Энэ сарын 20 хүртэл нүүрс, шатахуун “ЗАРАХГҮЙ”

1201701181484697144Хэзээний л хээгүй гүндүйгүй монголчууд эцэг өвгөдийн үеэс сархадыг идээний дээж болгож хүндэтгэж ирсэн ч он цагийн нугачаанд өнөөх хүндэт идээ маань хэт хэрэглээ болж хувирсан. Ямарсайндаа л архи сархадын хэрэглээндээ хэдийнэ “живчихсэн” улс чинь байсгээд л бор төгрөгний төлөө нэгнээ хордуулчих гээд байдаг болчихож.

    Уншигч авхай та санаж буй биз. Одоогоос арван жилийн өмнө “Азийн чоно” ХХК-ийн үйлдвэрлэсэн архинд 15 хүн хордож амиа алдсан, мөн цөөнгүй иргэн эрүүл мэнд, бие сэтгэлээрээ хохирсон гашуун түүхийг уржигдар болсон үйл явдал дахин харууллаа.

Тодруулбал, энэ сарын 16-ны өдөр таван иргэн архинд хордож нас барсан харамсалтай хэрэг гарсан билээ. Хүмүүс нас барсан газраас “Мөнхжин Од” компанийн үйлдвэрлэдэг 3500 төгрөгөөр  “Найрсаг” архины шил, шил арчигч шингэн хоёр олдсон байгаа юм.  Тэгвэл, тус компани нь 2013 онд зөвшөөрөлгүй хуурамч архи үйлдвэрлэсэн хэргээр Эрүүгийн цагдаагийн газарт шалгагдаж байгаад таг болж байсан хэзээний хор найруулж сурсан “НАЙРСАГ”-чууд аж.  Мөн иргэдээс 2015 оны хоёрдугаар сард, 2016 оны дөрөвдүгээр сард “Найрсаг” архинаас хордлого авлаа гэсэн хэд хэдэн удаагийн гомдол цагдаагийн байгууллагад ирж байсан гэдэг мэдээллийг цагдаагийнхан өгч байна.  Энэ явдлын улмаас шүүхийн шинжилгээний дүгнэлт гартал өчигдөрийн буюу энэ сарын 17-ны өдрийн 18.00 цагаас хойш 20-ныг хүртэл нийслэлийн нутаг дэвсгэрт архи, согтууруулах ундаахудалдахгүй байх шийдвэр гаргалаа.

    Гэвч ардчилсан улс гэгдээд буй Монгол Улсад иймэрхүү үйл явдлаас болж, мөрөөрөө үйл ажиллагаа эрхлээд явж буй үйлдвэр, үйлчилгээний газар, ресторан, дэлгүүр хоршоо, такси үйлчилгээ, баар цэнгээний газрууд давхар хохирох шийдвэрийг гаргасан нь цагаа олоогүй бас болоогүй “хачир нь ихэдсэн шийдвэр ” юм аа  нийслэлийнхээн.

     Хуурамч архи биш ч хортой архи худалдсан этгээдийг албаныхан хянаж шалгаж, хорьж буй нь сайшаалтай ч нөгөө талаар сархад зарж хоолоо залгуулдаг хэдэн ард чинь гурав хоног орлогогүй магадгүй хоолгүй байх болчихоод байна.  Үндсэн цалинтай ажилчид нэг өдрийн цалин хасуулахад л ямар харамсмаар санагддаг билээ дээ. Гэтэл байгууллагын бүхэл бүтэн гурав хоногийн орлогыг хүчээр хаачихаар ард нь арзайж буй ажилчид гэр бүлийнхэн нь яах бол.

     Угтаа бол та нөхдийн энэ сарын 20 хүртэл архи зарахгүй байх шийдвэрийг харахад сайн зүйл мэт харагдавч харин ч эсрэгээрээ архины шаг бий болгох, хямд архины хэрэглээг ихэсгэх, нууцаар архи худалдах зэргийг улам ташуурдаж байна уу гэхээс танаж буй зүйл биш шүү дээ. Ер нь ардчилалын үнэт зүйл болсон хувийн бизнесийг  ингэж хааж боомилсон шийдвэр гаргасан нь үнэндээ шударгад үл нийцэх биш үү. Өнөөдөр архинд хордлоо гээд л архи согтууруулах ундааг хэдэн өдрөөр хорьж болдог юм бол иргэдийг өдөр шөнөгүй, цаг минут секунд бүрт хордуулж, шимж, тарчлааж зовоож буй утааны асуудлыг ингэж шийд л дээ. Түүхий нүүрс, шатахуун, химийн бодистой хоол хүнс гээд хүн хордуулах зүйлс өчнөөн л их байна, энэ бүгдийг ч бас хорьчих  эрүүл мэндээ бодмоор байна. Нэртэйгээр нь  та нар хоолонд хордвол хоол хорьчих л доо. Авто осолд орвол авто машин барих эрхийг нийтэд нь хорьчих, осол буурах нь уу. Хар !!!.

   Улсыг хэд хэдэн удаа өлхөн хуурчихдаг, хачирхалтайгаар  13 удаа шалгалтад бүдэрсэн ч зөвшөөрөл авч чаддаг, өгч чаддаг Мэргэжлийн хяналтын газар тэргүүтэй байгууллагуудад л хорио цээр тавьж шалгаж, ажилламаар юм. Нийслэлийнхээн гол цэгт анхаарлаа хандуулж ажиллаач. Та нар ингэж бизнес эрхлэгчдийн боомилсон ажил хийгээд байвал тэд ч бас та нарыг хуурсан ажил хийж л таараа шүү дээ. Адаглаад нь энэ мэт асуудлаас зайлс хийхийн тулд төрийн албанынханд өгдөг авдаг нь ихэсч хийх ажил нь багасах байх. Энэ мэт зүйлд анхаарахын оронд хэдэн борд нүдээ өгч 13 шалгалтад тэнцүүлээд байдаг мэргэлжилтэн, байцаагч, шинжээч нарынхаа халаас түнтийлгэдэг ажилд анхаарвал ямар вэ. Энэ бичвэрээр би архи зарахыг дэмжиж буй бус түүгээр хоол залгуулдаг олон олон үйлдвэр үйлчилгээний газрын ажилчид иргэдийн цөөхөн хэдэн төгрөгөөс хумслахыг эсэргүүцэн бичсэнийг энд сийрүүлье.

Б.НАРАН

amjilt.com


URL:

Сэтгэгдэл бичих