Б.Гангаамаа: Антрактидад нар жаргадаггүй

1395384_1423419494553459_131270809_nДэлхийн долоон оргилд гарсан анхны монгол хүн гэдгээрээ монголчуудын хайр хүндлэлийг хүлээж байна. Эмэгтэй хүнээс ийм зориг гарч, амь дүйсэн спорттой нөхөрлөнө гэдэг тийм ч амар биш. Тэгвэл гавьяат тамирчин Б.Гангаамаа зургаан жилийн дотор дэлхийн хамгийн өндөр долоон ууланд авирлаа. 2016 онд л гэхэд л дөрвөн оргилд гарч амжжээ.

Энэ бол яах аргагүй Монголын түүхэнд бичигдэх амжилтын нэг. Ингээд түүнтэй хэсэг хугацаанд ярилцсанаа хүргэе.

-Аливаа зүйлд анхдагч болох сайхан. Ялангуяа спортын ертөнцөд бүр ч илүү. Винсон Массифийн оргилд нь гарч, төрийн далбаагаа мандуулж байхад төрсөн сэтгэгдлээсээ хуваалцана уу. Энэ асуултыг хүн бүр хамгийн түрүүнд асуудаг байх?

-Баярлалаа. Дэлхийн долоон ноён оргилд хөл тавьсан Монголын анхны уулчин болж, эх орныхоо нэрийг дэлхийд гаргасандаа баяртай байна. Анхны шанг амжилтгай татаж чадлаа. Олон жилийн мөрөөдөл маань зургаан жилийн дотор биеллээ. Өнгөрсөн жил би бүр дөрвөн ноён оргилд гарсан. Хамгийн сүүлчийн даваа нь Винсон Массиф байлаа.

-Дараагийн зорилгыг тань хамгийн түрүүнд шууд асуумаар санагдлаа?

-Амьдралдаа төдийгүй уулсын спортод нэг түүх бичлээ. Тиймээс энэ бүхнийг багтаасан ном бичих төлөвлөгөөтэй. Нэг сайн амарч аваад номын ажилдаа орно доо. Зорилгоо биелүүлэх бүрт дараагийн зорилго дахин гарч ирдэг. Тэр утгаараа цаашид шинэ шинэ зорилтуудаа биелүүлээд л явна даа.

-Нэлээд өндөр зардал гарсан?

-Тийм ээ, 48 мянган ам.доллар зарцууллаа. Гэхдээ энэ бүхэн хандиваар бүрдсэн гэдгийг тодруулж хэлмээр байна. Энэ бүхэн уулын буян шүү дээ. Хүмүүс надад итгэж энэ их хандивыг цуглуулсан. Түүнээс биш эдийн засгийн хямралтаи үед ийм их хэмжээний мөнгө хаанаас олдох билээ. Хүмүүс надад итгэх болсон шалтгаан нь ерөөсөө уул. Тэгэхээр уул намайг тэжээж байна.

-Хүйтэн тивд очсон хүнээс сонин сайхныг нь сонсохгүй өнгөрөөж яаж болох билээ. Та хуваалцаач?

-Хэчнээн сайн мэргэжилтэн байлаа ч өндөр уулын оргилд гарч, шинжилгээ хийх боломжгүй. Ялангуяа Винсон Массиф зэрэг оргилд гарахад бүр ч хэцүү. Адаглаад зардал ихтэй. Тиймээс ЦУОШХ-ийнхэнд тус дэм болох зорилгоор би анх Байгаль орчны яаманд санал тавьж судалгаа хийхийг хүссэн юм. Мөсөн голоос Винсон Массифын оргил хүртэл цаг уурын хэмжилт хийж, кэмп бүрээс цасны дээж авсан. Түүнийгээ хүлээлгээд өгчихлөө. Түүнчлэн мөсөн тивийн бэлгэдэл оцон шувуугай таарч, зургаа авахууллаа. Үнэхээр жижигхэн шувуу байдаг юм байна. Уг нь хөтөлбөр ёсоор антрактидгай танилцах аялалтай байсан ч би уулнаас буусны дараа ядраад гурав хоног унтсан. Ингээд арга хэмжээнээс хоцорсон доо. Уг тив маань маш хуурай. Тэнд ямар ч чийг байхгүй. Яагаад гэвэл тэнд ногоон ургамал гэж байхгүй. Мөн бороо орж байж, эсвэл цас хайлж гэмээнэ чийгтэй болно шүү дээ. Гэтэл тэнд тийм нөхцөл байдал байхгүй. Цас орно, хайлна гэж байхгүй. Цас ороод хөлдөөд, хунгарлаад, мөс болоод байна. Дээрээс нь нар жаргахгүй. Байнга нар гарна. Тийм учраас дэглэм нь их өөр. Анх оччихоод хөтчөөсөө “Өглөөний цай хэдэн цагт вэ” гэж асуулаа. Бусад ууланд авирахад өглөө эхлэх цаг их эрт байдаг. Цас зөөлөрч, нуранги буухаас өмнө явдаг. Түүнтэйгээ адилхан юм бодоод л асуухгүй юу. Гэтэл 13:00 цагт гэж байна. “Өдрийн хоолны цаг биз дээ” гэсэн чинь 18:00 цагт өдрийн хоол иднэ гэсэн. ‘Тэгвэл орой хэдэн цагт хоолоо идэх юм бэ” гэтэл шөнийн 23:30-01:00 цагийн хооронд гэж байна. Яагаад гэвэл нар огт жаргадаггүй учраас тэгж зохицуулдаг юм билээ. Сая миний явсан үе бол Антарктид тивийн хамгийн дулаахан цаг. Манайхаар бол долдугаар cap гэсэн үг. Өдөржин нар төөнөөд, шөнө дунд 03:00 цагаас хойш нар жаахан тонгойдог юм билээ. Тэр үед унтаж эхэлдэг. Өглөө 11:00 цагийн үеэс нар хөөрч, дулаардаг. Тэр үед нь босдог, тэгээд 13:00 цагийн үед цайгаа уудаг дэглэмтэй юм билээ. Би чинь гурван цагийн бүсийг дамжиж явсан. Монголоос Чилид, дараа нь Алтаркгидын бүсэд очсон. Сүүлдээ бүр учраа олохоо больсон. Нэлээд хэцүү байсан. Антарктид тив мөсөн ангалаар дүүрэн. Тиймээс бидэнд маш их сануулга өгч байлаа. Онгоц буух талбайг хүртэл онцгойлон засдаг юм билээ. Тэмдэглэгээгүй газар буух юм бол цөмрөх аюултай.

-Та оргилд гарахын өмнө айдаг уу?

-Айдсаа л даван туулахгүй бол оргилд гарч чадахгүй шүү дээ. Тиймээс эх орноосоо мордохдоо л айдсаа давсан байх хэрэгтэй. Хамт явсан уулчид амь эрсдэх зэрэг харамсалтай үйл явдал олон тохиолдоно. Мэдээж тэр үед айдас төрөлгүй яах вэ. Гэхдээ ухарч, няцалгүйгээр авиралтаа үргэлжлүүлэх сэтгэлийн хэнхээтэй байх хэрэгтэй. Ер нь олны төлөө гэсэн сэтгэлтэй, олонтойгоо явахад үйлс их сайхан бүтдэг. Би 2013 онд “Алуурчин уул” гэгддэг далайн төвшнээс дээш 8047 метрийн өндөрт орших Броуд пик оргилд авирсан юм. Тус оргилд надтай хамт 67 уулчин авирсан ч харамсалтай нь гурав нь эндсэн. Гурвуулаа манай багийнх. Би авиралтаа шууд зогсоогоод тэр гурван уулчны амийг аврахын төлөө хичээсэн. Харамсалтай нь намайг очихоос өмнө нас барчихсан байлаа. 8000 метр өндөр бол үхлийн бүс. Тэнд хэнийг ч тусалсангүй гэж гомдоллох эрх ямар ч уулчинд байхгүй. Уулын спорт ийм л харгис, хатуу.

-Оргилоос оргил өөд авирах, бүр том зорилго өмнөө тавих урмыг та юунаас авдаг вэ?

-Өндөр, нам гэлтгүй уул бүхэнд авирахдаа шинэ зүйл сурч, ухаардаг. Авирсан, оройд нь гарсан оргилд бүхэндээ би хайртай. Уул бүхэн миний багш. Оргилд гарах бүрт миний мөрөөдөл, зорилго алхам алхмаар биелж байна гэсэн үг. Тиймээс тэр хэрээрээ бүр их урам авдаг. Сайхан сэтгэлтэй ард түмэн, ах дүү, гэр бүлийнхэн маань намайг үргэлж хөглөж, ирлэдэг. Магтаал, шүүмжлэл хоёр хоёулаа хүнд байх хэрэгтэй. Шүүмжлүүллээ гээд өөрийгөө хурцалж, магтууллаа гээд урамшиж явах сайхан шүү дээ. Гэхдээ үргэлж магтуулж эсвэл шүүмжлүүлж болохгүй. Магтуулаад байвал нэг өдөр бүдэрч унана. Харин шүүмжлүүлээд л байвал урам хугарна шүү дээ.

-Таныг явахын өмнө гэр бүлийн талаар асууж байсан даа. Одоо бүх зорилгоо биелүүлсэн юм чинь энэ талаар бодож эхэлсэн үү?

-Одоогоор бодох зав гараагүй байна. Ирээд хэвлэлийн хурал, ивээн тэтгэгчдийн уулзалт, салбарын удирдлагуудын хүлээн авалт гээд өдөр алгасахгүй арга хэмжээтэй яваа. Өнөөдөр /өчигдөр/ гэхэд салбарын сайд болон миний харьяалагддаг байгууллага маань хүлээн авч уулзлаа. Би өмнөө тавьсан олон зорилготой. Тэдгээрийнхээ ард гарсныхаа дараа бодох л байх. Үүнд бол санаа зоволтгүй ээ. Хэзээ нэгэн цагт гэр бүлтэй болох нь тодорхой.

-Оргил дээр гарчихаад хамгийн түрүүнд юу боддог вэ?

-Оргил дээр удаан байх нөхцөлгүй. Мэдээж тухайн үед их ядарсан байна. Мөн тэр оргил дээр гарснаа баталгаажуулахын тулд хурдан зураг авах ёстой. Мөн аль болох ивээн тэтгэгч байгууллагуудынхаа далбааг баримтжуулах гээд ажил их л дээ. Элдвийг бодох зав байдаггүй гэх үү дэз.

-Оргилд авирах, буух хоёрын аль нь хэцүү вэ?

-Хүмүүс янз бүр ярьдаг. Зарим нь гарахаасаа буух нь илүү хүнд гэж. Үнэндээ бол гарах нь хүнд. Гарахын тулд маш их хүч зарцуулсан учраас бие сульдана. Тиймээс авирах нь илүү хүнд санагддаг.

-Шантрах үе байсан уу. Бэрхшээлийг яаж давж байсан бэ?

-Надад шантрах үе байсангүй. Үнэндээ бол авирахын өмнө мөнгө төгрөг, вэюэн тэтгэгч олдохгүй үед л гомдмоор байдаг. Мэдээж өндөр зардал гаргаад явахад хэн дуртай байх билээ. Бүтэлгүй хариу сонсох тэр мөчид л хэцүү. Харин эх орноосоо мордоод онгоцонд суух үеэс хойш бол шантрана гэж байхгүй дээ. Нэг удаа Эверестэд авирч байхдаа авиралтаас буцаж яваа уулчдын машины тоосыг хараад “Би хэзээ эх орон руугаа ингэж буцах бол” гэж гэгэлзсэн бодол төрж байсан. Тэр бодлыг эс тооцвол надад шантрах үе гарсангүй. Эцэст нь хэлэхэд, миний 20 гаруй жилийн авиралт хэзээ ч зугаалга байгаагүй. Би өөрийн спорт, ууландаа маш их хайртай. Тиймээс надад зорилго байсан түүндээ алхам алхмаар хүрэхийг хичээж явна. Түүнийхээ төлөө тамирчны амьдралаар амьдарч, нэгэн цаг дор амжиллын төлөө дэндүү ихээр хөдөлмөрлөсөн. Мөн миний амжшгг Монголын төр засаг, ард түмэнтэй салшгүй холбоотойг дахин хэлэх хэрэгтэй бөгеөд баярлаж явдаг. Харин энэ бүхэн төрөөс ямар нэг хангамж, шагнал урамшил нэхэх, үндэслэл болохгүй. Хэн ч, хаана ч байсан “Монгол” гэдэг нэрний төлөө сүүлийн амь амьсгалаа зориулах биз. Миний сэтгэл зүрх түүнтэй агаар нэг. Түрүүлж хийсэн нь би болохоос биш хэн нэгэн, хэзээ нэгэн цагт миний гаргаж байгаа амжилтыг гаргах л байсан. Дэлхийн хаа нэгтээ монгол хүн сайн явах, амжилт гаргах, бас муу явах нь эх орны нэртэй аль ч талаараа холбоотой байдаг гэдгийг явсан бүх газартаа мэдэрч ирсэн. Тиймээс эх орны маань хувь заяа монголчууд бидний гарт шүү. Бид зорилготой түүнийхээ төлөө шудрага хөдөлмөрлөж, хөгжил дэвшилд хүрэх, нэр хүндээ өсгөх хэрэгтэй гэж боддог.

 

Б.МӨНХЗУЛ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/


URL:

Сэтгэгдэл бичих