Хүнээ биш түүхий нүүрс хотод оруулахыг хориглоё

1-19-2_700x700Агаарын бохирдол Улаанбаатарыг эзлээд нэлээд хэдэн жил боллоо.  Утаагүй болох талаар бодлого боловсруулж, төсөл хэрэгжүүлдэг ч үр дүн гарсангүй.  Жил ирэх тусам утаа улам нэмэгдэж, нийслэлчүүдийн халдашгүй дархан эрхэнд нөлөөлөх болов.  Бид өнгөрсөн хугацаанд утаанд хэдэн зуун тэрбум төгрөг цацаад ч тусыг эс олсон.  Харин утааны эсрэг шийдлүүдээс хэрэгжих боломжтой хамгийн энгийн арга нь  ердөө л түүхий нүүрсийг нийслэлд оруулахыг хориглох юм.  Энэ талаар  ШУА-ын эрдэмтдийн баг судалгаа хийж, төр засгийн удирдлагуудад танилцуулдаг ч хэрэгжүүлэх  тал дээр хойрго хандсаар иржээ.  Хэрэв бид 2011 онд ҮАБЗ-өө хуралдуулж, “Утаа гамшгийн хэмжээнд хүрлээ” хэмээн зарласныхаа дараагаас  л түүхий нүүрсийг нийслэлд оруулахыг хориглосон бол одоо байдал арай өөр байх байлаа.  Өнгөрсөн хугацаанд  ашиг хайгчид утаагаар баяжиж,  нэг хэсэг нь шоу хийн улс төрд гарч, нэр хүндийг ч оллоо. Харин эрүүл мэндээрээ хохирч, хулхидуулж хоцорсон нь нийслэлийн иргэд байв.  Гэхдээ одоо ч түүхий нүүрсийг хориглох асуудлыг ажил хэрэг болгоход оройтоогүй байна.  Нийслэлийн төвлөрлийг багасгаж, хөдөөнөөс хүн хүлээн авахгүй хэмээн иргэдийнхээ  эрхийг зөрчсөн шийдвэр гаргаж байхаар түлшиндээ ач холбогдол өгч  түүхий нүүрсийг нийслэлд оруулахыг одооноос хориглоё.  Нийслэлийн 157 байршилд 337 уурын зуух утааг үйлдвэрлэж байна.  Мөн Улаанбаатарын хэмжээнд 1400 гаруй нам даралтын зуух байдаг талаар Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх  хорооны судалгаа бий. Эдгээр зуух нь Улаанбаатарын хорт утааны 30 хувийг ялгаруулдаг бол эхний ээлжинд эдгээр жижиг оврын уурын зуухыг угаасан нүүрсээр хангачихвал агаарын бохирдол 30 хувиар багасах боломжтой болно.  Түүний дараа гэр хорооллын  220 мянган яндантай бас л энэ хэлбэрээр тэмцэж болох юм.  Тэгвэл Улаанбаатарын утаа 80 хувь багасах боломжтой болж байна. Нүүрсийг угаах технолого нь тийм ч өндөр өртөгтэй биш.  Түүхий нүүрсийг боловсруулснаар илч чанарт нөлөөлөхгүйгээр хорт нэгдлүүдийг үгүй хийж байна гэсэн үг.   Энэ төрлийн технологийн үйлдвэрийг хэд хэдийг бий болгосноор ажлын байр ч нэмэгдэх боломжтой. Ийм нэгэн шийдлийг Төр засгийн удирдлагуудад уламжилж байна.  Одоо элдэв төсөл хөтөлбөр боловсруулж, “мөнгө саах” хүсэлтэй нэгний гар хөл болохгүйгээр жинхэнэ утааны эсрэг ажиллах цаг болжээ.

Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр агаарын бохирдлын төвшний үндсэн хэмжүүр болох тоосонцор, хүнд металь нийслэлийн гэр хороололд Монгол Улсын стандартаас 15 дахин, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын стандартаас 35 дахин илүү байна. Судлаачдын үзэж байгаагаар уушгины хатгалгаа өвчний улмаас эмнэлэгт хэвтсэн хүүхдүүдийн 80 хувь нь өвлийн улиралд, үүнээс 53 хувь нь агаарын бохирдолтой холбоотой байна. Мөн өвөлд ургийн гаж хөгжил, зулбалт 3.6 дахин их байгаа судалгаа гарчээ. Ийнхүү гамшгийн хэмжээнд хүрч, олон нийтийн эрүүл мэндэд заналхийлж буй агаарын бохирдлын нэгэн гарц нь түүхий нүүрсээ боловсруулах асуудал юм.  Хүнээ биш түүхий нүүрсээ нийслэлд оруулахыг хориглоё.

 

Т.БАТСАЙХАН

 


URL:

Сэтгэгдэл бичих