Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг буцаахаар болжээ
УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит бус хуралдаан өчигдөр болсон. Уг хуралдаанаар Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцээд буцаах шийдвэр гаргасан байна. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг мушгин гуйвуулж, зөвхөн МАН өөртөө зориулан төсөл санаачлан батлуулах гэж байна гэсэн шүүмжлэл гарч буй нь буцаах шалтгаан болсон бололтой. Түүнчлэн Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг хуульд зааснаар нэгдүгээр сарын 16-ны дотор багтаан батлах шаардлагатай байсан ч хугацаа нь хэтрээд байгаа. Хуулийн төсөлд, УИХ-д суудалтай нам л Ерөнхийлөгчид хүнээ нэр дэвшүүлнэ, 45 нас хүрсэн, Монгол Улсад таваас доошгүй жил амьдарсан Монгол Улсын иргэнийг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх эрхтэй хэмээн заасан байсан юм. Тодруулбал, Үндсэн хууль болон Сонгуулийн нэгдсэн хуульд заасан зохицуулалтыг Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөлд тэр хэвээр нь оруулсан боловч УИХ-ын гишүүн О.Баасанхүү нарын зүгээс “Үндсэн хууль зөрчсөн зүйл заалттай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн” хэмээн шүүмжилж байлаа.
УИХ-аар хуулийн төслийг буцаах болсноор Сонгуулийн нэгдсэн хуульд зохицуулаагүй үлдээсэн заалтууд хуучнаараа үлдэх болж байна. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийн сонгууль болоход хилийн цэргийнхэн санал өгөх боломжгүйгээс эхлээд засч залруулах ёстой олон асуудлыг сонгуулийг зохион байгуулах төв байгууллага буюу Сонгуулийн ерөнхий хороо журмаар зохицуулахаас аргагүй болж байгаа юм.
Ж.БАЯР /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
URL: