Өөртөө хир халдаадаггүй Н.Батбаяр Хөгжлийн банкны Н.Мөнхбатыг 14 хоног хоригдоод суллагдсаныг хэллээ
Хөгжлийн банкнаас 1.3 их наяд төгрөгийн зөрчил илэрсэн гэдэг асуудлыг Хууль зүйн дэд сайд мэдэгдсэнээс хойш УИХ дахь МАН-ын бүлгийн нэр бүхий гишүүд бататгасан мэдэгдлүүдийг ар араас нь хийсэн. Тэгвэл Бондын мөнгөтэй, Хөгжлийн банктай холбоотой асуудлаар сүүлийн хэдэн сарын турш хэвлэлд бичигдэж байгаа Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр news.mn сайтад ярилцлага өгөхдөө Хөгжлийн банкинд ямар ч хуудуу байхгүй гэдэг утгатай зүйлийг ярьжээ. Тэрбээр “Хууль зүйн яамнаас байгуулсан Ажлын хэсэг оны өмнө 1.3 их наяд төгрөг Хөгжлийн банкнаас сох дутжээ гэж зарласан. Энэ бол үнэнд үл нийцнэ. Тэгээд ч сох дутсан нэг ч төгрөг байхгүй гэдгийг хүлээн зөвшөөрч, саяхан Хөгжлийн банкны тухай тогтоолыг УИХ баталсан. Ажлын хэсгийн дүгнэлт бол улс төрийн зохиол. Тэр 1.3 их наяд төгрөг зүгээр л жагсаалт байсан шүү дээ. Жишээлбэл, Тавантолгойд 250 сая ам.долларын зээл өгсөн гээд байгаа юм. Тавантолгойн төсөлд мөнгө өгөхгүй юм бол өөр юунд өгөх ёстой байсан юм бэ” гэж ярьжээ.
Түүнийг Хөгжлийн банкны хэрэгт холбогдуулж эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа гэх мэдээлэл өнгөрсөн хугацаанд гарч байсан. Тэгвэл тэрбээр өөрийгөө идэж уусан юмгүй хүн гэж хэлсэн байна. Тэрбээр “Буруугүй. Улсаас нэг ч тендер авсан асуудал надад байхгүй. Нуусан, илэрсэн хөрөнгө надад алга. 2004 онд би УИХ-ын гишүүн болсноос хойш миний хувийн эдийн засаг дордсон уу гэхээс дээрдээгүй. Учир нь би өөрийгөө улстөрд бүрэн зориулсан хүн. Би 2004 онд УИХ-ын гишүүн болохдоо ямар байшинд амьдарч байсан яг тэр байшиндаа л амьдарч байгаа.” гэжээ. Мөн тэрбээр өөрийн туслах байсан Н.Мөнхбатыгаа эрх чөлөөтэй яваа гэдгийг хэлжээ. Тэр хэлэхдээ “Урьдчилсан хорих төвд 14 хоног шалгагдаад гарсан. Шүүхээр түүнийг хорьж шалгах шаардлагагүй гэж үзээд гаргасан байгаа. Монголын шүүх засаглалыг үнэн зөвийг нь олдог байгууллага гэж би итгэдэг. Хүнийг зохиомлоор хэрэгт гүтгэж болохгүй. Манай Мөнхбат бол сайн залуу. Мэдлэг, боловсролтой. Австрид сурч, санхүүгийн боловсрол эзэмшсэн, англи, орос, герман, францаар чөлөөтэй ярьдаг, ажилдаа махруу залуу. Чингис бондыг босгох ажлын албаны дарга нь Н.Мөнхбат байсан. Би бодлогын чанартай ажлыг нь, Мөнхбат техникийн ажлыг нь хийсэн. Мөнгө олж ирсэн гол хүмүүсийн нэг л дээ. Ер нь тэгээд залуучууддаа итгэл хүлээлгэж ажиллуулах хэрэгтэй. Ингээд залуучуудынхаа урмыг хугалаад байвал цаашид яаж Монгол хөгжих юм бэ.” гэсэн байна.
Мөн тэрбээр Чингис бонд Монголын эдийн засагт асар том дэмжлэг болсон. Харин улс төрд бөөн хэрүүл авчирсан. Бондын мөнгөөр маш их ажил хийсэн. Хийсэн ажлаа бид хэрүүлийн бузраар дарчихсан. Хийсэн ажлаа олонд таниулж чадалгүй хэрэлдсээр байгаад таарсан. Тэгэхээр бид нар болоогүй байна аа гэсэн үг… Өөрийнхөө Засгийн газрыг өөрсдөө унагаасан алдаагаа давтлаа ард түмэн сонгуулиар дүнгээ тавьсан. Харамсалтай байна. Хөгжил, бүтээн байгуулалтын цаана хүний оюун санаа, ахуй амьдрал байдаг. Гэтэл бид бүтээн байгуулалтад анхаарсан мөртлөө хүн тал руугаа бага анхаарчээ. Дэлхийн эдийн засгийн хямралаас болж орлого муудаж байгааг нийгэмд ойлгуулж чадаагүй. Хүмүүсийн орлогыг нэмж чадсангүй. Иргэдийнхээ цалинг нэмж чадсангүй. Төр тогтвортой, түмэн олны амьдрал дээшлэх ёстой байтал бид урмыг нь хугалчихсан.
Чингис бондын мөнгөөр өнгөрсөн дөрвөн жил түүхэнд байгаагүй том бүтээн байгуулалт хийсэн. Бондын мөнгөөр 3000 гаруй километр авто зам барьсан. Наян мянган айлыг орон сууцанд хамруулсан. Эрчим хүчний хүчин чадлыг 20-30 хувь нэмэгдүүллээ. Дулааны хүчин чадлыг гуравны нэгээр өсгөлөө. Мянга гаруй үйлдвэрийг байгууллаа. Үүний үр дүнг товчоор хэлэх юм бол иргэдээ оронсууцтай, компаниудаа үйлдвэртэй, улсаа дэд бүтэцтэй болгосон. Өмнө нь Монгол Улс хэрэглээний эдийн засагтай орон байсан бол хуримтлалын эдийн засагтай орон болгох ажлыг эхлүүлсэн. Саяхан МАН-ын засаг гэр хорооллын шөнийн тарифыг тэглэх шийдвэр гаргасан. Ардчилсан намын засаг эрчим хүчнийхээ эх үүсвэрийг нэмэгдүүлж чадсан учраас ийм бололцоотой болсон. Мөн авто машин баруун тийшээ эргэдэг болсон нь “Гудамж” төслийн үр дүн. Монголчууд өнөөдөр Чингис бондын тавьсан замаар явж, Чингис бондын барьсан байшинд амьдарч, Чингис бондын эрчим хүч, дулааныг хэрэглэж байна.” гэсэн байна. Мөн тэрбээр Чингис бондоос болж Монголын эдийн засаг хямраагүй ээ. Бид нар гаднаас мөнгө авчирч Монголын эдийн засгийг дэмжсэн болохоос гадагшаа мөнгө авч гараагүй. Гадаадын бонд гэдэг гадаадын хөрөнгө оруулалтын нэг хэлбэр. Тэгээд ч Чингис бондын төлбөрийг төлж эхлээгүй байгаа. Үндсэн төлбөр нь таван жилийн дараа төлнө. Самурай бондынх бүр ч болоогүй. Тэгэхээр Чингис бонд хямрал дагуулах эдийн засгийн үндэслэлгүй юм. Өнөөгийн хямрал гол нэг шалтгаан бол МАН-ын явуулсан халамжийн бодлогын үр дагавар. Яг үнэндээ Ардын намынхан халамжийн Монгол болгосныг бид хуримтлалтай Монгол болгосон. Шинэ засаг энэ оны төсвийг 2.5 их наядын алдагдалтайгаар баталсан. Үүнийхээ төлбөрийг төлж яваа хүмүүс. Төсвөө алдагдалтай баталчихаад өнөөдөр Ардын намынхан мөнгө хаанаас олж байгааг мэдэх үү. Дотооддоо төгрөгийн бонд гаргаад байгаа. Төгрөгийн бондын хүү нь 18 хувь. Гэтэл бидний олж ирсэн Чингис бондын хүү 4 хувь.Хямрал эрх баригчдын өөрсдийнх нь алдаанаас болоод байгаа юм.” гэхчлэн ярьжээ.
Тодотгоход, Н.Батбаярыг бондын олголт, зарцуулалттай холбогдуулан албаны эрх мэдлээ хэтрүүлсэн, төсвийн хөрөнгийг үрэгдүүлсэн гэх үндэслэлээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2, 264 дүгээр зүйлийн 264.2, 150 дугаар зүйлийн 150.3-т зааснаар сэжигтнээр тооцон АТГ-т шалгаж байгаа гэх мэдээлэл өнгөрсөн хугацаанд гарч байсан юм.
Эх сурвалж: Шуурхай.мн
URL: