Монголыг зорьсон бас орхисон монголчууд

7125

58 976 казах Монголын харьяатаас гарлаа

 

Гадаадын иргэн харьяатын газрын статистик мэдээллээс харвал өнгөрсөн онд монголчууд эх орноосоо дүрвэжээ. 2014 онд 652 иргэн Монгол Улсын харьяатаас гарсан бол 2015 онд 952 монгол эх орноосоо татгалзжээ. Гэтэл энэ тоо огцом нэмэгдэж, 2016 онд 2179 иргэн Монгол Улсын харьяатаас гарсан байна. Жилд 2000 хүн эх орноосоо “зугтсан” гэж болж бүтэхгүйг тоочиж, төр засгийг муулахаа түр азнаарай.

 

2014 онд Монголын иргэншлээс гарсан 652 иргэний 567 нь казах иргэд. 2015 онд иргэншлээ сольсон 952 иргэний 823 нь казахууд. 2016 онд харьяатаас гарсан 2179 иргэний 2124 нь казах иргэд. Өөрөөр хэлбэл 1990-ээд оны Казахстаныг чиглэсэн их нүүдлийн эзэд өдгөө асуудлаа цэгцэлж, иргэний харьяаллаа шийдэж байна гэсэн үг.

 

БНМАУ, ЗСКУ-ын Хөдөлмөрийн яамны гэрээгээр 1991-1993 онд ойролцоогоор 10 380 өрх айл буюу 55 000 казах иргэн Казахстан улсад шилжин суурьшиж ажилласан байна. Зөвхөн түр оршин суух зөвшөөрөлтэйгээр ажиллаж байсан казах иргэдийн асуудлыг Монгол, Казахстан улсын иргэний харьяаллыг зохицуулах тухай гэрээгээр шийдэхээр болжээ. Казах иргэнийг Монгол Улсын харьяатаас гаргах тухай Ерөнхийлөгчийн анхны зарлиг 1994 онд гарснаас хойш одоогоор 58 976 казах иргэн Монгол Улсын харьяатаас гарчээ. Товчхондоо 1990-ээд онд Казахстан улсад ажиллахаар явж, тэндээ амьдарч буй казах иргэд өдгөө иргэншлийн асуудлаа шийдэж, ажил шувтарч байгааг Гадаадын иргэн харьяатын газрын Харьяатын газрын дарга Б.Хатантуул хэлж байна.

 

2015 онд 129 монгол эх орноосоо татгалзжээ

 

Монгол Улсын харьяатаас гарсан хүмүүсийн ихэнх нь Европын орныг сонгодог байна. Азийн Япон, Солонгосоос гадна ихэнх нь Герман, АНУ-ын иргэн болдог гэдгийг харьяатын асуудал хариуцсан төв байгууллагын удирдлага хэлэв. 2014 онд 85 хүн, 2015 онд 129 иргэн, 2016 онд 55 монгол иргэншлээ сольж, Монгол Улсаас явжээ. Тэд тухайн улсдаа олон жил амьдарсан, гэр бүл болсон шалтгаанаар иргэншлээ солиулсан байна. Давхар иргэншлийг зөвшөөрдөггүй дэлхийн улсуудын нэг нь Монгол. Тиймээс ажил, амьдралын эрхээр хилийн дээс алхсан монголчуудад эх орондоо ирэх эсвэл татгалзах гэсэн сонголтууд бий. Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил гадаад төрсөн монгол эцэг эсвэл эхтэй хүүхдүүдэд эх орны иргэншил олгох асуудлыг зохицуулсан хуулийн төсөл боловсруулж  буйгаа дуулгасан.

 

Монголыг орхиж буй монголчуудтай зэрэгцэн эх орондоо ирэгсэд ч цөөнгүй. Гэхдээ хангалттай бус. Өнөөдрийн хүртэл Монгол Улсын харьяатаа сэргээлгэх 221 хүсэлтийг холбогдох байгууллага хүлээн аваад байна. Тэднээс 2015 онд хоёр хүсэлтийг шийдвэрлэж, хоёр монгол эх орондоо эргэн иржээ. Харин 2016 онд нэг ч хүсэлтийг шийдвэрлээгүй, статистик үзүүлэлт тэг байна. Одоогоор Ерөнхийлөгчийн Тамгын газарт 9 хүсэлт хүлээгдэж буй аж. Тэд Ерөнхийлөгчийн зарлигийг хүлээж буй. Монгол Улс эргэн ирж буй иргэдийнхээ харьяатын асуудлыг шийдэхэд хойрго хандаагүй байгаа?!

 

Монголчууд харьяатаа сэргээх үзүүлэлт тэг байхад гадныхан Монголын харьяат болсон статистик бодит тоо зааж байна. Өнгөрсөн онд гэхэд БНХАУ-ын таван иргэн Монгол Улсын харьяат болжээ. Өөрөөр хэлбэл таван өвөрмонгол Монголын иргэн болсон гэсэн үг. Харин 2014 онд гадны 15 иргэн Монголын иргэншилтэй болсон бол 2015 онд гадаадын 5 иргэн манай улсын харьяат болсон байна. Монгол Улсын иргэн болох хүсэлтийн тоо ч төдийлөн буурдаггүй байна.  2014 онд 35, 2015 онд 25, 2016 онд 42 иргэн Монгол Улсын харьяат болох хүсэлтээ илэрхийлжээ.

 

В.Бат

Эх сурвалж: http://www.shuud.mn/content/read/478478.htm


URL:

Сэтгэгдэл бичих