АРХАНГАЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Ц.МӨНХНАСАН ХУУЛЬ ЗӨРЧИЖ, БАЙГАЛЬ ОРЧИНД ХАЛТАЙ ШИЙДВЭР ГАРГАЖЭЭ
Архангай аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан саяхан байгаль орчинд халтай нэгэн шийдвэр гаргажээ. Тодруулбал, тэрбээр Засгийн газрын 2012 оны 255-р тогтоолоор батлагдсан Ойг хамгаалах, нөхөн сэргээх, ашиглалтад хяналт тавих, ойн нөхөрлөлүүдийг дэмжих үүрэгтэй Цэнхэр, Эрдэнэмандал, Ихтамир сумын ойн ангийг татан буулгах захирамж гаргажээ.
Энэ нь Засгийн газрын тогтоолоос гадна Ойн тухай хуулийг зөрчсөн үйлдэл болж байна. Үүгээр ч зогсохгүй цаана нь аймгийнхаа 17 хүнийг ажилгүй болгожээ. Байгаль хамгаалагч ойчдыг ажилгүй болгох шийдвэр нь эргээд ойг эзэнгүйдүүлж буй хэрэг хэмээн нутгийн иргэд ихээхэн бухимдаж байна.
Сүүлийн жилүүдэд хулгайгаар мод бэлтгэгчдийн гарт ой ихээхэн сүйдэж байгаа. Энэ бүхэнтэй тэмцэж байгаа хүмүүс бол газар дээр нь ажиллаж буй цөөхөн хэдэн ойчид гэдгийг иргэд хэлдэг. Тэгвэл ойчдын тоог нэмэгдүүлж, нутгийн иргэдээ ажлын байраар хангахын оронд иргэд болоод, байгаль орчны эсрэг шийдвэр гаргаж буй Ц.Мөнхнасан даргыг энэхүү шийдвэрээ эргэн харахыг Архангайчууд хүсэж байна.
Дашрамд дуулгахад, Архангай аймгийн ойн сангийн нийт талбай 1165.4 мянган га бөгөөд үүний 93.1 хувь буюу 1085.1 га нь ойн талбай, 6.8 хувь буюу 80.3 мянган га-нь ойн бус талбай байна. Харин үүний дийлэнх нь дээрх сумдын нутагт хамаардаг байна.
URL: