Дөрвөн Ерөнхийлөгчийн дөрвөн гадаад бодлого
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ жил халаагаа өгнө, хэдхэн сар үлдлээ. Монголчууд угтаж авсан шигээ бас үдэж өгдөг сайхан заншилтай ард түмэн. Харин улс төрчдөд хатуурхахдаа заримдаа хэт туйлширдаг. Ялангуяа улс төрийн тэнгэрийн аясыг дагаж туйлшрах нь бий. Тийм туйлшрал эрхэм Ц.Элбэгдорж руу чиглүүлж мэр сэр цухалзаад байх шиг. Хугацаанаас өмнө огцруулна ч гэх шиг, хошин урлагийнхан доромж маягаар шоглоод ч байх шиг, бүтэлгүй амьдралынхаа буруутныг тодруулаад ч байх шиг.
Өнгөрсөн 8 жилээр авч үзвэл Монгол Улс төртэйгээ, Ерөнхийлөгчтэйгээ, ард түмэнтэйгээ нийлээд гадаад бодлого дээр бол “онцсайн” дүн тавиулахаар ажилласан хэмээн би дипломатчийн хувьд, Элчин сайд байсан хүний хувьд үздэг. Одоо ч дахин давтан тэмдэглэж байна.
Харин тэр өөлж баалж шүүмжилдэг нь манай улсын гол асуудал болох дотоод бодлогодоо байна. Нийгэм-эдийн засгийн бэрхшээл нь ямар ч монгол хүнийг төр рүү асуулахаар юм. Ноён Ц.Элбэгдоржийн онож хэлснээр бол, улсаа баллаж байгаа, эдийн засгаа нурааж байгаа юм ерөөсөө улс төр нь. “Улсаа өргөж босгохын төлөө хийх ажлаа улс төр болгож баллаад байгаа юм”, “Монголд юм хийлгэх гэхээс хийлгэхгүй гэсэн хүч нь илүү гараад, бүтээнэ гэснээс бүтээлгэхгүй гэсэн хүч нь илүү гараад үнэхээр санаа зовоож байна” хэмээн нэгэн удаа ярьж байсансан.
Үнэндээ ч Монгол маань нэгэнт нээлттэй нийгэм учраас, монголчууд маань их багагүй, дээр доргүй нээлттэй эрх чөлөөт иргэд учраас нийгмийн буруу муухай болгоныг олж хараад, ийм хорлонтой зүйлсийг ил буруушаадаг, дэмждэггүй, ялтныг эрдэг, тодруулдаг, чичилдэг нь хэнд ч хориглогдошгүй үзэгдэл юм. Ардчиллынх нь нэг элемент тэр юм.
Яг ийм өнцгөөс харвал өнөөгийн дөрөв дэх Ерөнхийлөгч байтугай, өмнөх гурав нь ч (П.Очирбат, Н.Багабанди, Н.Энхбаяр) сайн нэргүй, ерөөсөө Ж.Батмөнхөөс хойш ардчиллын 26 жилд алтан үсгээр бичигдэх ганц ч спикергүй, ганц ч Ерөнхий сайдгүй явж байгаа. Явж явж Ю.Цэдэнбалын 100 жилийн ойгоор түүхэнд тэмдэглэгдэн үлдэх ганц удирдагчаа эргээд тодруулаад авах шиг боллоо.
Ерөнхийлөгчийн засаглал хэрэгтэй хэмээн ярьцгаадаг, үе үе тэгж савладаг. Цоо шинэ институц оруулж ирэх гэж байгаа юм шиг гадаадаас загваруудыг нь хайгаад л. Үндсэн хуулиндаа түүнийг л суулгачих санаатай их онолдох юм. Тэгвэл л Монгол маань цэгцрээд, хүн ард нь жаргаад байх юм шиг.
Саяхны түүх шүү дээ. Монгол маань Ерөнхийлөгчийн маш хатуу засаглалтай байсан юм шүү. Ганц хүний эрх мэдлээр улс маань хөдөлж хөгжиж байсан юм. Чойбалсан, Цэдэнбал, хожмын Батмөнх нар чинь Ерөнхийлөгчийн засаглалын бүх эрх мэдлийг эдэлж, хэрэгжүүлж байгаагүй гэж үү? “МАХН-ын Төв Хорооны Улс төрийн Товчоо” гэх арваад хүнээр өөрийгөө тойруулчихаад, тэр нь тойрч нягтарсан команд нь (гар хөл нь) болоод Монгол орныг эх захгүй захирч хянаж байсан бус уу? Тэр засаглалыг л унагаахын төлөө Монголын ардчилал нөхцөлдөж, ялалтаа хангаад одоо шинэ Монгол Улс маань оршин тогтнож, хөгжиж яваа бус уу?
БНМАУ-ын социалист “Ерөнхийлөгчийн засаглал”-ын оройд хугацаагүй заларч, тахин шүтэгдэж байсан удирдагчийг XXIзууны Ц.Элбэгдорж нартай харьцуулж баална, өр нэхнэ, тиймтахин шүтүүлэгчийг олж орой дээрээ зална гэвэл ёстой нэг утгагүй, логикгүй, бүтэшгүй үзэгдэл болох биз ээ.
Хоёр. Дөрвөн нөхрийн түүхэн имиж
Монгол Улсын Үндсэн хуулийг эргэж сайтар үз. Ерөнхийлөгчийн эрх мэдэл, үүрэг, хариуцлага бүгд бичээтэй байгаа. Харин нэр бүхий дөрвөн эрхэм (П.Очирбат, Н.Багабанди, Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж) Үндсэн хуулиа зөрчсөн, гажуудуулсан, алдаж эндсэн ганц ч тохиолдол байхгүй юм шүү. Үндсэн хуулийн хямрал дэгдэж байсангүй.
Дотоод бүх бэрхшээлийн шалтгааныг дээр товч тодорхой хэлээд өгчихлөө. Ард түмний аж байдал, мөнгөн орлого, зарлага, улсын эдийн засгийн уналт сэргэлт, өр шир, энэ бүхэн чинь Ерөнхийлөгчийн гэхээсээ, УИХ, Засгийн газрын үйл ажиллагаатай шууд холбогдоно. Тэгэхдээ 1990-2016 онд төр барьсан бүх парламентыг ард түмэн олонхиороо сонгож, засгийн эрх барих эрхийг нь ардчиллын замаар олгож байснаас бус УИХ-д дайрч ороод дур мэдэн засаглачихсан ганц ч тохиолдол байхгүй. УИХ нь Засгийн газраа байгуулдаг журмаар л тэр олон Засгийн газар, тэр олон Ерөнхий сайд ажилласан. Нэг үгээр бол монголчууд Та бидний сонгож гаргаж ирсэн, итгэл хүлээлгэсэн төр засаг чинь тэр. Буруутнаа тэндээс нэрлэх гэж байгаа бол сонгож гаргаж ирсэн сонгогчид бид ч бас бурууг үүрэлцэнэ.
Ерөнхийлөгчийг бүх ард түмнээсээ сонгож гаргаж ирснээс болоод, тэр сонгууль нь улс даяараа ганц тойрог болж зохион байгуулагддаг, тэр хэрээрээ олон хүний итгэл сэтгэлийг эзэмддэгээсээ болоод нэр бүхий дөрвөн эрхэм сайн нэргүй явж байж болно. Нэхэх нь дэндүү их, хариу өгөх нь Үндсэн хуулиараа зохицуулагддаг учраас бага гэх үү дээ.
Гэхдээ Ерөнхийлөгч маань ажилладаг, ажиллаж ирсэн ч юм. Дөрвүүлэнд нь хандаж хэлж байна. Ерөнхийлөгч П.Очирбат Ж.Батмөнхөөс үүрэгт ажлыг нь өвлөн авсан 1990 оныг эргэж сануулах нь зөв. Тэр тухай сунжирсан түүх дэлгэх гээгүй. Гэхдээ социалист тоталитари дэглэмээс ардчилал руу хийх шилжилтийн хамгийн хөндүүр зовиуртай үеийг тэрээр туулсан, туулуулсан түүхэн хүн юм. Бүх зүйл цоо шинэ, асуултын хариулт бэлэнгүй, гадаад дотоод нөхцөл байдал тодорхойгүй үед П.Очирбат гуай муугаа дуудуулаад элдвээр хэлүүлж шоглуулсаар 1990 оны АИХ-ын, 1993 оны Ерөнхийлөгчийн сонгуульт ялалт байгуулан товойн гарч ирсэн нь худал биш. Түүнийг төр тэргүүлсэн 7 жилд Монгол маань ардчиллын зам дээр эргэлтгүй зогсож, түүнийгээ Үндсэн хуулиараа баталгаажуулж, хоёр танхимт парламенттай болж нэг үзээд, дараа нь ганц танхимт УИХ-ын хоёр сонгуулийг хал балгүй, зөрчил тэмцэлгүй, эв эеэ хичээж өнгөрүүлснийг түүх мартахгүй болов уу.
1997 онд Монгол Улс Н.Багабанди гэх шинэ Ерөнхийлөгчийг бүх ард түмнээсээ сонгоод гаргаад ирсэн. Тэрээр өмнө нь цоо шинэ УИХ-ын анхны спикерээр ажилласан туршлагатай, тулхтай улс төрч байсны хувьд Монгол Улсын ардчилал, шинэчлэлийн үйлсийг 8 жил үргэлжлүүлсэн. XXIзуун руу Монгол орноо хөтлөн авч орох их түүчээ тэр хүний нэртэй шууд холбогдоно. Ардчилал нь жигдэрчихсэн, төр засгаа эмхлэн байгуулаад сурчихсан, ялж ялагдаж сурчихсан тийм үеийг тэрээр төлөөлсөн. Тэрээр өмнөхП.Очирбат шигээ элдвээр хэлүүлж шоглуулаагүй, нэг үгээр бол хээгүйн дэргэд жинхэнэ хийгүй Төрийн тэргүүн байсан юм.
2005 онд Монголын түүхэнд Улаанбаатарын унаган хүү, сэхээтэн гаралтай Н.Энхбаяр төр тэргүүлэхээр “Эвтэй байхдаа хүчтэй” гэсээр ялалт байгуулж гарч ирсэн. Энэ бол тун саяхны үйл явдал. Тэрээр Засгийн газрыг УИХ-ын нэг бүрэн эрхийн хугацаанд тэргүүлчихсэн, залгуулаад УИХ-ын даргаар жил орчим ажиллачихсан, улс төрийн туршлага гэвэл тун чамлахааргүй. Түүний гол онцлог, давуу тал, дуурсагдах чанар гэвэл эдүгээгийн МАН, тухайн үеийн МАХН-ын 2-3 ч үеийн улс төрчид, залгамж халаагбэлтгэж чадсан, хожим тэдэнтэйгээ айхтар муудалцсан,тэгж муудалцсан нь хожим өөрийг нь баалуулаад шалтгаан болсон болов уу хэмээн үздэг. Н.Энхбаярын төр, засаг толгойлсон 9 жил Монгол Улсын түүхэнд “Их өр”-ийг цэгцэлсэн, газрыг өмчлүүлсэн, Мянган замын бүтээн байгуулалт, Энхийг сахиулах ажиллагаа гэхчлэн шигтгээ болж үлдсэн олон үйлс бий. Хөгжил дэвшил жигдэрч эхэлсэн, шилжилтийн үеээ дуусгаад өсөлтийн үедээ тулж ирлээ, одоо зөвхөн хөгждөг цаг хэмээн улс нийтээрээ уухайлан ажиллаж байсан эрчимтэй жилүүд билээ. Уул уурхайн олборлтын тэсрэлтийн эхний жилүүд тэр үед үргэлжиллээ. УИХ-ын 2008 оны сонгуулийн дараахи будлиан, эмгэнэлт явдал мөн тэр үед хамаарна.
2009 онд Монгол Улс түүхэндээ анх удаа ардчилсан хүчнээсээ, тэгэх тусмаа ардчилсан хувьсгалын түүчээ явсан, анхны тугч явсан хүнээ Төр тэргүүлүүлэхээр итгэл хүлээлгэж билээ. Тэр хүн 2013 онд дахин ялаад хоёр дахь бүрэн эрхээ хэрэгжүүлээд энэ оны зун халаагаа өгөх гэж байна. 2009-2017 оны Монголын түүхийг үнэлэж дүгнэхэд эрт байж болно. Дэлхийн эдийн засгийн хямралын таагүй нөлөө, АН-ынхан төр барихдаа өвөр хоорондоо үзэлцэж ард түмнээ залхаасан, гадаад өрөнд баригдсан гээд дотоод руу хандуулж ярихгүйгээр «Жижигхэн Монгол томоохон бодолтой байж гэмээнэ энэхүү ээдрээт ертөнцөд оршино тогтноно» гэх ноён Ц.Элбэгдоржийн эшлэлээр гайхамшигт гадаад бодлого томъёолон хэрэгжүүлснийг нь тэмдэглүүштэй.
Гурав. Өмнөх гурвын гадаадбодлогод “онцсайн” дүн тавина
Нэр бүхий дөрвөн Ерөнхийлөгчид шууд хамаатуулахгүй, төр засгийн толгойд байсан, байгаа бүх нөхдөд хамаатуулах тэр асуудлыг бид энд үнэлээд байгаа хэрэг л дээ. Манай үе үеийн Ерөнхийлөгч, Засгийн газрууд залгамж чанараа хадгалсан,бие даасан, тэнцвэртэй, идэвхтэй, нээлттэй, олон тулгуурт, прагматик гадаад бодлого явуулж ирсэн гавьятай.
Монгол Улсын гадаад бодлогын цоо шинэ зам мөр гаргаж, ардчилсан Монголоо дэлхийд таниулж, шинэ шинэ хөрш түнштэй болж, капиталист хэмээн хардаж харааж суусан тэр том ертөнцтэй харилцаа зөв төлөвшүүлэхэд П.Очирбат, Д.Бямбасүрэн, Гадаад харилцааны сайд Ц.Гомбосүрэн нарын оруулсан хувь нэмрийг түүхээс баллуурдаж чадахгүй. Анхны Ерөнхийлөгч П.Очирбат 1990-1997 онд гадаадад 21 удаа томилолтоор явсны 18 нь хоёр талын харилцааг шинээр эхлүүлэх, хөгжүүлэх, бэхжүүлэх зорилготой байлаа. Түүнийг төр тэргүүлж байх үед 1996 онд Дани, Европын Холбоо, Их Британи, ХБНГУ, ОХУ-ын Гадаад хэргийн сайд нар цувралдан ойр ойрхон манай улсад айлчилсныг эргэж саная. Нэг дор, тэгээд бүр хоёрхон сарын дотор 5 гүрний Гадаад хэргийн сайд нар Монголд цувралдан айлчилна чинээ бид ч, олон улсын хамтын нийгэмлэг ч, хоёр их хөрш маань ч төсөөлөөгүй юм. Тэр үедээ парадокс гэхээр үзэгдэл байв. Энэ бол Монголын гадаад бодлогын түүхэн нэгэн торгон агшин байлаа.
Манай улс түүхэндээ анх удаа үндэсний аюулгүй байдлын болон гадаад бодлогын үзэл баримтлалаа боловсруулж, хуульчлан, дагаж мөрдөж эхлэхэд Н.Багабанди спикертэй анхны УИХ, тэр үеийн Төрийн тэргүүн П.Очирбат нар түүхэн гавьяатай. Тэрхүү үзэл баримтлалуудыг 1996 онд УИХ-ын хоёр дахь сонгуулиар байгуулагдсан Ардчилсан хүчний Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрөөр анх удаа тодотгон хэрэгжүүлсэн. Дараа дараагийн шинэ УИХ-уудын үед тэгдэг уламжлал хэвшүүлсэн.
Ерөнхийлөгч Н.Баганбанди 45 удаа гадаадад томилолт өвөрлөсний 38 нь хоёр талын харилцаанд зориулагдсан, тэр хэрээрээ хоёр талын харилцааг бэхжүүлсэн. Түүнийбүрэн эрхээ хэрэгжүүлсэн 8 жилийн хугацаанд хоёр өөр улс төрийн хүчин ээлжлэн Засгийн газар бүрдүүлж байсан ч гадаад бодлогын нэгдмэл чанарыг ханган олон улсын харилцаанд нэн идэвхтэй гадаад бодлого хэрэгжүүлж чадсан юм. Шинэ зуунд олон улсын терроризмын эсрэг тэмцэл өрнөхөд Монгол Улс гярхай тусган авч, тэр тэмцэлд оролцохоор цэрэг армиа бэлтгэж, энхийг сахиулах үйлсэд хувь нэмрээ өргөсөн нь гадаад бодлогын шинэлэг, зарчмын анхны томхон алхам байлаа. Н.Баганбанди гуайн үед нэг том дэвшил гарсан нь 2002 онд Монгол Улс Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх дээд хэмжээний уулзалтад (Алма-Аты) анх удаа оролцож, гишүүнээр элсэж, 2003 онд Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын ажиглагч гишүүний статустай болжээ.
2003 оны 9 дүгээр сард Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан Ардчиллыг шинээр болон сэргээн тогтоосон орнуудын олон улсын V бага хуралН.Баганбанди, Н.Энхбаяр нарын гадаад бодлогын амжилтын оргил нь байлаа. Энэ бага хурал “Ардчилал, сайн засаглал, иргэний нийгэм” гэсэн сэдвийн дор явагдаж, дэлхийн 119 улс орны төлөөлөгчид оролцсон. Ардчиллыг төлөвшүүлэх чиглэлээр олон улсын хамтын нийгэмлэгээс цаашид явуулах үйл ажиллагаа, хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлсон хоёр чухал баримт бичиг – Улаанбаатарын Тунхаглал, Үйл ажиллагааны хөтөлбөрийг батлан гаргаж байсан. Энэ бага хурлын өмнөх өдөр нь Олон улсын иргэний нийгмийн чуулга уулзалт Улаанбаатарт тусдаа хуралдаж байсан түүх хуучраагүй байна.
Эрх зүйт төртэй ардчилсан улсын гадаад бодлогод гэнэтийн хувиралт, огцом эргэлт гардаггүй, гарч болохгүй, харин ч түүнийгээ цааш нь төгөлдөржүүлэн, солонгоруулан үргэлжлүүлдэг гэдгийг Н.Энхбаяр нотлож ажилласан. Тэрээр Ерөнхийлөгч байхдаа 26 удаа гадаад томилолт авсны 15 нь хоёр талын харилцааны айлчлал байжээ. Н.Энхбаярын үед 2005 онд Астанад ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцож, 2008 онд Бээжинд Ази-Европын уулзалтад (ACЕМ) уригдаж гишүүн нь болж байжээ.
Ерөнхийлөгч гэж үндэсний эв нэгдлийг илэрхийлэгч бэлгэдэлийн чанартай нэг нөхөр тэр дээр амгалан сууж байдаг хэмээн жирийн ардууд ойлгож ирсэн бол огт тийм биш ээ, ялангуяа гадаад бодлого дээр тэд хөдөлдөг юм, хийдэг юм, бүтээдэг юм гэдгийг өмнөх гурван Ерөнхийлөгч хэр чинээндээ харуултал ажилласан гэж үзэж байна.
Монгол Улсад дөрвөн Ерөнхийлөгч ажиллажээ. Төр, засаг ч олон удаа солигджээ. Харин түүний үйл ажиллагааны салбаруудаас (гадаад харилцаа, батлан хамгаалах, эдийн засаг, боловсрол, эрүүл мэнд, хууль цааз, байгаль орчин гэх мэт жагсана) ганцхан гадаад харилцааны салбар л ямагт прогрессоор урагшилж, ямагт нэмэх үзүүлэлттэй гарч ирсэн байх юм.
Дөрөв. Хоёр хөрш рүү хандсан “их цөмрөлт”
Мэдээж нэгэнтээ хэвшээд тогтчихсон, зөв төлөвшчихсөн гадаад бодлогыг үргэлжлүүлэхээр 2009 онд эрхэм Ц.Элбэгдорж сонгогдсон, тэр хэрээрээ ч 8 жил эргэлт буцалтгүй ажиллалаа.
Тэрээр 70 орчим удаа гадаадад томилолтоор ажиллаж, түүнийх нь 30 гаруй нь хоёр талын харилцааны айлчлал, үлдэх нь буюу дийлэнх нь олон талт харилцааны арга хэмжээнүүдэд оролцсон дүнтэй байна. Өөрөөр хэлбэл АСЕМ, ШХАБ-ын дээд хэмжээний уулзалт, гурван талт дээд хэмжээний уулзалт, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганууд, Давосын эдийн засгийн форум гэхчлэн. Манай улс сүүлийн гурван Ерөнхийлөгчийн(Н.Багабанди, Н.Энхбаяр,Ц.Элбэгдорж) өнгөн дээр бүс нутгийнхаа олон талт үйл явцад баттай байраа эзэллээ хэмээн дүгнэж болно.
Би өмнө нь ч бичиж байсан, одоо ч бичиж байна. Өнөөгийн Ерөнхийлөгч маань ерөөсөө Ерөнхийлөгч гэх тэр институцын цоо шинэ имижийг бүрдүүлж чадсан. Гадаад бодлогыг 8 жил гартаа атгаж байна. ҮАБЗ-ийн тэргүүнийхээ хувьд, уг зөвлөлийн хоёр гишүүн УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарт үлгэр болоод тэр гадаад бодлогоо хэрэгжүүлж болдог юм аа гэдгийг харуулж байна.
Манай аль ч Ерөнхийлөгчийн үед, аль ч УИХ,Засгийн газрын үед Монголын гадаад бодлогын залгамж чанар хадгалагдаж, харилцаа өргөжин тэлж ирсэн бөгөөд тэгэхдээ прогресссоор, тоо чанарын хувьд ямагт өсч дэвжиж ирсэн боловч Ерөнхийлөгч өөрөө санаачилбал, араас нь хөөцөлдвөл гадаад бодлого дээр дэлгэрүүлж хэрэгжүүлэх олон үйлс байдаг юм гэдгийг сүүлийн 8 жилийн түүх харууллаа.
Олон улсын харилцаанд Монголын жинг нэмэх юмсан, энэ жинг нэмж үлдээх юмсан гэсэн чин хүсэл эрмэлзэлтэй хэмээн Ц.Элбэгдорж нэг удаа ярьсан байдаг. Тэр утгаар гадаад бодлого огцом идэвхжсэн, шинэ агуулгаар баяжсан, тэр тоолонд тэр жин нь нэмэгдсэн.
Монгол, Орос, Хятадын гурвалсан дээд түвшний уулзалтыгтом амжилт хэмээн нэрлэж байна. 2014 онд ердөө 5 хүрэхгүй сарын дотор болж өнгөрсөн үйл явдлыг эргэж саная. Ерөнхийлөгч өөрөө энэ асуудлыг анхлан 2014 оны 4 дүгээр сард санаачлан ҮАБЗ-д хэлэлцүүлж дэмжүүлээд 5 дугаар сарынхаа 20-21-нд Шанхайд Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурлын дээд хэмжээний уулзалтын үеэр нөгөө хоёр улсынхаа төрийн тэргүүнд тавьж, хоёуланг нь урьж, урьсны дагуухи айлчлалыг тэр зун намрын зааг үед амжилттай зохион байгуулж, залгаад Тажикистаны нийслэлд хоёр гүрний удирдагчийг гурван талын уулзалтад урин нийтлэг асуудлаа ярилцсан билээ. Дэлхийн бодлогыг тодорхойлолцдог, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын 5 гишүүний хоёр нь болох хоёр том гүрний удирдагчдыг ийм богино хугацаанд, бараг зэрэг шахуу айлчлуулаад, дараа нь тийм богино хугацаанд гурван талын дээд хэмжээний уулзалтад уриад, тэр уулзалтаа амжилттай хэрэгжүүлсэн, залгуулаад 2015 онд Уфад, 2016 онд Ташкентэд үргэлжлүүлсэн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монголын түүхнээ, тэр дундаа гадаад бодлогын түүхнээ нэрээ мөнхжүүллээ гэхээс өөрөөр юу гэх билээ.
Монголын төрт улсын түүхэнд байгаагүй уулзалтуудыг ярьж байна. Хойшдоо ч олон тохиохгүй.Хөрш түншээ эрж хайж, олж авахын тулд хичнээн их хүч чармайлтыг хичнээн олон жил монголчууд бид тавьж, чармайж, тэгснийхээ төлөө өөрсдийгөө эрсдүүлж явсан улс гэдэг түүхэн утгаар энэхүү энэ том үйлсийг үнэлэх ёстой юм.Хятад, Оросын төрийн тэргүүнүүд цуваад, цуваад Монголд айлчлахад “Үгүй энэ Монгол чинь юу болчихов оо” гэмээр дэлхийн олон улсын, тэр дундаа дэлхийн олон удирдагчийн нүд Монгол руу бэлчиж байсан даа.
Өмнөх гурван Ерөнхийлөгч дор бүрнээ л сайн ажилласан, гэхдээ 2014 оных шиг ганц сарын тийм их чармайлт, ийм их амжилтыг үзүүлж амжаагүй байсан учраас л би энд онцлон тэмдэглэж байна.
Тав. Ертөнцөд дэрвэж буй Монголындалбааны тухайд нүүр улайхгүй боллоо
“Их цөмрөлт” хэмээн онцолсноо цааш нь явуулъя. Гадаад харилцааны тоо, чанар гэдгээр. 2014 онд хоёрхон7 хоногийн дотор сүүлийн 5-11 жилд Монголд ирээгүй байсан, дэлхийн бодлогыг тодорхойлогч хоёр том хөршийн удирдагчид эх оронд маань түүхэн айлчлал хийж, түүхэн олон чухал шийдвэрт гарын үсгээ зурсан билээ. Олон чухал төсөл хөтөлбөрийн гарааны шанг татсан.“Эдийн засгийн коридор” байгуулах хөтөлбөр хэрэгжих боллоо.ОХУ-тай тогтоосон стратегийн түншлэлийн харилцаа, БНХАУ-тай тогтоосон иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг тэнцвэртэй хөгжүүлэх, гуравдагч хөрш орнуудтай харилцахдаа тэнцвэрийг чухалчлах, гадаадын олон улс оронтой найрсаг, түншлэлийн харилцаагаа бэхжүүлэх талаар үнэхээр сайн ажиллажээ.
Олон талт хамтын ажиллагааны чиглэлд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн өнгөн дээр жинхэнэ “их цөмрөлт” хийж чадсан он жилүүдийг бид үдэж байна. АСЕМ-ын Дээд түвшний XI уулзалтыг эхлээд нэрлэе.Азидаа 6 дахь дээд хэмжээний уулзалтын зочин улсаар Монгол, зочин хотоор Улаанбаатар хот маань тодорсон. АСЕМ-ын дээд хэмжээний анхны уулзалт Азид болж, түүчээлсээр 6 дахь нь Улаанбаатарт болж таарсан.“Хельсинкийн төгсгөлийн баримт бичиг”, “Киотогийн протокол” гэдэг шиг “Улаанбаатарын тунхаглал” гэх баримт бичиг дэлхийд нэрлэгдэж явах боллоо.АСЕМ-ын 20 жилийн ойг тэмдэглэх хүрээнд түүний үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгч, АСЕМ-аас гурав дахь 10 жилдээ баримтлах үндсэн чиг шугамыг тодорхойлсноороо тунхаглалын гол утга илэрхийлэгдэнэ.“Нэгэн зуунд дахин тохиохгүй” гэсэн санаагаарЕрөнхийлөгч өөрөө XI уулзалтыгнэрлэсэн. Эдүгээ 51 гишүүнтэй, 51 улсад нь ээлжлээд Ази, Европын гэж солбиод хоёр жилд нэг удаа чуулдаг гэвэл АСЕМ-ын дараагийн уулзалт Монголд иртэлээ лав 100 жилийн зай байна гэсэн санаа юм. Монголын түүхнээ (810 жилээр авъя) ийм үйл явдал өмнө нь тохиож байгаагүй, хойшдоо, нэг хэсэгтээ огт тохиохгүй гэдгийг хэлж байна. Хоёр тивийн ийм олон улсын удирдагчид нэгэн зэрэг манай эх орны нийслэлд цуглараад, чуулаад, Монгол орон, монголчуудын үнэн түүх, нүүр царай, соёл урлаг, хөгжил дэвшлийг нэгэн зэрэг мэдрээд, үнэлээд буцна гэдэг үгээр хэлж төсөөлж боломгүй үйл явдал билээ.
Дэлхийн 140 гаруй орныг эгнээндээ нэгтгэсэн ардчиллын төлөөх хөдөлгөөн – Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг манай улс даргалж, Сайд нарын VII бага хурлыг 2013 оны 4 дүгээр сард Улаанбаатар хотноо зохион байгуулсныг дараагийн ил тод жишээ болгож нэрлэе. АСЕМ энэ хоёр нь манай улсын нэр хүндийг олон улсын тавцанд өргөсөн чухал арга хэмжээ болсонтөдийгүйманай улсад олон улсын томхон форумыг нэр төртэй зохион байгуулж болох юм байна, монголчууд чадах юм байна гэдгийг дэлхий дахин нотлож чадсанаараа ач холбогдол нь хэмжигдэнэ.
Ноён Ц.Элбэгдоржтүүхэнд анх удаа АПЕК-ийн эдийн засгийн лидерүүдийн уулзалтад 2014 онд уригдаж оролцсон. УлмаарАзид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурлын дээд хэмжээний 4 дэх удаагийн уулзалт, ШХАБ-ын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн 5 удаагийн хуралдаанд уригдан оролцсон.АСЕАН-ы яриа хэлэлцээний түнш, Зүүн Азийн дээд түвшний уулзалтын оролцогч орон болох зорилтыг хангах чиглэлд идэвхтэй ажиллалаа. Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаархи “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-г Ерөнхийлөгч санаачлаад, тэр хүрээнд олон улсын эрдэм шинжилгээний гурван ч бага хурал Улаанбаатартаа зохион байгууллаа. “Азийн форум” санаачилга дэвшүүллээ. НҮБ, “77”-гийн бүлэг, Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөн зэрэг олон талын хүрээнд хамтран ажиллах, хөгжиж буй орнуудтай хамтын ажиллагаа хөгжүүлэх зорилт хэрэгжсээр байна. НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн гишүүнээр бүс нутгийн бүлгээсээ хамгийн их саналаар анх удаа сонгогдсон, Монгол Улс НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд харьцангуй сүүлд хамрагдсан улс боловч НҮБ-д цэнхэр дуулгатанаа хандивладаг НҮБ-ын гишүүн топ 20 улсын нэг болж чадсан, ардчилал, хүний эрхийг дээдлэх, сайн засаглал төлөвшүүлэх, авилгатай тэмцэх талаар Азидаа нэр хүндтэй улс болж, тэр утгаар өөрийн орны туршлагыг ардчиллыг шинээр болон сэргээн хөгжүүлэхээр зорьж байгаа улс орнуудтай хуваалцан хамтран ажиллах зорилгын үүднээс “Олон улсын хамтын ажиллагааны сан” байгуулж, Киргиз, Мьянмар, Афганистан, БНАСАУ, Лаос, Камбож, Балба, Бутан, Шри-Ланка, Зүүн Тимор зэрэг улстай сайн засаглал, ардчиллын туршлагаа хуваалцаж буй, Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг, “Онлайн эрх чөлөө” эвслийг тус тус амжилттай даргалсан гэхчлэн дурдаж болно.
Олон тулгуурт гадаад бодлогынхоо тэнцвэрийг хангах талаар ч гарамгай сайн ажиллаж байна. НҮБ-ын бүх гишүүн орнуудтай дипломат харилцаа тогтоох санаачилгыг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бүрэн эрхийнхээ эхний жилүүдэд Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийг ойг угтуулж дэвшүүлсэн. Уг зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд Монгол Улстай дипломат харилцаа тогтоосон орны тоо 186 хүрч, удахгүй энэ тоо 189 болох гэж байна. 2012 оны эхэнд дипломат харилцаа тогтоосон орны тоо 149 байсантай харьцуулахад том дэвшил бус уу? Нээлттэй гадаад бодлогын хүрээнд дипломат харилцаатай улсын тоог нэмсэнээр манай улсын гадаад харилцаа улам өргөжин тэлж дэлхийн аль ч өнцөг буланд хүрэх нь мэдээж.
Өнгөрсөн зун АСЕМ-ын дээд түвшний уулзалтын өмнө ба дараа дөрвийн дөрвөн гадаад улсын Ерөнхий сайд, нэг Ерөнхийлөгчийг нэг дор, бараг зэрэг шахуу хүлээн авч албан ёсоор айлчлуулсан нь гадаад харилцааны түүхнээ тохиож байгаагүй, мөд тохиохгүй гайхамшигтай үйл явдал боллоо.
Гадаад бодлогын тэнцвэрийг хангах талаар гурвалсан харилцаанаас цааш ололт амжилт олныг хэрэгжүүллээ. АНУ, Япон, Европын Холбоо, Энэтхэг, БНСУ, Турк зэрэг өрнө, дорнын улс, холбоотой “гуравдагч хөрш”-ийн бодлогын хүрээнд түншлэлийн харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлэх тухай Гадаад бодлогын үзэл баримтлалын зорилт хэрэгжсээр байна. Айлчлалууд хоёр урсгалтай болсон. Монгол, Японы стратегийн түншлэл бэхжиж, Монгол улсын хувьд анхны чөлөөт худалдааны хэлэлцээр–Монгол, Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр хүчин төгөлдөр боллоо. Азийн бусад улстай хоёр талын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлэх, Ази, Номхон далайн бүс нутагт олон талт хамтын ажиллагаанд оролцох, Зүүн Ази, Зүүн хойд Ази, Төв Азид стратегийн тогтвортой байдлыг бэхжүүлэх, аюулгүй байдлын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэсэн бодлого, үйл ажиллагааг дэмжиж оролцох бодлого нэгэнтээ хэвшиж хөгжиж байна.
Үндсэн хуулийн гуравдугаар бүлэгт Төрийн байгуулал дотор гадаад харилцаанд Ерөнхийлөгчийн эрх үүргийг маш тодорхой зааж өгсөн байдаг. Тэр бүлгийн 33 дугаар зүйлийн 4-т “Гадаад харилцаанд улсаа бүрэн эрхтэй төлөөлж, УИХ-тай зөвшилцөн Монгол Улсын нэрийн өмнөөс олон улсын гэрээ байгуулах”, 10-т “ҮАБЗ-ийг тэргүүлэх” гээд заагаад өгчихсөн. Ерөнхийлөгчийн тухай хуулийн хоёрдугаар бүлэгт “Ерөнхийлөгчийн бүрэн эрх”-ийн 14 дүгээр зүйлд Гадаад харилцааны бүрэн эрхийн нэгдүгээрт “Гадаад харилцаанд улсаа бүрэн эрхтэй төлөөлөх, мэдэгдэл хэлэлцээ хийх, УИХ-тай зөвшилцөн Монгол Улсын нэрийн өмнөөс олон улсын гэрээ байгуулах” гэж заажээ.
Дээрхи хоёр хуулин дахь тэр бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гадаад бодлогодоо санаачилгатай бүтээлчээр ханджээ гэхээс өөрөөр дүгнэх аргагүй.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
болдогч хүндээ долигножээ. Санаачлагатай гэнэ үү. өөрийгөө рекламдаж, улсын мөнгөөр гадагш зугаалж цэнгэхээ голлосон хүнийг магтана гэнэ ээ.
Хөөрхийдөө үүнийг бичигч Элбэгдоржийн бөгсийг долоож хэдэн халтар төгрөг авсан нь ил байна. Хамгийн муу мунхаг атаа жөтөөч хорчин хорлогчин бүдүүлэг боловсрол мэдлэг дулихан аргагүй л ад зэтгэр худал хуурмаг хошигруулалтаараа ард түмний толгойг эргүүлж гарч ирсэн албин чөтгөр гэдгийг ард түмэн өнгөрсөн хугацаанд түүний хэрэгжүүлсэн үйл хэрэг улс орны уналт мөхөлөөс харж болно. Наад заваан долигнуур зангаа өөрт нь л гарга олон нийтийн сүлжээгээр цацаж олны доог болох хэрэггүй шүү үүнийг халтартуулан бичигч минь.