Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг буцаалаа

ETU_4295-600x401Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2017.01.20/ хуралдаан 11 цаг 00 минутад эхэллээ. Хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд нарын нэр бүхий таван гишүүнээс 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.

Тус хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаархи Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Ундармаа танилцуулсан юм.

Төрийн байгуулалтын байнгын хорооны 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн хуралдаанаар төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үед Монгол Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгээс 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 10 тоот албан бичгийг танилцуулсан.

Монгол Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлэг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл болон түүнтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцүүлгийн явцын талаархи мэдээллийг хэлэлцээд 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 10 тоот албан бичгээр Сонгуулийн тухай хуулиас Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг салган хэлэлцэх явцад өмнөх хуулиа хэрхэн хүчингүй болгох асуудал тусгагдаагүй, Улсын Их Хурлын гишүүд, ард иргэдийн түвшинд нэгдсэн ойлголтод хүрээгүй байна. Мөн хуулийн төслийн хэлэлцүүлэг сунжирсан нь хуулийн төсөлд тусгасан хуулийн хугацаануудтай зөрчилдөж байгаа, цаашид хуулийг хэлэлцэн баталж хэрэгжүүлэхэд цаг хугацааны хувьд хэлэлцүүлгийг үргэлжлүүлэх боломжгүй гэсэн үндэслэлээр хуулийн төслүүдийг хууль санаачлагчид буцаах нь зүйтэй гэж үзсэн саналыг Төрийн байгуулалтын байнгын хороонд ирүүлсэн.

Байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл болон Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль хэрэгжих боломжгүй гэж үзэж, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.8 дахь хэсэг, 22 дугаар зүйлийн 22.5 дахь хэсэгт заасан журмын дагуу хууль санаачлагчид буцаах нь зүйтэй гэж хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэй шийдвэрлэсэн гэж танилцуулав.

 

Чуулганы нэгдсэн хуралдаанд Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн, Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Болдсайхан нар ажлын хэсгийн хамт оролцлоо. Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, О.Баасанхүү нар асуулт асуув. Гишүүдийн зүгээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг зарлахад яг ямар асуудал төвөгтэй, бүрхэг байдал үүсээд байгааг тодруулсан юм.

Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг зарлахад цаг хугацааны тухайд бүрхэг асуудлууд байгаа. Тухайлбал, Ерөнхийлөгчийн сонгуулийг товлон зарлах хугацаа тодорхойгүй, дахин санал хураах хугацаа 30 хоногийн дотор гэсэн атлаа 7 хоногийн дотор гэсэн хоёр заалт байгаа. Улсын Их Хурлын гишүүдээс хэлэлцүүлгийн шатанд зарчмын зөрүүтэй 150 санал гаргасан нь хуулийн төсөл боловсруулах шаардлага байгааг харуулна гэв. Харин Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дэд дарга Я.Содбаатар “Сонгууль болохоос зургаан сарын өмнө Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулдаг буруу жишгийг халах хэрэгтэй гэж бид үзсэн. Одоо үйлчилж байгаа хуулиар сонгууль явуулахад зарчмын хувьд боломжгүй зүйл байхгүй” гэдгийг онцолж байлаа.

Ингээд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг хуулийн төсөл санаачлагчдад буцаах нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 88.4 хувь нь дэмжив.

Үргэлжлүүлэн УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцсэн зарим хуулийн төслийн эцсийн найруулгыг сонссон юм. УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ”-ний талаар мэдээлэл хийх байсан. Улсын Их Хурал дахь АН-ын бүлгээс уг мэдээллийн хугацааг хойшлуулахыг хүссэн учир үдээс хойш УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдахгүй болов гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


URL:

Сэтгэгдэл бичих