Хохь нь болж байна даа
Монгол Улс дэлхийн хамгийн хүчирхэг хоёр их гүрний дунд хавчуулагдсан азгүй, бас азтай улс. Уг нь хоёр талд байгаа энэ том хоёр гүрнийг эдийн засгийн боломж талаас нь ашиглаж чадвал манайх азтай улс шүү дээ. Дээрээс нь Монгол Улсын газар нутаг тун онцлог. Ази, Европыг холбох хамгийн дөт зам гэх мэтээр хараад үзвэл. Харамсалтай нь манайх 20 гаруй жил хоосон улстөржиж суусаар бүх боломжийг алдлаа.
Өнөөдөр Монголд ирэх сонирхолтой хөрөнгө оруулагч ч гэж алга. Саяхан УИХ-ын дарга М.Энхболд ярьж байсан. Гадны хөрөнгө оруулагчдын ихэнх нь Монголын хяналтын байгууллагуудын дарамтаас болж “үргэсэн” гэсэн судалгааны дүн гарсан талаар. Мөн гадаадын хөрөнгө оруулагчид Монголоос биш манай дарга нарын “Надад ямар ашигтай юм, хэдэн хувийг нь өгөх вэ” гэдэг шуналаас зугтсан гэдэг онч үг ч гараад байгаа.
Ерөөсөө сүүлийн жилүүдэд төрд гарсан эрх мэдэлтнүүд, дарга нар хий улстөржиж, хэрэлдэж, өөрийнхөө эрх ашгийг нэн тэргүүнд тавьж, олон ажлыг унагаж, нураасан. Түүний “ачаар” өнөөдөр хоёр хөрш манайхыг зүгээр л “жийж” орхиод байна.
Тухайлбал, Оросоос байгалийн шатдаг хийг Хятад руу дамжуулах асуудал яригдаж эхэлсэн цагаас Монголоор хоолойг нь явуулах талаар яриа гарсан. Баруун чиглэлээр дамжуулах хоолойны асуудал л даа. “Баруун чиглэл”-ээр гэдэг нь 2006 оноос хойш яригдаж байгаа “Алтай” нэртэй хий дамжуулах хоолойг байгуулах дамжуулах юм. Энэ хоолойг тавих тухай Орос, Хятад хоёр бараг арав орчим жил ярилцаж байгаад барихаар нэгэнт тохиролцоонд хүрсэн.
Мэдээж манайх яаж боломжийг зүгээр алдах билээ, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шатдаг хийн хоолойн Хятад хүрэх хэсгийг Монголын нутгаар тавихын давуу талыг “зардал бага” “аюулгүй байдал”, “товч зам” хэмээн тодорхойлж, Оросын Ерөнхийлөгч Путиныг манайд айлчлахад хэлж байлаа. Ерөнхийлөгч Путин тухайн үедээ манай даргын энэ саналд ямар нэг тайлбар хийлгүй дуугүй өнгөрсөн.
Тэгээд л хийн хоолой манайхыг дайралгүй, баруун талаар яваад өнгөрөх нь. Уг нь манайхаар дайруулбал хамаагүй ойрхон, үнэ хямд гээд давуу тал ихтэй. Гэвч тэд энэ бүхнийг тоосонгүй. Мөнгөө хэмнэхгүй гэсэндээ биш, манай улстөрчдийн хариуцлагагүй байдал залхаасан учраас тэр. Дөрвөн жил тутамд сонгууль болдог ч засаг нь нэг хоёр их л бол дөрвюөн жил болоод солигддог. Нэг шинэ хүн гарч ирээд, өмнө нь хийсэн бүхнийг үгүйсгэж, арчдаг.
Уялдаа холбоо байдаггүй. Хамтарч ажиллахаар тохиролцоонд хүрсэн ч хийж чаддаггүй. Улстөржилт нь хэрээс хэтэрчихсэн. Өндөр албан тушаалтнууд нь хувийн амбиц ихтэй, амин хувийн эрх ашгаа нэгдүгээрт тавьдаг. Энэ бүхнээс залхаад хоёр хөрш зугатаж байна. Үгүй ээ, бод доо. Сая УИХ-ын даргыг Орост очих үеэр ямар хатуу үг шидэж байсан билээ. Хариуцлагагүй гэдгийг улалзтал хэлээ биз дээ. Тэгэхдээ монголчууд гэж тодотгож байгаад дурьдсан.
Өндөр дээд албан тушаалтай хүний албан ёсны айлчлал болохоор хамгийн зөөлнөөрөө хэлсэн нь тэр байх. Түүнээс биш зад загнамаар санагдсан биз, Оросын талынхан. Япончууд яаж байна. Манайхныг байнга уриалгахан хүлээж авдаг, тусалдаг, дэмждэг. Гэтэл одоо манай дарга нарын элий балай байдлаас залхаж байна шүү дээ. Хятад ч гэсэн хатуурхаж эхэллээ. Энэ бүхэн юунаас болов, манайхны хариуцлагагүй байдлаас, дахин хэлэхэд.
Нэг засаг солигдоод, дарга нь өөрчлөгдөөд л гадагшаа айлчлал нэрээр явдаг. Орос, Хятад, Япон руу ихэнхдээ явдаг. Тэгээд л хамтарч ажиллах гэрээ байгуулаад, санамж бичигт гарын үсэг зураад л давхичихна даа. Худлаа хэлсэн хүнд аль 10 жилийн өмнө байгуулж байсан гэрээгээ л дахин дахин очиж хийгээд байгаа юм шиг л ажилладаг. Өмнөх ажлынх нь үр дүн гардаггүй, хийдэггүй. Шинэ дарга нь өмнөхийнхөө ажлыг үгүйсгэдэг, үргэлжлүүлдэггүй. Шинэ юм яриад л туучихна.
Энэ бүхэн манай улсыг хөсөр хаягдахад хүргээд байна. Үнэндээ хохь нь болоод байна даа. Зарим хүмүүс “Орос, Хятад хоёр угаасаа л манайхаар юугаа ч дайруулахгүй. Манай улстөрчид үүнийг нь мэддэг ч зүгээр л дайруулна гэж худлаа шоу хийгээд байгаа юм” гэж яриад байгаа. Нэг талаараа үнэн ч байж болох. Гэхдээ л манайхнаас өөр өөдтэй хүмүүс байсан бол яаж ийж байгаад төмөр замаа болъё гэхэд хийн хоолойг Монголоор дайруулах талаас нь ажиллах л ёстой байсан. Ажиллаад, зүтгээд, Монголоор дайруулах л байсан юм.
Гэвч чадсангүй, манайхан. Хий л улстөржөөд, сүртэй сүртэй юм яриад байхаас өөрийг хийхгүй байна. Одоо Орос, Хятадыг холбосон дэлхийн жишигт нийцсэн хурдны зам тавьчихвал гэх яриа гараад байгаа. Бас л зөв санаачилга. Манайх өөрөө хөрөнгө мөнгөнийхөө асуудлыг шийдээд, ямар ч хамаагүй аргаар Хятадын хилээс Оросын хилд тултал хурдны зам тавьчих хэрэгтэй шүү дээ. Хэрвээ тэгвэл Ази, Европыг холбосон хамгийн дөт зам манайх болно. Эдийн засгийн өндөр ач холбогдолтой. Зам дагаад үйлчилгээний газрууд бий болно. Улсын орлого нэмэгдэнэ. Юу эсийг тоочиж барах вэ дээ. Гол нь хийх, ажил хэрэг болгох л хэрэгтэй байна.
Тэгэхгүй дөрвөн жилд хэрэлдэж хэрэлдэж, дарга болсон нь баяжиж, баахан хувь хүртчихээд буугаад явчихдаг. Дараагийнх нь гарч ирээд яг тэр замаар нь замнадаг. Өмнөх ажлаа үгүйсгэдэг, байнга тогворгүй байвал яаж өөдлөх билээ дээ. Хөрш орнууд, гадаадын өндөр дээд албан тушаалтнууд бүр аргаа барж, сүүлдээ хэлж байна шүү дээ. Хариуцлагагүй байдлаа л боль гэж. Энэ дөрвөн жил дахиад л бид баахан мөрөөдөл ярьж, орон болгонд айлчилж, шинэ хамтын ажиллагааны санамж бичиг байгуулаад л өнгөрвөл хөөрхий л болох байх даа. Орос, Хятад хоёр лав манайхаас гадуур бүх зүйлээ хийгээд дуусах нь.
Н.Пунцагболд
Монголын мэдээ
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
БОЛЬЁ ОО