Нүүрс боловсруулах үйлдвэр байгуулъя
Манай улс нүүрсний нөөцөөрөө дэлхийд эхний 15-д ордог. Гэвч бид нүүрсээ боловсруулж чадахгүй байна. Монголчууд нүүрсийг өнгөрсөн зууны эхэн үеэс олборлож эхэлсэн ч өнөөдрийг хүртэл гол төлөв цахилгаан, дулаан үйлдвэрлэх зорилгоор түлж, шатааж хэрэглэж ирсэн.
Харин дэлхий нийтэд нүүрсийг боловсруулж шингэн түлш, метанол, диметилын эфир зэрэг төрөл бүрийн бүтээгдэхүүн гарган авах технологи хөгжсөөр ирсэн бөгөөд бид энэ чиг хандлага руу ойртох ёстой хэмээн эрдэмтэн судлаач ид үзэж байгаа юм. Мөн нүүрсээ боловсруулж дэлхийн дах нийлүүлснээр одоогийнхоос хэд дахин илүү ашиг олох боломжтой гэдгийг салбарынхан онцолж байгаа.
Гэвч нүүрс боловсруулах салбарын хөгжил манайд 0 хувьтай байна. Гадны хөрөнгө оруулалттай томоохон ордуудад л энэ төрлийн үйлдвэр цөөн тооны байхаас Засгийн газрын хэмжээнд, бодлогын түвшинд энэ салбарын хөгжил нэгэнт хоцрогджээ. Одоогоос зургаан жилийн өмнө Хоёрдугаар цахилгаан станцын хажууд нүүрс боловсруулах үйлдвэр барихаар 14 тэрбум төгрөг төсөвлөж байсан ч энэ нь “утаа” болон замхарсан байдаг. Ингээд бид түүхий нүүрсээ нийслэлдээ оруулдаг дэлхийн цөөн улсын нэг болж байгаа юм. Нийслэлийн гэр хороолол, нам даралтын зуухнууд, цахилгаан станц бүгд түүхий нүүрс түлж байна.
Үүнээс ялгарах хорт утаа нь Улаанбаатарчуудын хувьд хоолой дээр тавьсан хутгатай адил асуудал болжээ. Тэгэхээр агаарын бохирдлоос салах энгийн атлаа ашигтай нэгэн шийдлийг эрдэмтэд санал болгоод байгаа юм. Эрс тэс уур амьсгалтай манай улсад нүүрс түлэхгүй байна гэдэг бараг л боломжгүй асуудал. Тэгэхээр түүхий нүүрсээ боловсруулж иргэдийнхээ хэрэгцээг хангаж чадвал нийслэлд агаарын бохирдол асуудал биш болж байна.
Түүхий нүүрсийг боловсруулах нь тийм ч хүндрэлтэй асуудал биш. Улаанбаатарт нүүрс нийлүүлдэг Налайх, Багануур, Адуун чулуун, Шивээ-Овоо зэрэг уурхайн хажууд энэ төрлийн үйлдвэрийг барьж, нийслэлд боловсруулсан нүүрс оруулснаар агаарын бохирдлоос гарч болно. Мөн цэг ч тавьж амжаагүй байгаа нүүрс боловсруулах салбарын хөгжлөө эндээс эхэлж болох юм.
Нэг үйлдвэрийн бүтээн байгуулалтад 20 орчим тэрбум төгрөг зарцуулах бөгөөд энэ нь агаарын бохирдолд цацаж буй мөнгөний хажууд тийм ч их тоо биш. Нүүрсийг боловсруулснаар хорт бодисыг ялган авах бөгөөд илч, чанарт ялгаа гарахгүй байна. Энэ салбар нь АНУ-д бараг 1800-гаад оны сүүлчээр хөгжсөн бөгөөд өнөөдөр нүүрс боловсруулалтын салбарт АНУ, БНХАУ, Австрали зэрэг улс тэргүүлж байна. Ийнхүү түүхий нүүрсээ боловсруулж, агаарын бохирдлоос салах асуудлаар энэ салбарын эрдэмтдийн байр суурийг хүргэж байна.
АКАДЕМИЧ С.БАТМӨНХ: ОДООГООР “ШИВЭЭ-ОВОО”-ГИЙН УУРХАЙ НҮҮРС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРТЭЙ
-Түүхий нүүрсийг боловсруулж, хэрэглэх нь утааны эсрэг хамгийн зөв шийдэл байж болно. Мөн манай нүүрсний салбарт ч нэг шат ахисан хөгжлийг авчрах юм. Түүхий нүүрсийг гадагш гаргаж байхаар боловсруулж гаргах нь бидэнд хэд дахин ашигтай. Мөн боловсруулсан нүүрсээ нийслэл рүү оруулж ирвэл хорт утаа бодитой буурна.
Одоогоор нийслэлд нүүрсээ нийлүүлдэг газруудаас “Шивээ-Овоо”-гийн нүүрсний уурхай хажуудаа нүүрс боловсруулах үйлдвэртэй байгаа. Яг үүн шиг бусад уурхайнууд нүүрс боловсруулах үйлдвэртэй болчихвол энэ салбарын хөгжлийн дараагийн шатыг ярьж болно. Гэхдээ угаах боловсруулах гэдэг хоёр өөр ойлголт. Эхний ээлжид нүүрсийг угааж хэрэглэж болно. Угааснаар нүүрсний хорыг 10 орчим хувь бууруулах боломжтой.
Харин боловсруулснаар 90 хувийг нь цэвэршүүлээд хорт утаагүй түлш болгочихож байгаа юм. Нүүрсний салбарт хамгийн бага хэрэглэгчдэд хамгийн чанартай нүүрсийг гэсэн журам бий. Гэтэл энэ нь Монголд эсрэгээрээ байгаа юм. Хамгийн их хог шороотой, чанаргүй нүүрсийг хамгийн бага буюу гэр хорооллын хэрэглэгчдэд очиж байна.
ПРОФЕССОР Б.НАМХАЙНЯМБУУ: НҮҮРСЭЭ БОЛОВСРУУЛАХ НЬ БИДЭНД АШИГТАЙ
-Зарчмын хувьд маш зөв шийдэл юм. Гэхдээ бидэнд бэлтгэл хэрэгтэй. Энэ талаар өмнө нь яриагүй биш ярьж байлаа. Зургаан жилийн өмнө II цахилгаан станцын дэргэд нүүрс боловсруулах үйлдвэр барина хэмээн Улсаас 14 тэрбум төгрөг хүртэл төлөвлөж байсан. Гэтэл тэр нь ажил хэрэг болсонгүй. Үнэхээр бид түүхий нүүрсээ боловсруулдаг орон болчихвол аль ч талдаа дэвшил гарна.
Мөн одоогоор нэг тонн нүүрс 100 мянган төгрөг байна. Хэрэв үйлдвэрт боловсруулаад хуралдах юм бол дор хаяж 20-30 хувь үнэ нэмэгдэнэ. Энэ бүхэнд Засгийн газар бодлого боловсруулан ажиллах юм бол агаарын бохирдол шийдэгдэнэ. Дээр нь нүүрсний салбарын хөгжилд ч хэрэгтэй.
ПРОФЕССОР Х.ЭНХЖАРГАЛ: УТААНААС CAЛAX БОЛОМЖ БИЙ
-Гэр хороололд жижиг халаагуур, зуух тавиад утааны асуудал шийдэгдэнэ гэдэг үлгэр. Мөн нийслэлд түүхий нүүрс орж ирж байгаа цагт хэзээ ч утаа арилахгүй. Энэ асуудлыг бодлогын чанартай хэрэгжүүлэх нь чухал. Нүүрсийг боловсруулна гэдэг хорт нэгдлүүдийг угаагаад салгачихаж байгаа юм.
Манайд энэ төрлийн үйлдвэр уул уурхайн хувийн компаниудад бий. Бид Хятад руу ч зарим нүүрсээ боловсруулаад гаргаж байна. Тэгэхээр нийслэлийн нүүрсний хэрэгцээний тодорхой хувийг угаасан нүүрсээр хангахад асуудал байхгүй. Томоохон цахилгаан станцад хэрэглэж буй нүүрсийг угаах хүчин чадал одоогоор бидэнд харагдахгүй байна.
V цахилгаан станц гэхэд л өдөрт хэдэн зуун вагон нүүрс хэрэглэж байгаа. Харин жижиг уурын зуух, нам даралт, гэр хорооллын хэрэгцээг угаасан нүүрсээр хангах боломжтой. Хотын захдаа хэд хэдэн нүүрс угаах үйлдвэр бариад л энэ асуудлыг шийдэж болно. Ажлын байр ч нэмэгдэнэ.
Агаарын бохирдлын 10 хувийг том станцууд бий болгож байна. Үлдсэн 90 хувийг гэр хороолол, автомашины угаа эзэлж байна. Тэгэхээр боловсруулсан нүүрс хэрэглэснээр утааны асуудлыг 80 хувь шийдэх боломжтой.
Ийнхүү эрдэмтэд түүхий нүүрс боловсруулах үйлдвэр бай-гуулах нь олон талын ашигтай гэдэгт санал нэгдэж байна. Ингэснээр агаарын бохирдлоос салж, мөн нүүрсний салбарын хөгжлийг нэг шатаар ахиулж буй хэрэг юм.
URL: