Архи шаглах нь эрс нэмэгджээ
Өнгөрсөн Даваа гаригт Баянгол дүүргийн II хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ногоон төгөл” хотхонд архи, согтууруулах ундаанд хордож, таван иргэн харамсалтайгаар амь насаа алдсан хэрэг гарсан. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг даргын тамгын газраас энэ сарын 17-20 ныг дуустал архи, согтууруулах ундаа худалдан борлуулахыг хориглох шийдвэр гаргасан. МХЕГ болон цагдаагийн хамтарсан баг тогтоолын хэрэгжилтэнд хяналт тавих зорилгоор нэгдсэн шалгалт эхлүүлж, архи, согтууруулах ундаа зарж үйлчилдэг 4346 ААН, 710 иргэнийг шалгаад байна. Энэ хүрээнд 175 байгууллагын үйл ажиллагааг зогсоон, 3949 байгууллагад мэдэгдэл өгч, 1393 шил архи, 3945 шил шар айргийг битүүмжилжээ. Мөн нийгмийн сүлжээнд архи дамлан худалдаалах явдал гарсан байна. +21 цахим хуудсаар дамжуулан архи зарна гэсэн зар байршуулж, худалдааж байсныг хууль хяналтынхан илрүүлжээ.
Энэ бол ЦЕГ-ын илрүүлсэн зөрчилүүд. Үүний цаана мэдэгдээгүй, хууль бусаар иргэдэд архи худалдан борлуулж байгаа жишээ маш олон байна. Хориглолоо ч худалддаг, хорилоо ч тэмүүлдэг араншиндаа л анхаарал хандуулахгүй бол энэ байдал хэзээ ч зогсохгүй нь. Манайд 2009 оны долдугаар сарын нэгнээс сар бүрийн нэгний өдөр архи, согтууруулах ундааг хориглох шийдвэр гарсан. Гэвч захирамж амьдрал дээр хэрхэн хэрэгждэг бэ? Бүтээсэн хөшигний цаанаас манайхаас авсан гэж хэлэхгүй шүү. Хурдан аваад яваарай гэх мэтээр иргэдэд үйлчилдэг дэлгүүрүүд ч өнөөдөр олноороо байсаар байна. Мөн баар ресторан, зочид буудлын үүдэнд иргэд архи зарж, хүргэж үйлчилдэг тохиолдол ч олон. Харин энэ байдал архи, согтууруулах ундаа хорьсон энэ үед улам бүр гаарчээ. Баянгол дүүрэг, Төмөр зам, Хорооллын эцэс, Их наран, томоохон захууд, дэлгүүдийн үүдээр иргэд тогтоол зөрчин архи согтууруулах ундаа ихээр зарж байна.
Өнөөдөр хорилоо гээд харин ч хууль бус наймаа ихэсч, гэмт хэргийн тоо нэмэгддэг болохыг өөр орны жишээнээс ч харж болно.
Хуурай хууль…
1920 оны нэгдүгээр сарын 16-ны өдрөөс АНУ даяар архи, согтууруулах ундааг хориглосон “хуурай хууль” хэрэгжүүлж эхлэв. Хууль батлагдсан эхний хоёр сар эрүүлжүүлэх байранд иргэд хонохоо байж, гэмт хэргийн тоо ч буурч эхлэсэн тухай хууль хяналтынхан мэдээлж байлаа. Гэвч байдал эерэгээр удаан үргэлжлээгүй юм. Архины нууц худалдаа АНУ даяар тархаж, үнэ нь хэд дахин өсөв. Хууль бус архины нууц үйлдвэрүүд цэцэглэн хөгжиж, нэг шил архины төлөө хүний амь сүйдэх тохиолдол ч гарсаар байлаа. Авилгалд өртөөгүй төрийн албан хаагч бараг үлдсэнгүй. Хүмүүс нэрмэл архийг ч голж эхэлсэн байна. Чухамдаа өнөөдөр ч хүчтэй тэмцэж байгаа гангстерүүд, мафиуд энэ үеэс хүчээ авч эхэлсэн билээ. Энэхүү “хуурай хууль” 1933 оны 12 дугаар сарын 1-ний өдрөөс хүчингүй болсон юм.
Бид яах ёстой вэ?
Өнөөдөр иргэн бүрт архины хор хохирол, сөрөг нөлөөллийн талаар мэдээлэл сурталчилгаа сайн хийх, тэднийг соён гэгээрүүлэх хэрэгтэй байна. Хүүхдийг багаас нь архи гэдэг зүйлээс хол, жигшүүлж хүмүүжүүлэх нь ч чухал. Гэтэл бид хүүхдийнхээ дэргэд архидан согтуурахыг өөгшүүлдэг, баяр ёслолоор ч хээв нэг ёсолж суудаг ард түмэн шүү дээ. Үүнээс гадна архины үйлдвэрийн тоог бууруулах, гаднаас орж ирдэг архины татварыг нэмэгдүүлэх ч шаардлагатай байна. Түүнчлэн тооцоо судалгаатай, амьдралд хэрэгжих хууль боловсруулж, хэрэгжүүлэх хэрэгтэй юм. Эцэст нь уухгүй гэх хүсэл, зарахгүй байх ухамсар юу юунаас ч илүү чухал гэдгийг хаана хаанаа анхаармаар.
Э.Ариун
URL: