Ялсан ч, ялагдсан ч 25 саяыг авна
UFC буюу Ultimate Fighting Challenge холбооны босс Дэн Уайтын сүүлийн мэдэгдэл нэгэн супер тулаан болох нь гэсэн хүлээлтийг олны дунд бий болгоод байна. Холимог тулааны дэлхийн аварга Коннор Макгрегор, мэргэжлийн боксын дэлхийн аварга асан Флойд Мейведер нарыг хоорондоо үзэлцвэл тус бүрд нь 25 сая ам.долларын шагнал өгөхөд бэлэн гэдгээ ноён Уайт мэдэгдсэн юм. Ийм хэмжээний шагналаас баргийн тамирчин татгалзахгүй тул тулаан болно гэсэн хүлээлт үүсчээ.
Өмнө нь Флойд Макгрегорыг өөртэй нь тулалдвал 15 саяыг өгч болох юм гэж мэдэгдсэн удаатай. Харин UFC ердөө гурвын саяыг санал болгосон гэх. Холимог тулааны хамгийн алдартай тамирчин болоод буй Макгрегор мэдээж энэ саналаас татгалзалгүй яахав. Энэ хооронд тэдний хоорондын тулааныг үзэх хүсэлтэй хүний тоо улам бүр нэмэгдсээр байв. Тиймдээ ч холбооны зүгээс шийдвэртэй алхам хийж, аль алинд нь 25 саяыг санал болгожээ. Хожсон ч, хожигдсон ч энэ мөнгийг авна гэсэн үг.
UFC эхний нүүдлээ хийж, тун боломжийн дүнтэй мөнгөн шагнал амлалаа
“Би залуу тамирчин байхаа хэдийнэ больсон. Тиймээс хамгийн зөв хувилбарыг сонгож, алдаа гаргахгүй байх нь чухал. Миний бодлоор өөрийн хөрөнгийг арвижуулах хамгийн зөв гарц нь Макгрегортой хийх тулаан” хэмээн Флойд хэвлэлийнхэнд ярьжээ.
Тэдний тулаан олны анхаарлыг тэгтлээ их татаад буйн шалтгааныг товчхон тайлбарлая. Флойд бол мэргэжлийн бокст өөрийн ул мөрөө тод томруун үлдээсэн домогт аварга. Нийт 49 тулаан хийхдээ ялагдах нь байтугай тэнцэж ч үзээгүй түүнийг бүх цаг үеийн хамгийн агуу боксчдын жагсаалтад оруулах нь гарцаагүй. 2015 оны тавдугаар сард болсон “Зууны” гэх тодотголтой супер тулаанд тэрбээр Мэнни Пакьяог ялснаар нэр төртэй зодог тайлах боломжтой болсон. Дараа нь Америкийн А.Бертог буулган авч, 49-0 гэсэн сүрдэм амжилт бүтээсний эцэст спортоо орхисон билээ. Нэгэнт нас сүүдэр 40 хүрч буй тэрбээр мэргэжлийн рингэндээ эргэж ирэхгүй нь тодорхой.
Гэтэл холимог тулааны дэлхийн аварга Коннор Макгрегор түүнийг халз тулаанд дуудсан нь дэлхий нийтийг шуугиулж орхив. “Боксын дүрмээр би Флойдтой халз үзэхэд бэлэн. Өөр зодооноор бол цаадах чинь айгаад үзэхгүй л дээ”.
Ийм үг сонссон домогт боксчин маань яаж зүгээр байхав, дуудлагыг хүлээн авч, тулалдахад бэлэн гэдгээ илэрхийлэв. “Боксоор бол би түүнийг эхний үед л нам цохиж унагана” хэмээн хариу үг дайгаад амжсан юм.
Ирланд залуу Макгрегорын хувьд 2008 оноос хойш холимог тулаанаар хүч сорьж буй. Өнгөрсөн хугацаанд 24 тулаан хийснээс 21 ялж, гурван удаа дийлджээ. Хамгийн сүүлийн ялагдлаа өнгөрсөн оны гуравдугаар сард Америкийн Н.Диазын эсрэг хийхдээ амссан. Гэхдээ шартай ирланд залуу дараа нь даагаа нэхэх тулаан хийж, Диазыг буулгаж авсан юм. Коннор хоёр өөр жинд UFC-гийн дэлхийн аварга болсноор ямар агуу тулаанч болохоо харуулсан.
Тэрбээр холимог тулааны тамирчин учраас хөл, гар оролцуулан чөлөөтэй тулалддаг. Гэхдээ боксын техник сайтай нь түүний бусдаас ялгарах гол давуу тал болдог. Тиймээс боксын рингэн дээр гараад Флойдод амар дийлдэхгүй гэж мэргэжилтнүүд таамаглаж байна.
Макгрегор боксын тамирчинтай тусгайлсан бэлтгэл хийж эхэлсэн сурагтай
Одоогийн нөхцөл байдлыг ажиглавал Флойд тулаан хийхийг илүүтэй хүсэж, харин Коннор янз бүрийн шалтаг заан зугатаад байгаа мэт харагдана. Флойд үе үе хэвлэлээр өрсөлдөгчөө өдөөн хатгасан ярилцлага өгч, харин ирланд эр чимээгүй яваад байгаа болохоор ийм ойлголт хүмүүст төрсөн байх. Гэхдээ Макгрегор боксын тамирчинтай тусгайлсан бэлтгэл хийж эхэлсэн сураг байна. Тиймээс Мейведертэй хийх тулаанд бэлдээд эхэлсэн бололтой.
Хоёр өөр төрлөөр хичээллэдэг, тэс өөр арга барилтай, тус тусын холбоондоо үнэмлэхүй аварга гэгдсэн тулаанчид өөр хоорондоо үзэлцсэн түүх спортын ертөнцөд үгүй. Тиймээс хоёр шилдэг тулаанчийн хэн нь ялах бол гэдгийг хүмүүс маш их сонирхоод байгаа юм. Ямартай ч гол зохион байгуулагч UFC эхний нүүдлээ хийж, тун боломжийн дүнтэй мөнгөн шагнал амлачихлаа. Харин нөгөө хоёр нь энэ саналд ямар хариу өгөх нь сонирхол татаж байна. Хэрэв тулаан зохиогдохоор бол жинхэнэ утгаараа “Зууны” гэх тодотгол авах биз ээ.
Г.Баярсайхан
Засгийн газрын мэдээ
URL: