Иргэдийн амьдралд ЗОВЛОН нэмсэн зогсоолгүй УЛААНБААТАР
Манай Улс зах зээлийн харилцаанд шилжсэнээс хойш хамгийн их өөрчлөгдсөн салбар бол авто техник, нийтийн тээврийн салбар юм. Хотын хүн амын нягтаршил төвлөрлөөс шалтгаалан нийтийн тээвэр, замын түгжрэл, осол аваар, авто машины зогсоолын хомсдол эдгээрээс үүдэлтэй олон түмний бухимдал гээд тулгамдсан асуудалууд Улаанбаатар хотод нилээд байна. Зам тээврийн системийн нэг чухал хэсэг бол авто машины зогсоол юм.
Уг нь орчин үед тавигдаж буй шаардлагаар бол шинээр баригдаж буй барилга байгууламж гадна дотноо автомашины зогсоолтой байх ёстой. Гэтэл энэ шаардлагыг хангаж буй барилга байшин нийслэл хотод маань хуруу дарам цөөн байна. За даа, хуруу дарам цөөн гэдэг ч бараг гоёдоно. Үнэн хэрэг дээрээ огт байхгүй гэвэл үнэнд нийцэх байх.
Машины зогсоолтой баригдлаа ч тэр нь зөвхөн тухайн байгууллага болон ажиллагсдад л хамаарагддаг. Дээрээс нь зарим жолооч нар маань хэтэрхий хувиа хичээсэн зан гаргадаг. Зогсоол дутмаг олдохгүй байхад өөрөө л болж байвал болоо гэсэн шиг хоёр машин зогсох зогсоол дээр голлуулаад өөрийнхөө машиныг тавьчихаад явчихдаг. Уг нь жаахан шахаад тавьчихсан бол хажуугаар нь нэг машин тавьчихаж болохоор тохиолдол зөндөө харагддаг.
Тиймээс жолооч нар маань жаахан ухамсартай, бусдыгаа боддог байвал зүгээрсэн.
Мөн орон сууцны хувьд оршин суугчдад нь хүрэлцэхтэй үгүйтэй байдгаас гадна ирж буцаж буй хүмүүст бүр ч хүндрэлтэй байгаа юм. Явж явж нэг зогсоол олохоор тэр төлбөртэй. Цаг тутамд мөнгө нэхнэ.
Одоо бүр хэн дуртай нь ойр орчмын талбайгаа хашиж тор татаад, үүдэнд нь шовгор амбаар барьчихаад, дуртай үнээ хэлж мөнгө хураагаад сууж байна. Хатуухан хэлэхэд, Улаанбаатар хотод нийтийн эзэмшлийн талбай гэхээр юм үлдсэнгүй.
Өөрөөр хэлбэл, автомашинтай хүмүүс кино театрт очиж кино үзлээ, зогсоолд нь машинаа тавилаа гэхэд 1000, 1500 төгрөг. Төрийн байгууллагуудаар үйлчлүүлбэл цагаасаа хамаараад мөнгө нь өснө. Спортын төв ордонд очиж тэмцээн уралдаан үзье гэвэл бас л мөнгө. Зарим нь гэрийнхээ үүдэнд, ажлынхаа хашаанд машинаа тавихдаа ч мөнгө төлж байна.
Энэ бүх мөнгийг төлөөд, машинаа тавиад байх боломж хэнд байгаа билээ. Гэтэл Улаанбаатарт нийтийн эзэшлийн аятайхан зогсоол бараг л байхгүй. Байлаа ч 10 машин багтахаар байх нь ховор.
Хамгийн энгийн жишээ дурьдахад л өдөр болгон шахуу тоглолттой байдаг Монгол бөхийн өргөө 2500 хүний суудалтай, гаднаа 20 машины зогсоолтой, 9500 түрээслэгчтэй Нарантуул зах гаднаа 2000 машины зогсоолтой. Зогсоолууд нь өглөө дүүрчихдэг. Өөрөөр хэлбэл, ажилчид нь машинаа тавиад л үйлчлүүлэгчдэд машинаа тавих зогсоол үлддэггүй. Тиймээс иргэд аргагүй эрхэнд зогсоолгүй газар машинаа тавихад хүрдэг. Энэ нь түгжрэл үүсгэдэг.
Зарим тохиолдолд яалтачгүй нэгдүгээр эгнээнд машинаа тавихаас өөр аргагүй байдалд хүрдэг. 450 мянган машинтай Улаанбаатар хотод 2-3 мянган машин зогсчих хэмжээний зогсоол байхгүй байхад өөр яах вэ дээ. Ингээд л машинаа ачуулахаас өөр сонголт үлдэхгүй болж байгаа юм даа. Ёстой нөгөө азандаа найдана гэдэг шиг л юм болно шүү дээ.
Хүн бүрийн өмнө тулгамдаад байгаа зогсоолын асуудлаар зарим иргэний санал бодлыг хуваалцлаа.
БГД-ын иргэн С.Гарьд: Хотын түгжрэл, зогсоол олох хоёрт хамаг цагаа бардаг
-Зогсоолын асуудал үнэхээр хүндрэлтэй байна. Өнөөдөр л гэхэд би зогсоол олох гэж энэ хавиар 30 гаруй минут тойрлоо. Санхүү, мөнгөнд ч бас халгаатай юм. Би одоо энд машинаа тавьчихаад ажил руугаа нэг километр гаруй алхана. Ер нь өдөр бүр л ингэж алхдаг. Буруу газар тавьчихвал ачаад явчих эрсдэлтэй болохоор энд тавьж байна.
Машинаа ажилтайгаа ойрхон тавъя гэхээр зогсоол олддоггүй. Өглөө ажилдаа ирэхэд зогсоол олох том асуудалтай өдөр бүр тулгарч байна. Хотын түгжрэл, зогсоол олох хоёрт хамаг цагаа барж байна.
Энэ бэрхшээл зөвхөн надад бус автомашинтай хүн бүрт тулгамдаж байгаа. Хэдийгээр тэгш, сондгой тоогоор төгссөн дугаараар нь ангилж явуулж байгаа ч зогсоолын хүрэлцээнд хангалттай нөлөө үзүүлж чадахгүй нь мэдээж. Тиймээс яаралтай зогсоолын асуудлыг шийдэх хэрэгтэй.
СХД-ийн иргэн О.Дархантөгс: Арай гэж нэг зогсоол олохоор төлбөртэй эсвэл өөр машин хаах эрсдэлтэй
-Ямар нэгэн ажил хөөцөлдөхөөр явахдаа л хаана машинаа тавих вэ гэж боддог. Зогсоол хайн, тойрч явсаар байгаад машинаа бүр хол аваачаад тавихыг алийг тэр гэх вэ. Арай гэж нэг зогсоол олоход төлбөртэй, өөр машин хаах эрсдэлтэй байх л юм.
Ажил хөөцөлдөөд завгүй явж байхад “Машинаа зогсоолоос гаргамаар байна. Машинаа холдуул” гэх ёстой хэцүү шүү. Зөвхөн ажил төрөл гэлтгүй гэртээ харихад хүртэл зогсоол олдохгүй. Ер нь өдөр бүр л зогсоолын асуудалтай нүүр тулж байна.
Уг нь замын хөдөлгөөний дүрэм гэж байгаа. Түүнийг жолооч нар мөрдөх ёстой. Холбогдох байгууллага нь мөрдүүлэх ч үүрэгтэй. Гэхдээ үзээд өгье гэхнээ зогсоолгүй газар нэгдүгээр эгнээнээс өөр сонголт байхгүй байна шүү дээ. Тиймээс яаралтай төвлөрсөн зогсоолууд байгуулах шаардлагатай байна. Газар дор, дээвэр дээр зэрэг давхар зогсоол байгуулах нь их чухал. Ямар нэгэн барилга барихдаа хэчнээн хүн амьдарч, ажиллахыг нарийн тооцоолж, автомашины зогсоолын асуудлыг шийдэх хэрэгтэй. Давхар зогсоол олноор нь барих дэд бүтэц, бололцоо манай улсад бий.
Т.Гэрэл
zaluu.com
URL: