УИХ-ын гишүүн асан Д.Арвинг 1.1 тэрбум төгрөгийн тендер авч зөвхөн шороо ухаад орхисон байж болзошгүй хэрэгт шалгаж эхэллээ
Тэрбээр 1.3 тэрбум төгрөгийн тендерийг бэрийнхээ компанид хууль бус олгосон, “Сансар” Хотхоны 85 айл өрхийн 500 гаруй иргэнийг орох оронгүй болгосон, иргэдийн орон сууцны ордерыг барьцаалж банкнаас зээл авсан асуудалд холбогдоод байгаа юм.
Тэгвэл УИХ-ын гишүүн асан Д.Арвинтай холбоотой дахин нэг хэрэг сөхөгдөж эхэллээ. Түүнтэй холбоотой тендерийн хэрэг ганц нэгээр ч зогсохгүй бололтой. Түүнийг хүүгийнхээ компанид 1.1 тэрбум төгрөгийн тендерийг авч өгсөн ч зөвхөн суурийг нь ухаад орхисон байж болзошгүй хэрэгт холбогдуулан шалгаж байгаа талаар эх сурвалж мэдээллээ.
Тодруулбал, “Амгалан” амаржих газрыг шинээр барьж байгуулахаар тендер зарласан байдаг. Улмаар уг 1.1 тэрбум төгрөгийн тендерийг Д.Арвин хүү Одынхоо компанид авч өгсөн хэдий ч суурийг нь ухаад орхисон байжээ. “Амгалан” амаржих газар нь 2010 онд суурийг нь тавьж, 2013 онд ашиглалтад орох байсан ч дуншсаар 2015 оны аравдугаар сард ашиглалтад орсон юм.
Харин энэ нь УИХ-ын гишүүн асан Д.Арвины хүүгийн компани суурийг нь ухаад орхисон байж болзошгүй учир ийнхүү удааширсан байх магадлалтай гэнэ. Тиймдээ ч “Амгалан” амаржих газрыг барих төсвийг төсөвт дахин суулгаж, улмаар тендер зарлан өөр компани шалгаран уг амаржих газрын ашиглалтад оруулсан байж болзошгүй талаар эх сурвалж мэдээлээд байгаа юм.
Юутай ч “Амгалан” амаржих газар ашиглалтад ороод хоёр жил болох гэж байна. Харин УИХ-ын гишүүн асан Д.Арвиныг 1.1 тэрбум төгрөгийн тендерийг зөвхөн шороо ухаад орхисон байж болзошгүй хэргээр шалгаж байна. Тэрбээр тэрбум гаруй төгрөгөөр зөвхөн суурийг нь ухаад орхисон уу эсвэл дуншиж дуншуулсаны эцэст ашиглалтад оруулсан уу гэдэг нь хуулийнханы шалгалтын дараа тодорхой болох юм.
Дашрамд сануулахад, түүний эзэмшдэг “Их өргөө” компанийг битүүмжилж, түүнийг хилээр гарахыг хориглоод байгаа. Учир нь гурван жилийн өмнө буюу 2014 оны аравдугаар 85 айл өрх газраа чөлөөлж Д.Арвины компаниар барилга бариулахаар гурван талт гэрээ байгуулжээ. Гэтэл өдгөө 2017 он гарчихаад байхад баригдсан барилга ч үгүй иргэд нөхөн олговрын мөнгөө ч авч чадаагүй яваа аж.
Б.Чимэг
http://www.zaluu.com/read/f902b0bc
URL: