Ц.Элбэгдорж “Гамшгийн хэмжээнд хүрсэн Улаанбаатарчууд ардчилал ярих эрхгүй”
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр сэтгүүлчидтэй уулзаж утааны асуудлаар байр сууриа илэрхийлсэн. Харин түүний өгүүлсэн утааны эсрэг хийж хэрэгжүүлсэн, хэрэгжүүлэх ажил нь гамшгийн хэмжээнд хүрээнд буй Улаанбаатарчуудын төдийгүй улс орны хүрээнд олны анхаарлыг татсан. Тэгвэл Ерөнхийлөгчийн утааны асуудлаар хэлсэн онцлох 24 эшлэлийг хүргэж байна.
Баримт 1. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл “Аюулгүй байдлын зөвлөмж” гаргасан. Үндсэн хуулинд хүн амьд явах эрхтэй, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй гэж заасан. Тиймээс шилжилт хөдөлгөөнийг зогсоосон.
Баримт 2. Эхийн хэвлийд бүрэлдэж байгаа хүүхэд амьгүй болж байгааг гамшиг гэхгүй юм бол юуг гамшиг гэх юм бэ. Утааны үеийнхэн гэсэн бүтэн нэг үеийнхэн бий болж байна.
Баримт 3. Улаанбаатар хүн амьдрахад аюултай хот боллоо гэдгийг би 2009 онд Ерөнхийлөгчийн хувьд анх удаа хэлж байсан. Утааны асуудлыг хүмүүсийн анхаарлын төвд оруулна гэдэг ийм урт удаан хугацаа шаарддаг юм байна.
Баримт 4. Манай хүмүүс салхи гараад, хавар болоод ирэхээр утаагаа мартдаг улс шүү дээ. УИХ, Засгийн газрыг шахаж байж, 2010 онд агаарын бохирдлын тухай хуулийг гаргуулсан. Үүнийг би зөвхөн Улаанбаатар төдийгүй дэлхийн түвшинд ярьж байсан.
Баримт 5. 2011 онд намайг дэлхийн агаарын бохирлын талаар хамгийн их санаачлага гаргаж байгаа Ерөнхийлөгч гэж НҮБ-ын байгаль орчны шагналаар хүртэл шагнаж байсан. Та нар сонсоогүй байж магадгүй л дээ
Баримт 6. 2011 оны нэгдүгээр сарын 14-ны өдөр ҮАБЗ анх удаа Улаанбаатарын утааны асуудлаар хуралдуулсан. Тэр үед агаарын бохирдол гэж сүржигнээд байх зүйл байгаа юм уу. Дэнжийн мянга, Зурагт хэсэгт л утаатай байна гэж хэлэх хүн олон байсан. Хэвлэл мэдээлэл хүртэл үүнийг тоож бичдэггүй байсан.
Баримт 7. Нийслэл хотын агаарын бохирдлыг бууруулах тухай хуулийг би Ерөнхийлөгчийн хувьд санаачилна гэж гуйж байж би эрхийг нь авч, хэлэлцүүлж байсан. Тухайн үед надад ингээд явах төсөв, шаардлага ч байгаагүй. Гэхдээ манлайлал үзүүлэх хэрэгтэй байсан юм.
Баримт 8. Одоо бид сэрж байгаа юм биш ээ. Утааны асуудал үргэлж миний сэтгэл зүрхэнд байсан.
Баримт 9. Утааны гамшиг бол монголчуудын өөрсдийн тарьсан гамшиг. Үүнийг ойлгооч. Утааг гаргаж байгаа зуухны ард тоо суугаагүй хэн нэгэн хүн сууж байгаа. 120 мянган өрх, айл гээд тоо яриад байгаа. Тэгвэл өнөөдөр энэ бүх хүмүүс сэтгэл нь өвддөг байх хэрэгтэй болъё.
Баримт 10. Хэвлэл мэдээллийн хэрэгслийн эмч нарыг муулаад суугаад байхын үүнийхээ оронд дуудлага хүлээж авдаг болчих л доо. Хэцүү байгаа юм уу. Ер нь утаа их гаргаад байгаа зүйл түлж байгаа хүмүүсийг бүртгээд олонд илчлээд өгчих. Тэгвэл алдаагаа засдаг болно.
Баримт 11. Утааны асуудал шийдэхийн аргагүй асуудал ерөөсөө биш. Зөвхөн нүүрсэн дээр ажиллахад л Улаанбаатарын утааны асуудал арилна. Сэтгэл зүрх гаргаад л хийвэл энэ бол шийдэгдэхгүй асуудал биш. Үүнийг сэтгүүлчид шаардахгүй, олж харахгүй байна шүү дээ.
Баримт 12. Улаанбаатарын утаа гамшгийн түвшинд хүрсэн гэдгийг хүлээн зөвшөөрье. Тэгээд онцгой горимоор ажиллах хэрэгтэй боллоо. Гамшгийн бүсэд ардчилал ярих хэрэггүй. Тодорхой эрхүүд хязгаарлагдаж, үүрэг биелүүлэхгүй бол шийтгэл хүлээлгэдэг болгоно.
Баримт 13. Гамшгийн бүсээс нүүдэг, иргэдээ энэ аюултай орчноос нүүлгэдэг байх ёстой. Би Улаанбаатар хот амьдрахад таатай, сайхан хот гэж хэзээ ч хэлж байгаагүй. Харин Улаанбаатар амьдрахад аюултай хот боллоо. Тиймээс Улаанбаатар руу битгий зүглээрэй гэдгийг долоон жилийн өмнө хэлж байсан.
Баримт 14. Авлига Монголыг муухай харагдуулдаг байсан бол одоо утаа Улаанбаатарыг муухай харагдуулдаг боллоо. Тиймээс ч хөрөнгө оруулагчид энд ирэхгүй байна. Өөрөөр хэлбэл Улаанбаатар үр ашиггүй, ирээдүйгүй хот болчихсон байна.
Баримт 15. Улаанбаатарын утааг цэвэршүүлэх мод нь хүртэл шүүж чадахгүй болчихсон байна. Өнгө нь ногоон болохоос үхчихсэн л байгаа юм.
Баримт 16. Шүүмжлэлийг хүлээн авч байна. Гэхдээ би түрүүн хэлсэн бие биенийхээ ажлыг үгүйсгэх хэрэггүй. Утааг бууруулах санаачлага гарсан бол бүгдээрээ дэмжээд явъя. Гэхдээ нэгнийхээ хийж байгаа, хийнэ гэж байгаа зүйлийг шүүмжлээд байдгаа болье.
Баримт 17. Айл бүхэн, хүн бүхэн утааг арилгах асуудалд хувь нэмрээ оруулах хэрэгтэй. Би гүтгүүлж, шүүмжлүүлж сурсан. Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороо, УИХ дахь Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуй байнгын хороо, иргэд агаарын бохирдлыг бууруулахад хамтран ажиллах хэрэгтэй.
Баримт 18. Хамгийн түрүүнд Синьхуа агентлаг мэдээлсэн. Лондон хотод байдаг Цэвэр агаар гээд төв байдаг. Тэндээс шууд утасдсан. Энэ санаачлагыг дэмжиж, хамтарч ажиллая гэсэн. Манай төр засаг үйл ажиллагааны тэргүүн чиглэл болгоод, ач холбогдол өгөөд явах хэрэгтэй байна.
Баримт 19. Үндэсний хороо алдаатай оноотой ажлууд явагдсан. Гэхдээ алдаатай ажлууд байсан гээд тэр бүх ажлыг зогсоож болохгүй. Төр засгаас зөвлөмж гаргалаа. Одоо системтэй ажиллах хэрэгтэй байна. Төлөвлөгөө системтэй ажил явагдаж байж үр дүнд хүрнэ.
Баримт 20. Улаанбаатар хотод заавал амьдрахгүй байх нөхцөл нь орон нутагт амьдрах гэдэгтэй санал нэгдэж байна.
Баримт 21. Улаанбаатарт амьдарч байгаа иргэдийн ихэнх нь хөдөө орон нутгаас орж ирсэн, нутаг устай, сумаас ирсэн хүмүүс байдаг. Тэр хүмүүс сумандаа эргээд очиж амьдарч болно. Сумандаа би ийм юм хийж чадна гээд хүмүүс нэгдээд хамтарч ажиллаж болно.
Баримт 22. Хүндрэл гэж ийм юм байдаг байхгүй юу. Өөрийгөө магтсан, өөр хүмүүсийг шүүмжилсэн зүйл ярьсан бол уучлаарай.
Баримт 23. Утаан дээр улстөржилт хийхээ болье. 13 удаа зөвлөмж шийдвэр тэмдэглэл гаргаж, 5 удаа хуралдаж байсан.
Баримт 24. Өнгөрсөн жилүүдэд жилдээ нэг удаа ярьж байсан бол уучлаарай. Цаашдаа улирал бүр сар бүр ярьж байна. Хавар, намрын чуулганаар заавал утааны асуудлаар хэлэлцэж ярьж байя. Ямартай ч ээлжит бус чуулганыг зөвхөн энэ сэдвээр хуралдуулъя гэж байгаа.
24tsag.mn
URL: