Тэгвэл тэр Ерөнхийлөгчтэйгээ уулзаад шийдүүлэхгүй юу!

5bfd5fa2691e983b0d9348446b2a218fЗураг дээр: Монгол улсад Баргаас ирэн амьдарч буй малчин Төмөр.

2014 онд сон. Нэгэн барга малчин эр Монголд гэр бүлээрээ оршин суухыг хүсэж буйгаа хэлэн хандаж билээ. Янз бүрийн хүн хараас тус хүсэн нэлээн чармайж оролдсон ч, бүтэх байтугай, харин бүтэлгүй хүнтэй тохиолдож, хохирч амжсан ч байсан. Ийм хүмүүсийн гэгээн цагаан эрмэлзэл дээр дөрөөлөн, ашиг хонжооны төлөө яахаас ч буцахгүй иргэд цөөнгүй байх шиг. Миний бие учир явдалтай танилцаад, ёс журмаар бичиг баримтыг нь бүрдүүлж өгөв. Эхнээс нь зөв бүрдүүлэхгүй бол дахин дахин буцаагдаж, бүр хандах эрхгүй болдог. Энэ хүн маань төрөл садантайгаа нэгдэх, МАА-н тэргүүн туршлага нэвтрүүлэх гээд бас хүндэтгэх шалтгаануудтай, өө сэв бол байхгүй, бөх барилдаж, дасгалжуулагч хийж явсан малчин монгол эр.

Тэгээд ИХШХЕГ (одоо ГИХГ)-т очиход, цонхны ажилтан эмэгтэй бичиг баримтуудыг харах ч үгүйгээр, “Хувийн зорилгоор оршин суух эрх өгдөггүй шүү дээ, өгөхгүй өгөхгүй!” гэж зүтгэж, бүдүүлгээр маргаан өдөөх гэж дайрч, “Ц.Элбэгдорж ерөнхийлөгчийн Олуулаа болох уриалгыг та нар дэмжиж ажиллах хэрэгтэй биз дээ” гэхэд минь “Тэгвэл тэр ерөнхийлөгчтэйгээ уулзаад шийдүүлэхгүй юу!” гэж ууртай хэлэн, материалыг буцаан шидэж яриаг дуусгасан. Ерөнхийлөгч рүү, Олуулаа болох уриалга руу салаавч гаргасан үйлдэл болсон. Үндсэндээ биднийг хөөж явуулсан. Би ч улсынхаа өмнөөс ичив, Төмөр гуай, эхнэр нь ч маш эвгүй байдалд орсон байж билээ. Гараад Төмөр гуай хэлэх ч үгээ олж ядан бачуурч явж билээ. Иймэрхүү харьцаа, хандлага ИХШХЕГ-т энгийн үзэгдэл юм уу даа гэж санагддаг байсан агаад, “Авлигагүй бүс гэдэг нь бодот байдалд нийцэж байна уу, энэ бүх үндэслэлгүй татгалзалтууд, зөрчлүүд нь авлигатай холбоотой биш биз?” гэх хардлагыг өөрийн эрхгүй төрүүлдэг байв л.

Үүний дараа, нөхөд бид хэсэг өмнөд монгол хүмүүсийн хууль бусаар чирэгдэж буй явдлыг багцаар дэвшүүлэн тавьж, албан бичгүүд илгээж, хэвлэж нийтэлж, хоёр ч хэвлэлийн хурал хийж шаардаж явсны дотор, Төмөр гуайн гэр бүлийн асуудал багтаж байв. ИХШХЕГ-ын дарга, өдгөө УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж асуудалд ойлгож хандан уулзаж, иргэн харьяатын болон, гадаадын иргэдийн эрхзүйн хуулиудад монгол үндэстэнд ээлтэй өөрчлөлтүүд оруулах албан ёсны санал байгууллагаасаа тавьж буйгаа танилцуулж, Төмөр гуайтай ч бас биечлэн уулзаж, төдөлгүй ИХШХЕГ-өмнөд монгол иргэдийн хоёр талын уулзалтыг зохион байгуулж, 20 гаруй өмнөд монгол хүний маргаантай асуудлыг нааштай шийдвэрлэх болсноо мэдэгдэж, нээлттэй хаалгыг тунхаглаж, уулзалт дээр Төмөр гуайд Оршин суух үнэмлэх гардуулж өгч, магнайг нь тэнийтэл баярлуулж байсан билээ.

Өдгөө Төмөр гуай Монголд гэрээт малчин болон аж төрж, ТВ-ээр гарсныг нүүрномоос үзэн баясвай. Би л ихэнхи тохиолдлыг мэдээд мэдээлээд байдаг болохоос, ингэж ирж суугаад байгаа хүн нэн цөөн л дөө. Зарим хүн Эрдэнэдалай ирж суух гэлээ, ҮАБ алдагдлаа гээд түгшүүрийн харанга дэлдэж эхэлж байна. Харийн өчнөөн аюул тулгарч байхад дуугардаггүй, ганц монгол хүн ирэхээр дуугардаг хаашаа харанга вэ, наадхи чинь, хаанахын ҮАБ яриад байна аа гэж тэдэнд хэлж сууна. Харин энэ наашаа тэмцэн тэмүүлэн ирсэн цөөн хэдэн элгэн халуун сэтгэлтэй монголчууддаа иргэншлийг зовоолгүй өгчихөөсэй билээ дээ гэж санааширч байнам.

Ч.Мөнхбаяр

zuv.mn


URL:

Сэтгэгдэл бичих