Ингээд нас барсан гэдгийг нь мэдээд данснаас нь мөнгөө эргүүлж татах үйлдэл хийсэн гэх зүйлийг тэр хэлж байгаа юм. Тэгэхээр албаны хүний эл тайлбар бас л эргэлзээ дагуулсан хэвээрээ л байгаа гэдгийг энд тодотгоё. За мөн дээрх нийтлэлд өгүүлсэн анхаарал татсан бас нэг асуудал бол гадаадын харьяат болсон хүмүүст тэтгэвэр, халамжийн мөнгө олгосон үйлдэл байгаа аж.Монгол Улсын харьяатаас гарч буцаж харьяатын эрхээ сэргээлгээгүй 2000 орчим иргэнд бас л 1.5 тэрбум төгрөгийн тэтгэвэр олгосон байдаг. Хууль хяналтын байгууллагаас тогтоосноор 10 мянга орчим иргэнд нас барсны дараа нь тэтгэвэр олгож, Нийгмийн даатгалын сангийн найман тэрбум төгрөгийг завшсан байж болзошгүй гэх асуудал байсан. За харин НДЕГ-ын дарга Д.Мэндбаярын хэлж байгаагаар бол “150-300 орчим хүний мөнгө нас барснаас хойш нэг сарын дараа данс руу нь шилжсэн гэх тооцоог шалгалтаар гаргасан. Нас барсан гэдгийг нь мэдээд энэ мөнгөний 90 хувийг харилцах данснаас буцаан татсан. Одоо 19 сая төгрөгийн асуудал шүүхийн шатанд явж байна.” гэж байгаа юм. За мөн түүний хэлснээс ойлгоход тэдэнд алдах эрх бол байгаа юм байна. Учир нь тэрбээр, Олон улсын нягтлан бодох бүртгэлээс зөвшөөрөгдөх алдааг нэрлэсэн байдаг. Бид сард 100 орчим тэрбум төгрөгийн тэтгэвэр, жилд нэг их наяд тэтгэвэр тэтгэмжийг 360 гаруй мянган иргэнд олгодог. Ийм нөхцөлд дээрх алдааг зөвшөөрөгдөх хэмжээ хэмээн тооцдог.” хэмээн хэлж суусан. Ямартай ч тус газраас мэдэгдэж байгаагаар холбогдох байгууллагуудаас хийсэн шалгалтын мэдээллүүд тодорхой зөрүүнүүдтэй байдаг. Түүнчлэн хэрэг үйлдсэн нөхдүүдтэй хариуцлага ярихгүй болж, хэрэгсэхгүй болгоод байсан бол салбарыг өдгөө хариуцаж байгаа сайд Н.Номтойбаяр нийгмийн даатгалын санд шалгалт оруулахаа мэдэгдсэн. Чухам харин шалгалт хаа хүрч, хэр уудлахыг л харж, хүлээж байгаа.
Тэгэхээр АН-ын ирэх жилүүдэд залахаар сонгогдсон С.Эрдэнэтэй холбоотой асуудал энэ мэтээр олон юм.
Эх сурвалж: Шуурхай.мн
URL: