Шинэ даргатай болсон ч хэзээ ч шинэчлэгдэхгүй АН буюу нөгөө л танил мөнгөний сонгууль уу
Ардчилсан намын даргын сонгууль гэх сүр дуулиантай тоглолт болж өндөрлөлөө. Өчигдөр улс орон даяар АН-ын гишүүнд нэр дэвшигчдийн төлөө саналаа өглөө. Ингээд нийт намын гишүүдийнхээ хамгийн олон саналыг авсан хүнээр УИХ-ын гишүүн С.Эрдэнэ тодорсон юм.
Түүнтэй хамт УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Б.Батзандан болон гишүүн асан Л.Гантөмөр, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг нар өрсөлдсөн юм. Ийнхүү удтал дуулиан дагуулсан намын даргын сонгуулиа ямартаа ч тэд хийж чадлаа. Харин тэд өөрсдийн хүсээд байсан шиг шинэ зүйл, шинэчлэл гэдэг ололтыг олж авч чадсангүй. Намын даргаа шинээр сонгосон ч гэсэн намын хэдэн мянган гишүүдийнхээ туйлын зорилгыг биелүүлж чадсангүй.
Өнгөрсөн 12 сарын 16-нд хуралдсан их хурлын үеэр ардчилагчдын маань хэлж байсан зүйл хий хоосон зүйл болон үлдлээ. Намын даргын сонгуулиа тэд УИХ-ын сонгуультай адил булхай луйвраар дүүрэн болгож өнгөрүүлэв. Намын даргын төлөө өрсөлдөж буй эрхмүүд нь олон нийтийн өмнө бие биенээс муулж, тэр ч байтугай сонгуулийн сурталчилгааны сүүл хэсэгтээ нэгнийгээ зодсон хэрэг хүртэл гарлаа. Юун нөгөө шинэчлэл, юун нөгөө ардчилсан нам дахин шинээр төрөх ёстой лөөлэй болж үлдлээ. Намын даргын төлөө өрсөлдөж байгаа хүмүүсийнхээ талаар хэвлэлээр болон сошиал ертөөр дайралтуудыг маш ихээр хийв. Лидерүүд нь хэдэн хэсэг болон талцаж байгаад бие биенийхээ муу муухайг үзлээ. Адаг сүүлд нь намын нэрийг ашигласан бичиг цаасыг хуурамчаар үйлдэж, гишүүд дэмжигчдээ хүртэл хуурч орхилоо.
Түүгээр ч барахгүй өчигдөр сонгуулийн үеэр С.Эрдэнэ тэргүүтэй зарим нэр дэвшигчид мөнгө тараасан бичлэг зэрэг нь ил боллоо. Үүнийг нь УИХ-ын гишүүн асан Л.Оюунгэрэл, Б.Батчимэг тэргүүтэй АН-ын лидерүүд олон нийтэд мэдээлж нам доторх дайн нь хэвээрээ байгаа гэдгийг ил болгов. Тэр ч байтугай өчигдөр шөнө С.Эрдэнийг мөнгө тараасан гэх хэргээр хасах гэж байна гэсэн зүйл ч яригдаж байв.
Энэ мэтээр АН-ын даргын сонгуультай холбоотой элдвийн хэл ам тасарсангүй. Өнөөдөр ч энэ хэл ам тасрахгүй нь тодорхой. Ер нь өнөөдөр байтугай ойрын үед л лав энэ талаарх хэл ам, хэрүүл шуугиан тасрахгүй байх. Эв нэгдлийг сахиж, намынхаа цаашлаад улс орныхоо төлөө үнэн ч шударгаар өрсөлдөнө гэж байсан тэд таван сумаа аваад л бие бие рүүгээ “дүрээд” эхэлсэн юм. Сонгуулийн өдрөө тэд намын гишүүдээ хуурч мөнгө тарааж, эрх мэдлийн төлөө фракц болон тэмцэлдсэн хэвээр байгаа гэдгээ ч харууллаа. Юун нөгөө шинэчлэл. Бидний хэлж байсан шиг, хардаж байсан шиг нөгөө л хуучин нөхдүүд өрсөлдөж байсан болохоор бүх зүйл бахь байдгаараа байлаа. Сайжирсан зүйл огтхон ч байсангүй. Маш том мөнгөний тулаан өрнүүллээ. Нэр дэвшихийн тулд л тэд хэдэн зуун саяар бооцоо тавьж, мөнгөгүй нэгнээ “жийж” эхлүүлсэн билээ.
Эцэст нь дүгнээд хэлэхэд өнөөдөр АН шинэ даргатай болсон ч шинэчлэл гэдэг зүйлийн үнэр ч олж авч чадсангүй. Тэд ямарч цаг үед эрх мэдлийн төлөө тэмцэлдэж, өөр хоорондоо хуйвалдаж, мөнгө төгрөгөөр далайлгаж, булхай луйвраа хийж, урваж шарваж чадна гэдгээ энэ сар гаруйн хугацаанд бидэнд хангалттай харуулж чадлаа. Дахин тэднээс шинэ зүйлийг хүлээх хэрэггүй болжээ. Шинэчлэгдээд шинэчлэгдээд өөрчлөгдөхгүй шахуу хүмүүс намын шинэчлэлийг хийнэ гээд яриад явах нь хачирхалтай. Эх нь булингартай бол адаг нь булингартай л гэсэн шүү дээ. Хичнээн удаа ч байсан шинэ малгай өмссөн ч АН-ыг өнгөрсөн жилүүдэд дампууруулж байсан нөхдүүд дотор нь байсан цагт энэ нам хэзээ ч шинэчлэгдэж чадахгүй гэдэг нь туйлын үнэн. Өнгөрсөн жилүүдэд иргэдийн итгэл найдварыг тээж байх бүхий л хугацаанд одоогийн АН-ын лидерүүд гэж нэрлэгдээд буй нөхдүүд ард түмнээ шулж, худал амлалт өгч, эрх мэдлийн төлөө тэмцэлдсээр л ирсэн. Тэд мянган удаа шинэ хувцас худалдаж авсан ч нөгөө л бие биеэ хэмлэдэг, нэгнийхээ араас “хутга шаадаг” хэвээрээ л байх болно. Эрх ашгийнхаа төлөө хуйвалдаж нэгнийгээ унагадаг зангаа тэд хэзээ ч тавихгүй.
Мөн улсын мөнгийг үрэн таран хийдэг, бонд босгож түүнийгээ идэж, уудаг гэм биш зан нь бас л хэвээрээ байх болно. Бондын мөнгийг сайдтайгаа гоё дээлтэй уулзлаа гээд хэдэн саяар нь шагнадаг зангаа хэзээ ч тавихгүй. Улаанбаатар хотод их хэмжээний бүтээн байгуулалт хийсэн гэж өчигдөр АН-ын хүн толгойтой болгон л ярьлаа. Гэтэл өнөөдөр хийсэн ихэнх ажил буруу замаар явсан гэдгийг хууль хяналтынхан шалгаж тогтоож байна. Ерөнхий сайд байсан хүнээс нь эхлээд туслах хүртлээ идэж уусан, эрх мэдлээ хэтрүүлсэн хэрэгт холбогдож байх юм.
Ийм байж тэд ямар нүүрээрээ ард түмнээсээ, гишүүд дэмжигчдээсээ дахин итгэл нэхнэ вэ. Юугаа шинэчлэх гэж ингэж сүр бадруулна вэ. Даргын төлөө тэмцэлдсээр хурлаа ч хийж чадахгүй есөн жил болсон бус уу.
Ер нь эцсийн дүнд хатуу үнэнийг өгүүлэхэд энэ бүх намын даргын сонгууль, сунгаа бол зүгээр жүжиг байлаа. Бидний өмнө бичиж байсан шиг намын даргаа ҮЗХ-ны хурлаасаа сонгож чадахгүй эрх мэдэл, фракц бүлэглэлээрээ хуваагдаад суучихаараа арга ядсандаа л “Сонгууль” гэдэг үлгэрийг зохиосон шүү дээ.
Б.Анир
zaluu.com
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
ene nam butehguie.
sain