“Хера фүүдс” компанийг Баянголын цагдаагийн хэлтэст шалгаж байна

“Хера фүүдс” компани хугацаа нь дууссан “Hite” шар айрагны үйлдвэрлэсэн он сарыг хуурамчаар үйлдэж зардаг болох нь тогтоогджээ.

“Hite” брэндийн шар айраг импортлогч “Хера фүүдс” компанийг Эрүүгийн цагдаагийн газраас шалгаж эхэлсэн талаар бид мэдээлсэн. Тэгвэл “Хера фүүдс” компанид холбогдох хэрэг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст шилжжээ. Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар “Хера фүүдс” компани хугацаа нь дууссан их хэмжээний “Hite” шар айргийг зах зээлд нийлүүлсэн байна.

“Хера фүүдс” компанийнхан БНСУ-аас оруулж ирсэн шар айрагных нь хугацаа дуусахад үйлдвэрлэсэн он сарыг дарж, хуурамчаар үйлдэн, хаяг шошгыг нь өөрчилж зардаг болох нь тогтоогджээ. Луйврын шинжтэй энэ­­хүү хууль бус үйл ажил­лагаа нь илрэх үед Эрүү­гийн цагдаагийн газрын ажилт­нууд есдүгээр сарын 28-нд Баянгол дүүргийн тавдугаар хороо, Гурвалжингийн гүүр­ний хажууд байрлах “Хера фүүдс” компанид шалгалт хийсэн юм. Шалгалтын яв­цад тус компанийн агуу­ла­хаас хуурамч он сартай их хэмжээний “Hite” шар айр­гийг худалдаалахаар хад­галж байсан нь илэрчээ. Энэ дагуу тус компанийн нярав, нягт­лан зэрэг удирдах албан тушаалт­нуудыг баривчилж, бай­цаалт мэдүүлэг авсан байна. Иймд тус компанийг хэзээнээс хуурамч он сартай шар айраг зарж, хичнээн аж ахуйн нэгжид хэдэн төг­рөгийн хохирол учруулсан бо­лохыг тогтоохоор Баянгол дүүргийн цагдаагийн хэл­тэст шалгаж байгаа юм. Компа­нийн зү­гээс хуу­рамч шар айраг зах зээлд ний­лүүлэх болсон шалт­гаанаа их хэмжээний шар айраг бор­луу­лалтгүй үлдэх гээд бай­сан хэмээн тайл­бар­ладаг аж.

“Хера Фүүдс” ХХК нь 2008 оноос хойш БНСУ-ын “Hite Brewery” компанийн бараа бүтээгдэхүүнийг им­порт­олж, Монголын зах зээлд нийлүүлдэг болжээ. Ингэс­нээр Улаанбаатар хот болон 21 аймагт өөрийн түгээлтийн сув­гаар дамжуулан хүнс бо­лон ахуйн хэрэглээний ба­раа бүтээгдэхүүнээ худал­даал­даг юм байна. Тэгэхээр хэрэв энэ хэрэг илрээгүй бол “Хера фүүдс” компани хугацаа нь дууссан шар айргаа үргэлж­лүүлэн худалдаалж, хичнээн хүний амь нас, эрүүл мэндэд ноцтой аюул учруулах байс­ныг таахад бэрх. Хэдхэн төг­рөгийн ашгийн төлөө хугацаа нь дууссан шар айраг нийлүүлж байсан “Хера фүүдс” компанийн захир­луудыг үргэлжлүүлэн шал­гасаар байгаа юм. Одоо­гоор тус компанийн энэ явуур­гүй үйл ажиллагаанаас болж хичнээн иргэн, аж ахуйн нэгжид хэдэн төгрө­гийн хохирол учирсан нь то­дор­хойгүй байна.

Бид энэ хэргийн талаар “Хера фүүдс” ХХК-ийн дарга нартай нь холбогдоход “Ийм асуудал байхгүй. Хугацаа нь дууссан шар айраг зарсан гэ­дэг ташаа мэдээлэл” хэ­мээн мэлзэж, ба­раг цагдаагийн байгуул­ла­га худал мэдээлэл цацсан гэх ухааны юм ярив. Хууль хяналтынханд шалгагдаж байгаа энэ хэргийг үгүйсгэж суугаа “Хера фүүдс” ком­панийнханд хугацаа нь дуус­сан шар айраг худал­даа­лах нь тийм ч сүр бадраагаад байх зүйл биш аж. Гэтэл ху­га­цаа нь дууссан шар айраг хүний биед ходоодны шарх­лаа үүсгэхээс эхлээд амь насанд нь хүрч ч болох бай­сан гэдгийг албаныхан хэлж байв.

“Хера холдинг” компа­нийн охин компани болох “Хера фүүдс” ХХК-ийн үйл ажиллагаа эрхэлсэн за­хир­лаар Н.Уянга гэгч ажил­ладаг юм байна. Харин тол­гой компани болох “Хера хол­динг” компанийн дэд захир­лаар Ц.Эрдэнэбаяр гэх залуу ажилладаг гэнэ. Мэ­дээж нэг эзэнтэй компани учраас охин компанийнх нь луйв­рын шинжтэй үйл ажил­лагаа “Хера холдинг” ком­панийн удирдлагуудад ч хамаатай. Импортын хугацаа нь дууссан шар айрагны шош­гыг солино гэдэг маш том хууль бус үйлдэл. Ий­мээс магадгүй “Hite” шар айраг­ны шошго солих ажлыг “Хера холдинг” компанийн захирлууд мэддэг байхыг ч үгүйс­гэхгүй.

“Хера холдинг” дотроо “Хера фүүдс”, “Блюбус” ХХК, “Хера Майнинг сер­вис” ХХК, “Хера Конст­ракшн” ХХК, “Белый мед­ведь” ХХК, “Ар зам” ХХК, “Ремикон” ХК, “Хера Экуйпмент” ХХК, “Хера Инвестмент” ХХК гэсэн 11 салбар компанитай юм билээ. Ямартай ч их хэмжээний хугацаа нь дууссан “Hite” шар айраг нийлүүлэгч “Хера фүүдс” ХХК-ийн хууль бус үйл ажиллагааны ул­маас хич­нээн иргэн, аж ахуйн нэг­жид ямар хохирол учирсан талаар бид эргэн мэдээлэх болно.


URL:

Сэтгэгдэл бичих