Ерөнхий сайдын шийдвэр улстөрчдийн уурыг хүргээд байгаа гэнэ

7332

Б.ДАМДИН

2017 оны нэгдүгээр сарын 20. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагыг хүлээн авч уулзав. Үүний дараа  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцтэгэх захирал Д.Ариунболд Цанхийн баруун уурхайн ажлыг өнгөрсөн жил дахин эхлүүлж, анхны борлуулалтаа хийсэн тухай мэдээлэл хийсэн юм. Түүний хэлснээр нээлттэй сонгон шалгаруулалтын үр дүнд Цанхийн баруун уурхайгаас эхний ээлжинд 300 мянган тонн нүүрсийг уурхайн амны нөхцөлөөр тонныг нь 71.5 ам.доллараар тооцож, борлуулсан үнийн төлбөрийг 100 хувь урьдчилж авах нөхцөлтэйгөөр зах зээлд нийлүүлэх болсон. Энэ нь “Эрдэнэс Тавантолгой” компанийн түүхэнд анх удаа хийсэн нээлттэй сонгон шалгаруулалт төдийгүй борлуулах үнийн төлбөрөө 100 хувь урьдчилж авсан анхны тохиолдол юм байна. “Эрдэнэс Тавантолгой” компани Цанхийн зүүн уурхайн нүүрсийг үнэ тогтоох дөрвөн индексийн хувь хэмжээний дагуу өнгөрсөн оны III улиралд тонныг нь уурхайн амнаас 27 ам.доллар, IV улиралд 33 ам.доллар, арванхоёрдугаар сараас 50 ам.доллар, 2017 оны нэгдүгээр сараас 59.3 ам.доллараар борлуулж байгаа. Харин Цанхийн Баруун уурхайгаас олборлосон анхны нүүрсээ 2017 оны нэгдүгээр сарын 15-нд ийнхүү 71.5 ам.доллараар борлуулж байгаа юм байна. Мэдээж хэрэг, энэ мэдээ олон нийтийн чихэнд тун сайхан сонсогдож, олны талархлыг хүлээсэн сайн мэдээ байж таарна.

Тэгвэл ийм шийдвэр гаргаснаар Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат руу улстөрчид “хялалзах” болсон байна. Учир нь нам, намын харьяалалтай улстөрчдийн хийдэг бизнесийг Ерөнхий сайдын дээрх шийдвэр хаачихсан гэнэ. Улстөрч нэр, нөлөөгөө ашиглан яаж ийгээд “Эрдэнэс Тавантолгой” компанитай Хятадын компаниудыг гэрээ хийлгүүлж, үүнээсээ шагнал хүртдэг байсан нь нууц биш. Өөрөөр хэлбэл, уурхайн амнаасаа 27 ам.доллараар зарагддаг байсан нүүрсийг 50-аас дээш ам.доллараар гэрээлэн худалдаж, дундаас нь мөнгө цохидог гэж ярьдаг.  Тэгвэл одоо уурхайн амнаас 71.5 ам.доллараар худалдахаар болж байна. Мөн хэн нэгний яриа хэлцэл, нэр нөлөөгөөр бус сонгон шалгаруулалтаар борлуулахаар болж байгаа юм. Харин энэ бүхний эцэст Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат л хэсэг бүлэг улстөрчдийн давшилт, дайралтын бай болж магадгүй ажээ.

Эх сурвалж: www.polit.mn


URL:

Сэтгэгдэл бичих