Долдугаар хорооллыг тойрсон холион бантан
Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт долдугаар хорооллыг шинээр барьж байгуулах ажил өнгөрсөн хавраас эхэлж яригдсан. Харин одоо тухайн бүсэд аж төрдөг гэр хорооллын айлуудыг нүүлгэн шилжүүлж, газар чөлөөлөх ажил ид өрнөж байна.
Энэ бүхэн нь Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаярын төлөвлөсөн ажлуудын нэг. Энэ ажил нь бүтэмжтэй, айлууд ч түүний гаргасан захирамжийн дагуу толгой хорогдох байшин, барилгаа буулгаж, газраа чөлөөлж эхэлжээ.
Өгөхөөс ч аргагүйд хүргэсэн нэгэн зүйл бол Г.Мөнхбаярын тушаалыг хэрэгжүүлэгчид хэмээн Сүхбаатар дүүргийн есдүгээр хорооны оршин суугчид бухимдуу байгаагаа хэлэв. Төслийг хэрэгжүүлэгчид ойрд тэр хавийн айлуудад амар заяа үзүүлэхээ больсон юм байх.
Өдөр бүр өглөөнөөс орой болтол тэр орчмын айлуудаар эргэлдэж, хэзээ нүүж газраа чөлөөлөхийг ойр ойрхон шалгаадаг нь иргэдэд түвэгтэи санагддаг гэнэ. Үүнээс болж айлууд арга буюу нүүж эхэлжээ.
Уг нь ч тэр хавийг чөлөөлж томоохон хороолол барьж, байгуулахаар болсон нь буруутгах зүйл биш. Улаанбаатар хотыг бусад улсын нийслэл адил өөрчилж шинэчилье, өнгө төрхийг нь засъя гэвэл монголчууд нүүдлийн соёлоосоо салж, гэр хорооллуудыг орон сууцжуулахаас өөр яах вэ.
Мэдээж цаана нь хот тохижилт, зам засвар гээд Улаанбаатарыг өөдөн татах олон асуудал ар араасаа ундарч л таараа. Энэ бүхнээс илүүтэй шинэ хорооллыг барьж, байгуулах ажлын хажуугаар ашиг хонжоо хайж, ард түмнээр тохуурхах байдал газар авсныг иргэд ам булаалдан ярьж байна.
Ажлын явц гаднах байдлаасаа урагштай, газраа чөлөөлсөн айл бүр хүссэн орон сууцандаа орж энх тунх аж төрж буй мэтээр харагдах ч үнэндээ бодит байдал тийм биш юм байна.Энэ талаар сурвалжлахаар Сүхбаатар дүүргийн есдүгээр хорооны айлуудыг зорилоо.
Тэр хавийнхан хэдийнэ нураасан хашаа, байшингийн нуранга, хөл тавих зайгүйгээр хогонд “дарагджээ”. Долдугаар хорооллыг барьж, байгуулах төслийнхөн иргэдийн эзэмшлийн газрын нэг мкв-ыг 100 мянган төгрөгөөр үнэлэх үнэ ханш тогтоосон байна. Гэтэл нэгхашаанд 2-3 айл амьдардаг.
Тэр газрыг гурван айл хамтран эзэмшдэг байтал тэдний дунд 40 мкв зай талбайтай хоёр өрөө байрнаас хоёрыг л олгожээ. Ингээд гурван өөр ам айл эхнээсээ нэг дор толгой хорогдох болсноо Сүхбаатар дүүргиин есдүгээр хорооны оршин суугч Даваадолгорынх хэлэв.
Долдугаар хорооллыг тойрсон холион бантан үүгээр дуусахгүй. Иргэдийн эхнээсээ гомдоллож, эсэргүүцлээ илэрхийлмэгц төсөл хэрэгжүүлэгчид өөр нэг арга заль сэджээ. Тэр нь чөлөөлсөн хашаан дотор баригдсан байшинг нэмж үнэлэх явдал. Хүсвэл иргэд үнэлэгдсэн тэр байшингаа буулгаж, мод, тоосго, блок гээд өөрт хэрэгтэй бүхнээ авч болно.
Хэдий ийм захирамж гарсан ч гэр хорооллын айлуудын хувьд монгол гэрт аж төрдөг нь түгээмэл юм. Тиймээс айлууд тэр бүр орон сууц авч чадахгүйд хүрээд байгаа ажээ. Ингээд гарт орсон газар чөлөөлснийхөө хэдэн төгрөгийг “арын хаалга”, танил талтай нь авч өөр дүүрэгт мөн л хашаа, байшин авч суурьшиж эхэлжээ.
Тодруулбал газраа чөлөөлсөн иргэдэд бэлэн мөнгө олгохгүй байхаар амласан нь иргэдийг дүн өвлийн хүйтэнд толгой хорогдох газаргүй болгоход хүргэсэн бололтой. Иргэд ном журмаараа байраа авъя гэхээр чөлөөлсөн газрынхан үнэлгээ зах зээлийн ханшнаас хэт доогуур байгааг иргэн Д.Гомбосүрэн хэлсэн.
Тэрбээр өмнө нь жижиг, дунд бизнес эрхлэхээр хашаа, байшингаа банкинд 20 сая төгрөгөөр барьцаалж байж. Харин “долдугаар хороолол” төслийг хэрэгжүүлэгчид Д.Гомбосүрэн болоод тэр орчмын айлуудын энэ мэт үл хөдлөх хөрөнгийг талд нь ч хүрэхгүй үнээр үнэлэх болжээ.
Ингээд энэ мөнгөөрөө юун орон сууц авахдаа манатай. Хоосон хашаа ч олдохгүй байгааг учирласан юм. Гэр хорооллыг орон сууцжуулах аян энэ мэт бодитой үр дүнд хүрч чадахгүй байгаад иргэд шүүмжлэлтэй байна.
Орон сууц гэснээс одоогоор газраа чөлөөлж буй Сүхбаатар дүүргийн есдүгээр хорооны айлуудад зөвхөн “Эко” констракшны барьсан барилгыг шахах болжээ. Тухайн барилгууд чанаргүй, дээр доторх зохион байгуулалт муутай, үнэтэй гээд иргэд таашаахгүй байгаа гэсэн.
Анх төсөл хэрэгжиж иргэд газраа чөлөөлж эхлэх үед мкв нь нэг сая 250 мянган төгрөг байсан “Эко”-гийн байрны үнэ ханш өнөөдөр мкв тутамд нэг сая 350 мянган төгрег болж өсчээ. Энэ бүхэн нь иргэдийг цөхрүүлэхэд хүргээд байгаа юм байна.
Энэ үеэр Сүхбаатар дүүргийн есдүгээр хорооны оршин суугч Н.Батчулуунтай тааралдаж, цөөн асуултад хариулт авлаа.
-Та долдугаар хорооллыг барьж байгуулах ажлыг дэмжиж байгаа юу?
-Дэмжиж байгаа. Угаасаа Улаанбаатар хот гэр хорооллоос салах цаг нь болсон. Гэвч өнөөдрийн байдлаар хэрэгжүүлж байгаа арга хэмжээ нь иргэдийн сэтгэлд нийцэхгүй байна шүү дээ.
-Чухам юун таны сэтгэлд нийцэхгүй байгаа гэж?
-Бидэнд зөвхөн “Эко” констракшны барьсан орон сууцыг л ав гээд тулгаад байгаа. Бусад байрнаас сонголт хийх боломж олгохгүй байна. “Эко”-гийн байрууд чанаргүй гэдгийг хүн болгон л мэддэг биз дээ. Сүүлийн хэдэн ч жил “Эко” констракшн чанаргүй байраараа ард түмнийг хохироосныг хэвлэлийнхэн мэдээлсэн. Иргэд ч “Эко”-гийн байр гэхээр ам муутай л байдаг.
-Танайх эзэмшлийн газраа чөлөөлөх үү?
-Уг нь чөлөөл гээд байгаа. Даан ч хэт багаар үнэлсэн болохоор яахаа мэдэхгүй байна.
-Яг хэдээр үнэлсэн гэж. Танайх хэдэн мкв талбайтай хашаа, байшинд амьдардаг вэ?
-Нэг хашаанд гурван айл монгол гэрт амьдардаг юм. Хашааны маань хэмжээ ердөө 320 мкв хүрэхдээ үгүй. Барьсан байшин байхгүй болохоор газраа чөлөөлсөн мөнгө орон сууц битгий хэл өөр газраас байшин худалдаж авахад ч хүрэхгүй болчихоод байна. Тэгээд ч энэ газар гурван ч айлын нэр дээр байдаг. Тиймээс бид яах учраа олохгүй байна гэв.
Дэд бүтцийнхэн ажилд 20 тэрбум төгрөг төсөвлөгдсөн долдугаар хорооллын дүр төрх нэг иймрхүү.
Холбогдох байгууллагаас авсан мэдээллээр өнөөдрийн байдлаар 450 айл төсөлд хамрагдах саналаа өгчээ. Мөн 150 айлтай гэрээ байгуулснаас 50 айл орон сууцад орж газраа бүрэн чөлөөлсөн байна.
Долдугаар хороололд иргэдийг түр суурьшуулах 300 айлын орон сууцны барилга баригдсан ч айлууд дээр дурдсан олон шалтгааны улмаас нүүх нь бүү хэл, хашаа хороогоо ч үнэд хүргэж чадалгүй цөхрөнгөө барж сууна. Нөгөө талаас иргэд өндөр үнэ нэхэж бүтээн байгуулалтын ажилд саад хийх болжээ.
Ч.Анна
Эх сурвалж: “Нийслэл таймс”
URL: